Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хотоос цуглах цэг рүү жийж явахад нэлээд хүчтэй салхи сөрөж байлаа. Бараан өнгийн үүл хуйлран өтгөрч, алсын уулсын оройг бүрхсээр ... Аялал 9.15 цагт эхлэв. Цаг агаарын байдал, аялалд оролцохоор ирсэн гишүүдийн гутал, хувцас нь Харганын замд тун тохиромжгүй хөнгөн, нимгэн, торон байлаа. Манай баг 16 хүн (нэг бүсгүй)-тэй байв.
Яг энэ үеэр бороо орж эхэлсэнээ дороо мөндөр боллоо, хөдлөөд Гүнт рүү явж байхад бүр ширүүсч, ширхэг нь томорсоор, нэг чингэлэгийн дэргэд түр зогсоод цааш хөдлөв. Гүнтийн давааны өгсүүрт хоёр залуу гишүүний дугуйны гинж тасрав. Нэг нь заслаа, нөгөө нь буцлаа. Даваа уруудсаны дараа утсаар хотоос хоцорч гарсан хоёр гишүүн Санзай дээр байна, та нар хаа явна гэж гэж ярьлаа. Гүнт уруудаж байна гэж хэлээд холбоо тасрав.
Даваа уруудан доод дэлгүүр дээр түр амсхийв. Гүнт даваад нэг гишүүн араас нэхээд ирлээ. Бүгдийнх нь хөл, бөгс аль хэдийн норжээ. Энд манайхан гялгар уутаар оймс, гутал, шуудаг урлан хамтдаа хүчит цасан шуургыг сөрөн Жаргалант суурин руу жийлээ. Урд яваа гишүүд алсарсаар цасан шуурган будан дунд уусан алга болно, уруудах замын эргэлтээс шалтгаалан салхи чанх урдаас, хажуунаас, жишүүдүү урдаас биднийг "зодно". Зогсолтгүй урагшилсаар 11.30 цагт Жаргалант суурингийн захын дэлгүүрт хүрлээ.Энд өдрийн хоолоо идэж, ус ундаа цайгаа уулаа. Аялагчийн Ногоон тэмдгийн болзол хангасан гишүүндээ тэмдгийг нь гардуулав. Бас хувцсаа тайлж, бага зэрэг хатааж, оймсоо сольж өмсөөд 12.40 цагт 361 гарам руу хөдөллөө. Салхи араас баруун хойд талаас ташуудуу үлээнэ. Сөрөхгүй болохоор бас ч гэж дажгүй шүү. Гишүүдийн бүх унадаг дугуй норж, хойд араа мөстсөн тул нэг хүрд, нэг араагаа (Украйн дугуй болсон гэж бид ярьдаг) эргүүлэн өгсүүр урууд зохицуулан урагшилна. Өөдөөс ирэх автомашинууд хурдаа багасган хажуугаар зөрнө, зарим нь бүр бидний жийлтээр бичлэг хийчихсэн явахыг харав. Зам нойтон цасаар дүүрч, унадаг дугуйны мөрөөр зурагдана. Хараахан хөлдөөгүй ч гэлээ бас ч гэж халтиргаа гулгаанд хоёр гишүүн унасан.
361 гарамаар шууд нэвт гараад Баруунтурууны даваа руу өгсчихлөө. Дээшлэх тусам алсын бараа замхарч, замын байдал нойтон цас, ялбайсан мөсөөр хучигдаж, салхи одоо бараг л баруун талаас халз "жадлана". Үзэгдэх орчим 20 орчим метр. Хөл хорио гээд автомашины хөдөлгөөн хязгаарласан нь их дэм болж байв. Хойд араа нэмэж хөлдөн таг яг хийн гинж араагаа зууж амжилгүй алдана. Түрлээ дээ. Даваанаас уруудахад нэвт норсон гар хайрагдан, базуур атгаж мэдрэхгүй болсон байлаа. Буугаад давааны уруу түрлээ, дулаацаж байна. Жаал яваад дахин мордлоо.Пост өнгөрөөд, замын хажууд биднийг УТА С.Бадрал (177) халуун сүүтэй цай, амтат боов, хоол хүнстэй угтлаа. Эхний залуус шууд доод уулзвар дээр хүлээж байхаар тохироод уруудсан гэнэ. Халуун цай ууж, дотор орсон хүйтнээ "дарсаны" дараа хөдөллөө. Манай баг УБ хотын баруун захад 14.30 цагт ирсэн билээ. Аяллын зай 90 км (админы урамшуулал +30%)
Мөн энэ өдөр гишүүн Д.Жамьяндорж (230), Б.Жавхлантөгс (231) нар аялагч гишүүн боллоо. Мөн цуваагаа чиглүүлэн суурин газар татах үүргээ гялалзтал биелүүлсэн ШТГ Ц.Гантулга (005), хоцорсон гишүүдээ хамгаалан цоожилсон аялагч гишүүн Д.Базаррагчаа болон зуны цасан шуургатай өдөр III ба II зэргийн даваа даван няцашгүй аялсан багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Баттөмөр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1286 км |