Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Зуны сар гарсан гэдгээ сануулан, ёстой л зуны өглөө энэ өдөр айлчлан иржээ. Энэ удаагийн аяллын гараа Гацуурт суурингийн Монгол шилтгээнээс 9.00 цагт эхэллээ. Аялал нь өдрийн болон хоногийн аяллын баг нэгдэн Тэрэлж суурин хүртэл хамтдаа аялаад, дараа нь тооцсон чиглэлийн дагуу салж аялах төлөвлөгөөтэй байлаа. "Нүсэр" баг бүрдсэн шүү. Группийн маань, нэг гишүүн автомашин "дагуулан" ирж хоногийн аяллын гишүүдийн ачааг ачиж Тэрэлж хүртэл тээвэрлэх санаачлага гаргаж, энэ аялалд маш том дэмжлэг үзүүлэв. Үүний ачаар Тэрэлж сууринд хүрэх хугацаа элбэг 2 цагаар "хорогдсон" болно.
Нийтдээ 45 хүн (Тэрэлжээс 4 гишүүн нэгдээд 49 хүнтэй болсон) Их Хуандий ам өгсөн Хоёр даваа хүртэл таталт хийхгүй байхаар жийлээ. Даваан дээр 11 цаг гээд гараад ирлээ. Дурсгалын зургаа татуулж, амарч, аялагч гишүүний ногоон, шар, улаан тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулаад хөдөллөө. Дараагийн зогсоол шууд Тэрэлж. Даваа уруудан хошуу ороон Шилжрээнгийн даваа өөд зогсолтгүй урагшлах цувааг алсаас толдихуй нэгэн зорилго руу тэмүүлэх хамт олны хүч гэдэг бие биедээ ямар их хүч, дэмжлэг өгдгийг дахин ухаарч, бахархан жийж явлаа. Тэрэлж сууринд 13 цагт ирж, үдийн хоол идэн амарч, группийн админ-ууд хариуцсан аяллын хүмүүсээ бүртгээд, салья гэж салсангүй... замдаа сайн яваарай гэсэн ерөөлийн үгээр бие биедээ урам өгсөөр саллаа. Өдрийн аяллын багийнхан (28 дугуйчин) Горхийн даваа даваж, Туул голын гүүрээр гарч тахир замтай даваагаа даван, Налайх дүүрэг улмаар УБ хот руу явах, чиглэлээр амжилттай аялан 19.00 цагт аялал дууссан мэдээ авлаа. Аяллыг амжилттай удирдан, зохион байгуулсан УТА Ч.Мажигсүрэн (036), УТА С.Бадрал (177) нартаа халуун баяр хүргье.