Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #21 - ГҮНЖИЙН СҮМ 2021

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/188
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
205 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1856 м
Өндөр алдалт
-1854 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-12.9 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2021 оны 5 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

“Би манж хүн ч гэлээ монгол хүний эхнэр тул миний шарилыг урд газар аваачилгүй монгол нутаг үлдээгээрэй” хэмээн захьсан Манжийн Энх Амгалан хааны зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнж. Өөрийн төрүүлсэн хөвгүүдээ монгол сэтгэлгээтэй болгож өвөг эцэг манж хааны далд муу санаархлыг ойлгуулснээр тэд наанаа Чин улсын төлөө хэмээсэн ч цаанаа Монголын төлөө нөхдүүд болж торнижээ. Хичээнгүй амирлингуй гүнж нь Манжруу огт мэдээ дамжуулдаггүй байсан ба Дондовдорж ноёнд чин сэтгэлээсээ дурлан сууж монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд сахиж “өглөө эрт босч, шөнө орой унтаж, монгол дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан. Чингис хааны шууд удам Чахундоржийн ач хүү Дондовдоржийн их хатан Хичээнгүй амарлингуй гүнж монгол элэгтэй монгол хатан болсныхоо төлөө 1740 оны орчим хорлогдсон. Чин улсын гүнж Монголын ноёнд хатан болон ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч Монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ... Зорьсон газрын түүх товчхондоо ийм.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Д.Цолмон, Гүнжийн сүм рүү аялсан В чиглэл (131 км),
НТГ Г.Махгал, Гүнжийн сүм рүү аялсан С чиглэл (217 км)

Аялал эхлэв... Монгол нутагт оройтож ирдэг зуны эхний дулаан өдрүүдийг сонгон Төв аймгийн Эрдэнэ сум Бүрэнгийн сарьдаг Хөх чулууны голын нэгэн энгэрт байдаг Гүнжийн сүмийг зорих аялал товлогджээ. Гурван жилийн өмнө морин аяллаар очиж байгалийн сайхныг бишрэн, гүнжийн сүмийн он цагийн сорвийг харан гуниглах, харамсах зэргэцэн буцсан би энэ удаа аяллын хос богц, аяны хөнжил дэвсгэрээ унадаг дугуйндаа ачаад аяладаг хоногийн аяллаар дахин очихыг хүслээ. Гэнэтийн мэдээ нь охин хамт явахыг, ачаатай дугуй жийж анх удаа хоногоор аялаж үзэхийг хүсэв. Аавтай нь зөвлөлдөөд эрхийг сурахаар бэрхийг сур гэдгийг санан бас чиг цаг агаар таатай заасан тул охиноо аваад явахаар боллоо. Ингээд л гал тогоо, майхнаас бусдаар бүгдийг хосоор нь бэлдлээ дээ. (Унадаг дугуйн ачаа 2, хос богц 2, овор хэмжээ бага ч дулаан тухтай аяны хөнжил 2, гудас 2 гэх мэт)

Зураг 1. УШТГ Д.Цолмон, Гүнжийн сүм хүрэх замд

Аяллын эхлэх цэг Гачуурт дахь Монгол шилтгээний өмнөх талбай Бямба гаригийн өглөөний 9 цаг. Дуусах цэг Ням гаригийн орой Улаанбаатар хот гэрт. Аяллын ерөнхий маршрут Гачуурт- Их Хуандайн амаар өгсөөд хоёрын зэрэг даваа давж Тэрэлж суурин дахь UB-2 Зочид буудлын өмнөх талбайд өдрийн хоол идэж амраад цааш гол гарч зүүн, хойд, баруун хойш чиглэлд жийн отоглож хоноод, маргааш өглөө эрт Бүрэнгийн сарьдаг руу чиглэн жийж Гүнжийн сүм үзээд эргэж отог дээр ирж амраадь тэр өдөртөө Тэрэлж-УБ хотод ирснээр аялал дуусна. Аяллын нийт зай 187 км.

Ийм ойлголтоор аяллын бэлтгэлээ базааж Бямба гаригийн үүрээр ачаатай дугуйгаа охинтой хамт жийгээд Гачууртыг чиглэн гарсан юм. Хагас сайны үдээс өмнө ажилтай гишүүд ажлаа амжуулчихаад өдөр автомашинаар Тэрэлж очоод хотоос эхлэн жийж очсон гишүүдтэй нийлэн цааш хоногоор аялах сонголт байсан хэдий ч охины хүсэлтээр бас анхнаасаа өөрөө зорьсон болохоор бүх замаа өөрөө жийж дуусгаж аяллын аз жаргал, хүнд бэрхийг туулж үзье гээд бид машин хөлөглөж Тэрэлж оролгүй ийнхүү өглөө эрт гэрээсээ аяллаа эхлэсэн билээ. Засмал замаар болохоор ээж охин хоёул ачаатай дугуйгаа төвөггүй жийгээд Монгол шилтгээний өмнөх талбайд бусдаас түрүүлэн очлоо. Аливаа зүйлээс хоцрох бус түрүүлж очих нь өөртөө болоод бусдад төвөг удахгүй хамгийн шилдэг арга гэж ойлгодог.

Зураг 2. Бум бужигнах цагаар
Аялах гишүүд цувж ирсээр аялал эхлэх цагт бүгд бүрэн цугларлаа. Энэ өдрийн группийн аялал өдрийн буюу хоногийн гэсэн 2 төрлөөр болох тул Монгол шилтгээнээс хамтдаа гарч Тэрэлж хүртэл уул хөндийн замаар хамтдаа жийж, даваанууд даваад Тэрэлж суурин хүрч өдрийн аяллынхан засмалаар хот руу буцах, хоногийн аяллынхан цааш Гүнжийн сүм рүү аяллаа үргэлжлүүлэх сонголтоор зохиогдох тул аяллын гараанаас хамтдаа гарлаа.

Өмнө нь олонтаа явж байсан Гачууртын төвийн айлуудын урдуурх гол дагасан чулуутай зам Хуандайн амны пүнхийсэн салхигүй уужим амыг өгсөөд олон дугуйчид жийсээр, охины бараа алга. Бодвол урд, дунд хавьд яваа гэдгийг мэдэж байгаа ч салхигүй бөгчим эхлэхэд зузаан хувцастай яваа даа, хувцасаа нимгэлэн ус ууж байгаа болов уу, хамт явагсадаасаа хоцрохгүй гээд зүрхэндээ хэт ачаалал авах вий гэж бодон өөрийн хэмнэлээр араас нь жийсээр явлаа.

Зураг 3. Хоёр даваа өөд аяллын цуваа зүтгэсээр ...
Энэ аяллын эхэнд бас нэгэн тустай явдал тохиолдсон нь хоногийн аяллынхны ачааг Тэрэлж хүртэл ачих автомашин гарч ирсэн нь биднийг баярлуулж яг одоо бүгд "шалдан" дугуйтай ийнхүү зүтгэж яваа билээ. Ачаа ачих автомашин гарч ирээгүй бол бүх ачаагаа ачсан хэвээр ийнхүү жийсээр ямартаа ч Тэрэлж орох нь тодорхой ч ядрал тэр хэрээр маш их байж хугацаа их орж, хүч чадал дундран Тэрэлжээс цааш Гүнжийн сүм орох 40 гаруй км зам улам хүндрэх нь гарцаагүй билээ. Аялалд халуун сэтгэлийн нөхөрсөг тус заавал гарч ирдэг. Аялал бол нөхөрлөлийн талбар. Гэхдээ зарим өөртөө итгэлтэй бэлтгэл сайтай гишүүд ачаагаа машинд ачилгүй эхлэх цэгээс эхлэн ачаатайгаа жийж, даваа өөд ачаатайгаа жийгээд гарах нь бахархмаар.

Зураг 4. Тэрэлж суурин дээр аяллын баг өөр өөрсдийн чиглэлээр аялахын өмнө дурсгалын зураг татуулав
Ингээд бид жийсээр өөрсдийн хэмнэлээр явсаар өдрийн 13 цагт Тэрэлж сууринд ирлээ. Энд тухлан сууж хоол унд идэж амраад өдрийн аяллын гишүүдээ УБ хот руу үдэн хоногийн аяллынхан бүх ачаагаа ачин гурван зууны тэртээх цаг хугацааны түүхийг гүнээс гүн хадгалсан Гүнжийн сүмээ зорьсон юм. Энэ хүртэл багагүй ядарч ирсэн тул охиноо ажиглаад л байлаа. Ядрал шантрал их бол Тэрэлжээс өдрийнхөнтэй буцья, эсвэл аавыгаа дуудаж машинаар авахуулья гэж хэлэх болов уу гэж бодсон боловч харин ч эсрэгээс амарч хүч сэлбээд ачаагаа өөрөө ачиж цовоо байгааг нь, ямарч байсан зорьсоноосоо буцахгүй явах ёстой, зүтгэх ёстой гэсэн бодол сууж эхлэснийг хараад баярлаж байлаа. Бүх бэлтгэл дуусч хоногийн аяллынхан замдаа орлоо. Сүмийг зорьж байсан аялагчид бол сайн мэдэх байх. Тэрэлжээс хойшоо яваад Гүнжийн сүм байдаг гэж ярих боловч очих зам нь ёстой ертөнцийн 4 зүг рүү явуулдаг онцлогтой зам билээ.

Энд нэг зүйлийг ундууцан заавал бичмээр санагдлаа. Тэрэлжийн засмал замаас голын эрэг рүү буух боломж дугуйтай хүнд битгий хэл явганд хүнд алга. Гацуурт компаний том Тэрэлж амралт, UB-2 амралтын хашаа нь эздийнхээ хүйтэн сэтгэлийг илтгэн зэргэцэн дүнхийнэ. Хоёр хашааны дундуур 1 метр хүрэхтэй үгүйтэй зай. Мэдээж хүнд зориулаагүй зөвхөн 2 хашааны хоорондын тусгаарласан зай нь тэр. Өөр хаагуур ч хүнд зориулсан зам хайгаад үл олсон тул тэрхүү урт үргэлжилсэн хонгил хүйтэн замаар өөдөөс ирэх хүн, дугуйтай аялагч нар үнэхээр чадвараараа зөрсөндөө. Хүний төлөө бус мөнгөний төлөө эх орон минь.

UB-2 буудлын хойд гүүрээр Тэрэлжийн гол гараад эхлээд зүүн тийш нэлээн явах үед салхи араас дэмнэн золбоотой явууллаа. Энэ замаар унадаг дугуйн Чингис хаан 125, 88 км-ийн уралдаан зохиогддог болохоор бартаа багатай цагаан гэдгийг мэдэх тул харьцангуй тайван амар явдаг билээ. Зүүн зүг нэлээн жийж жижиг цагаан ганц суварга хүрсний дараа хойд чиглэлд жийж эхлэдэг. Энэ үеэс эхлэн үе үе салхи өөдөөс баруунаас үлээж за одоо яг сүм эргэж баруун зүг чиглэхэд салхи өөдөөс үлээж "алуулах" нь гарцаагүй дээ гэсэн бодол бүгдийн толгойд байлаа.

Сүм орох замд Баруун Баян голыг 2 удаа гардагийг анхнаасаа мэдэж байсан тул туулна гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байсан ч энэ удаагийн аяллын 20-иод залуус аялалд явж буй 4 бүсгүйгээ хоёр гарамаар хув хуурай гаргалаа. Мэдээж хуурай гарч байгаадаа баярлавч адилхан жийж ядарч ирсэн хэдийгээ ус туулуулан нуруун дээр нь залрана гэдэг амаргүй. Уучлаарай бас Баярлалаа.

Зураг 5. Баруун Баян голын хоёр дахь гарамаар гарлаа
Ингээд зүүн болоод хойд чиглэлд чиглэсэн зам дуусч голоо гарсаны дараа хүч чадал гэж бараг үгүй болох үед сүм рүү чиглэсэн ганц зам болох баруун тийш жийж эхлэлээ. Бодож байснаар салхи яг өөдөөс. Уншигч та юунд дандаа салхи салхи гэдэг юм гэж бодож болох юм. Хүчтэй мотортой тухлаг унаанд явахдаа бид салхины хүчийг огт тоолгүй үнэлдэггүй юм байна. Харин булчингийн хүчээр унадаг дугуй жийж явахад араас түлхэх салхи аав ээж, урдаас түлхэх салхи атаат дайсантай л адил билээ. хэ хэ ... Ийнхүү отог хүрэх 3 орчим км-ийн баруун зүг чиглэсэн замд өөдөөс түлхэх салхитай тулалдахад 30 км-ээс ч их санагдаж сөхөрч унахын даваан дээр арайхийн жийсээр үнэхээр цуцаж нэгэн том хадтай толгойг тойрон эргэвэл эхний очсон хүмүүс отог байгуулж байлаа. Энэ бол аяллын аз жаргал эхний ялалт билээ.

Хөх чулууны голын өндөр эрэг дээрх хөөрхөн дэнж. Групп жил бүр энэ аялалд зорихдоо отгоо яг энд л байгуулдаг. Харин яагаад жил бүр отгоо энд байгуулдаг, маргааш үзэх Гүнжийн сүм рүүгээ яагаад дөхөлгүй 9 орчим км-ийн наана ийнхүү отоглодогийг аргалын цог тойрон оройн намуунд хүүрнэн суухдаа админ хэлсэн билээ. Тэрээр: “Гүнжийн сүм нь угтаа оршуулгын газар гэдгийг бид мэднэ. Монгол хүн эртнээс оршуулгын газрын ойр буудаллах, чимээгүй хотод хүндэтгэлгүй хандахыг цээрлэдэг байсан ёсыг бодож ийнхүү өндөр довын наана сүмийн бараа үл үзэгдэх газар отоглодог” гэж тайлбарлалаа. Байгал эхтэй ойлголцон хүндэтгэж амьдарсаар ирсэн монгол уламжлал бидний үед тасрах ёсгүй.

Зураг 6. Манай отог

Манай группийн аяллын нэг онцлог том түүдэг асаан нэгдсэн гал тогоо хэрэглэдэггүй. Хүн бүр майхнаа босгон үүдэнд нь эсвэл дотроо жижиг газын плиткээ асаан дор бүрнээ хоолоо хийж иддэг тул хэсэг нь ажиллаж, хэсэг нь хоол хүлээн сууна гэхгүй дор бүрнээ хурдан түргэн хоолоо хийж идээд орчинтой танилцах, амрах цаг маш их гардаг давуу талтай юм. Хоолоо хийж идээд амарсан гишүүд нэг л мэдэхэд манай майхны гадаа ирсээр тойрон сууцгаалаа. Бас л бүгд жижиг сандалтай. Ойр орчимд байсан аргалыг цуглуулан цогшуулж монгол хүний танил дотно аргалын утаа үнэрлэн үдшийн намуунд туршлагатай аялагчдын зөвлөгөө, очиж үзээгүй газрын сонин сайхныг зөндөө ярьж суулаа. Энэ л мэдрэмжийн төлөө аялалд энэ хүртэл гүрийж ирсэн мэт санагддаг. Үнэхээр сайхан. Аяллын яриа өндөрлөн аяллын төсөөлөл, догдлол дүүрэн шөнө эхлэв.

Миний нэг өөдгүй тал майханд ганцаараа яагаад ч юм их айж хонодог зуршилтай. Тойроод дүүрэн майхан байхад л баавгай чоно хий үзэгдэл ганцхан миний майхныг олоод ирэх юм шиг л санагддаг. Гэхдээ тэрийгээ бас бусдад мэдэгдүүлэлгүй сэрүүн ч хамаагүй өглөө болгодог асуудалтай хүн. Маяглаад муу санаалаад айгаад байхаар улам юм бүтдэггүйн жишээгээр өнгөрсөн жилийн нэг аялалд хогны уутаа хэн нэгэн анзааралгүй миний майхнаас уяж орхисныг шөнө нохой ирж зулгаагаад тэрийг нь би мэдсэн ч баавгай байвал яанаа гэж айгаад дуугарч чадахгүй байтал хажуугийн майханд байсан хүн чимээ гаргаж хөөж явуулж билээ. Очиж очиж миний майхнаас зүүдэг нь ч юув дээ. Харин энэ удаа охинтойгоо хамт хонож байгаа болохоор додьгор гэгч нам унтаад өглөө сэрлээ. Тухтай хөнжил гудас огтоос дааруулсангүй. Охин ч сайн амраад сэрэв. Булчин зангирсан шалтгаанаар 2 гишүүн сүм рүү явалгүй отгоо сахиж үлдэхээр болоход охиноо ядраад хамт үлдэнэ гэхийн бол уу гэсэн чинь энэ хүртэл ирчихээд юу гэж дээ ээжээ би явна гэхийн сонсоод дахиад л баярлав. Нууцгүй хэлэхэд ядарсандаа би өөрөө явалгүй үлдмээр байсан гээч.

Зураг 7. Манай залуус аяллын замд
Өчигдөр ирсэн зам салхины өөдөөс байсан ч бартаа багатай байсан бол өнөөдрийн зам тийм биш гэдгийг өмнөх морин аяллаар явж байхдаа мэдэж авсан болохоор за болохгүй бол түрнэ биз гээд хөдөллөө. Үнэхээр 9 км-ийн 60 хувьд нь уулын нуга, торлог бут дундуур шавар ус туулан охин шаварт тал биеэрээ шигдэн татуулан гарч явсан ч зорьсоноороо Гүнжийн сүмдээ хүрч энэ аяллын зорилгоо биелүүлсэн билээ. Хүчит техникийн мөрөөр хага яруулан ангайж өргөссөн уулын замын үргэлжлэл болж сүм улам бүр нуран эвдэрчээ. Аливаа шархыг цаг хугацаа эдгээдэгч онги татуулсан шарх эдгэхдээ барсгар сорви болон үлддэгийн адил сүмийн үлдэгдэл улам л эвдэрч, үлдсэн ханууд нэмэгдэн нурж байгалийн мод газрыг өм цөм цоолон ургаж дахин хэдэн жил өнгөрөхөд оргүй хоосон болох байх гэж санагдахад хүн л ингэж сүйтгэсэн шүү дээ гэж бодогдон өөртөө бас хэн нэгэнд гомдох мэт. Харин тэр газарт нэмэгдсэн зүйл модон 00, Гүнжийн сүмийн тайлбар самбарууд байлаа.

Очсон газар орноо хүндэтгэн ариун арц ганга, улаан цагаан зандан уугиулж байгаарай гэсэн аавын захиасыг чадлаараа биелүүлэхийг хичээдэг ч салхитай үед тэр бүр чаддаггүй тал бий. Харин сүм үүдэндээ тахилгын хэсэг болов уу гэмээр жижиг үүдтэй түүн дотроо яст мэлхийн чулуун барималтай ба тэнд арц хүж уугиулсан тэмдэг их байдаг болохоор тухтай сууж аавын захиасыг биелүүллээ. Сүмийн барилгын үлдэгдлийг тойрон явахад, гүнжийн шарил байсан, сүүлд хулгай тонуулчдад онги татуулсан газрын цоорхойг харахаар яагаад ч юм гүнж санаа алдан энд тэндээс харах мэт сэтгэгдэл төрдөг. Охин ч бас анзаарчээ. Ээжээ "Дахин дахин ирмээр газар биш байна. Гуниг төрчихлөө. Хөөрхий гүнжийг монголд үлдээгээрэй гэж гуйсан байхад ийм болгох ч гэж дээ" гэж хэлнэ билээ.

Зорилгоо биелүүлсэн бид ирсэн замаар дахин намаг шавар торлог гэсээр сүмээс 1 км орчим явах үед өнгөрсөн шөнө бидний араас УБ хотоос гарсан гишүүн маань шөнөжин жийсээр өглөө биднийг хөдөлсний дараа отог дээр ирээд араас ийнхүү ирсэн нь тэр байлаа. Админ түүнтэй "сүм ойрхон байгаа үзчихээд араас ирээрэй бид явж байя" гэсэн товчхон үгийг хэлэлцээд зөрлөө. Харин замдаа түүнийг анх удаа энэ замаар зорьж байгаа, хэлсэндээ хүрсэн тэсвэр тэвчээр, төлөвлөгөө хүсэл зорилгыг бахархан бахархан ярьж буйгаас харахад аялал удирдаж яваа админ гишүүдийнхээ аяллын төлөө гэсэн зүрх сэтгэл, зүтгэлээр л хөглөгдөж их урам зориг авдагийг анзаарсан юм. Уншигч та ч бас хэн нэгэнд урам зориг өгдөг, амьдралыг нь хөглөгч, итгэлтэй халуун дулаан нэгэн гэдэг нь эргэлзээгүй.

Зураг 8. Зураг түүх өгүүлнэ
Ийнхүү бид отогтоо ирж амарч хооллоод ирсэн замаараа буцахад админ энэ удаа дахин сорилго үзүүлэх гэсэн үү Баруун Баян голыг туулуулалгүй гол руу шахсан өндөр дэнж бүхий шахаагаар биднийг зүтгүүллээ. Ачаатай дугуйтай өндөр уулын хажуу руу зүтгэх хичнээн амаргүй билээ. Анх хэлэхэд нь ус туулахгүй нь гэж баярлаж байсан ч голын шахааны эгц налуу өндөр уулын энгэрээр ачаатай дугуйтай түүртэн ядарч явахдаа өө ийм зам байсан бол усаа туулах нь амар байж гэж үглэж явсан ч даваад гарсан хойноо аан бас нэг шинэ зам мэдлээ шүү дээ гэж санагдаж билээ. Аялал бүхнээс сурах юм маш их.

Ирсэн зам танил гэдэг шиг уруудаад овоо сайхан жийж хөндийд буугаад иртэл яг баруун талаас өөдөөс салхи. Энэ салхитай Тэрэлж хүртэл тулалдах нь тодорхой боллоо. Гэвч аяллын зорилго биелэсэн, аялал дуусч гэртээ харих зам тул салхи бол даваад л гарах хэрэг. Багийн хүчээр бас өөрийн хүчээр жийсээр охиныхоо хамт аяллаа амжилттай дуусгасан даа. Аялал бол хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө өөртэйгөө тэмцэх тэмцэл, аялал бол нөхөрлөлийн талбар, аялал бол амьдралын их сургууль гэж би хэлнэ.

Хүсэл тэмүүллээр дүүрэн байж аялалд зорьдог ч байгальд хэт шуналгүй, эр чадлаа гайхуулалгүй, хүлцэнгүй, хүндэтгэлтэй аялаж чадвал дараа дараагийн аяллын үүдийг тэр нээсээр байдаг гэдэгт би итгэдэг.

ГҮНЖИЙН СҮМ ЗОРЬСОН УНАДАГ ДУГУЙТАЙ АЯЛАЛ
Энэхүү тэмдэглэлийг НТГ Г.Махгал (220) бичсэн болно. Ашигласан фото зургийн эх сурвалж: https://www.galaa.mn/blog/post/220

Зураг 9. НТГ Г.Махгалын бахархалын хуудас

Баасан гарагийн үдэш
Гүнжийн сүм уруу хоногийн аялал хийхээр зэхэж буй УУДАГ-ын хэдэн нөхдийнхөө групп чатыг хааяа хааяа хялам хийнгээ маргаашийн ажилдаа бэлдэж сууна. Нөгөө хэдийн маань бичих чат тэгсхийгээд татрав. Энэ нь маргааш болон нөгөөдрийн урт аяллаа амжилттай хийхийн тулд нойр авч буй явдал бололтой. Хийж байсан ажлаа дуусгаад группийнхээ админд шөнийн жийлт хийгээд очих санаатай байгаагаа чатаар биччихээд унтав.

Бямба гараг
Өнгөрсөн шөнө нэлээн "суусан" тул өглөө аажуухан босов. Аажуухан ч гэж дээ өглөөний 08:00 цаг бага зэрэг өнгөрөөв. Харин манай эхнэр УУДАГ-ын өдрийн аялалд явахаар эртлэн босоод гарсан байв. Аяллын пруппынхан маань Тэрэлжээс шууд буцах өдрийн аялал ба Тэрэлжээс цааш жийж Гүнжийн сүм хүрэх хоногийн аялал гэсэн байдлаар өдрийн болон хоногийн аяллыг хамтатган товлосон байсан юм. Ингээд тухайн өдрийн төлөвлөгөөт ажлаа хийхээр компьютерээ асаав. Бас УУДАГ групп чатаа шалгав. Админ ах "Замаа сайн мэднэ биз дээ, гэрэл гэгээ сайтай яваарай." хэмээн захисан байв. Хариу биччихээд гишүүдийн оруулсан зургуудыг үзэж эхнэрээ нүдээрээ хайв. Харагдахгүй болохоор нь "Мөнгөө маань очсон болов уу?" хэмээн лавлав. Группын идэвхтэн гишүүн Золзаяа манай хүнийг очсон гэдгийг мэдэгдэж сэтгэл амраав. За ингээд өдөржин ажлаа хийсээр, чат харж аяллын явцыг сонирхсоор суув. Тэгсээр ажил дуусч хоол унд, аяллын бэлтгэл гэж байтал манай хүн ч ирэв. Ядарсан бололтой. Хооллож ундлаад нам унаад өгөв. Намайг явахаасаа өмнө жаахан унтаач гэсэн ч миний нойр огт хүрсэнгүй. УУДАГ-ын гишүүн Цолмонгийн "амьдрал 1, ажил 2, аялал 3-т гэдгиймаа." хэмээн хэлсэнчлэн эхнэр маань аялалдаа амжилттай яваад ирсэн тул амьдралд санаа зоволтгүй, тэр өдрийнхөө ажлын ард гарчихсан тул ажилд санаа зоволтгүй болсон тул одоо зөвхөн аялалдаа л анхаарч байв.

ГЭРЭЭС ТЭРЭЛЖ СУУРИН ХҮРТЭЛ
Яг гарахынхаа өмнө хоол идэж, аяга юм уув. Үүнээс өмнө дээд тал нь 120 км л жийж байсан учраас энэ удаад ийнхүү эцсийн мөчид энергийн нөөцөө ходоодондоо хийж байгаа хэрэг. Ингээд дугуйгаа авч, гэрийнхээ хаалгыг түгжээд, шатаар урам зоригтой гэгч нь дугуйгаа барин буугаад орцны үүдэнд дугйнхаа хурд хэмжигчийг асаахад 00:23 цаг болж байв. Хотын хөл хөдөлгөөн татарч, эл хуль болсон байв. За ингээд бие халаалтын жийлтээр эхэлж улмаар хурд, хугацаа баримжаалах жийлтдээ оров. Хоногийн аяллынхнаа гүйцэж очих төлөвлөгөөгөө тун нарийн бодож боловсруулсан юм. Ерөнхий төлөвлөгөө бол үүр цайхтай зэрэгцэн Тэрэлж хүрч улмаар 09:00 цагаас өмнө Гүнжийн сүмийн наахна отоглосон группынхан дээрээ амжиж очих гэсэн хоёр хэсэгтэй. Төлөвлөгөөний хоёр дахь хэсэг нэлээн хүнд зорилт байв. Яагаад гэвэл би Тэрэлж уруу өчнөөн явж байсан боловч голоос нь цааш огт гарч байгаагүй юм л даа. Тэгэхээр огт мэдэхгүй газраар, яг хаана буусныг нь тодорхой мэдэхгүй хүмүүсийг олж очих гэсэн хүндхэн даалгавартай болж байгаа юм.

Төлөвлөгөөний нэгдүгээр хэсэг ёсоор Налайхын Оргил худалдааны төв хүрч амсхийх, хэрэв гайгүй байвал Налайхын товчоо хүрэх ёстой байв. Гэвч шөнөдөө салхи ихэвчлэн тогтуун байдаг тул Налайхын Оргилоос цааш явж л таарах байх гэж дотроо төсөөлж байв. Манайхаас Налайх хүртэл 30 гаруйхан км байдаг тул замын энэ хэсэгт хурд, хугацааны тооцоо хийв. Олон км жийх учраас бас Тэрэлжээс Гүнжийн сүм хүртэлх замын хүндрэлийг огт мэдэхгүй учраас хүчээ нөөх байдалтай жийв. 00:23 цагт буюу эртхэн гарсан нь ч ийм учиртай. Нарны замаар хэсэгхэн яваад, Нарантуулын уулзвараар эргэж улмаар Дүнжингаравын замаар оров. Машин цөөн явна, өргөн, гэрэлтүүлэг сайтай, уулзвар цөөхөн хэмээн ийм маршрут зохиосон. Энэхүү маршрутаа дуусгаж Улиастайн гүүрээр гараад хуучин Баянзүрхийн товчоо хүртэл хуучин авто-замаар нь явлаа. За яг энд л түнэр харанхуй ямар байдгийг мэдэрч авав. Дугуйн чийдэнтэй яваад байж болохоор ажээ. Тэр замын төгсгөлд гүүр өнгөрөөд л байж байх овоолоостой шороон хаалт уруу мэдсээр байж яваад орчих шахав. Гэхдээ тоормос сайтай дугуйтай байхад юу алзах вэ дээ. Хурдаа бага зэрэг хасаад хажуугаар нь тойрч жирийлгээд гарав. Цааш үргэлжлүүлэн Баянзүрхийн товчоо Налайх чиглэлд жийхэд унадаг дугуйн замтай, тэр нь гайгүй тэгш толигор нь тун тааламжтай байв. Бас замын гэрэлтүүлэг сайтай болохоор хурд хэмжигчээ хааяа хааяа харж байв. За тэгээд Налайхын Оргил хүрэхэд огт амсхиймээргүй байлаа. Иймд цааш үргэлжлүүлэн зогсолтгүй жийсээр л байв. Налайхаар хөндлөн жийх зуур хэдэн охид хөвгүүд бас эрэгтэй эмэгтэй хоёр том хүн тааралдав. Тэр хоёрын нэг нь болох эмэгтэй хачин муухай дуугаар над уруу хашгирахад юу хэлсэн нь огт ялгарч сонсогдсонгүй. Дууных нь өнгө түүнийг согтуу гэдгийг илтгэнэ. Тэгээд Налайхын цэргийн анги хүрэхэд замын гэрэлтүүлэг ч дуусаж жинхэнэ түнэр харанхуй уруу оров. Одоо надад тэр хавийн нохдын боргох дуу л хань болж үлдлээ. Бас түнэр харанхуйн дундуур шувууны жиргээ хаа нэгтээ сонсогдох нь сонин. Ийнхүү хэсэг жийгээд Налайхын товчоо хүрэв. За энд шалгааж, байцаах байхдаа гэтэл огт ийм юм болсонгүй. Хүн байгаа эсэх нь ч үл мэдэгдэх тэрхүү товчоогоор нэвт гарч цаахна нь байх уулзварт дөхөж очив. Яг тэр үед Тэрэлж талаас машин ирж зам хаашихнаа салж байгааг илтгэсэн боловч дугуйн жижиг гэрлээр уулзварыг бүхэлд нь баримжаалахад хүнд байв. Гэгээн цагаан өдөр машинаар явж байхдаа яагаад ч юм бүү мэд Тэрэлж уруу салахдаа би хачин даялж ороод байдаг юм. Энэ удаад ч бас даялаад л орсон.

Зураг 10. Шөнийн замд

Одоо хэсэг зууртаа анхаарал татах юу ч байхгүй тул халаасандаа хийсэн жижигхэн чийдэнг гаргаж хурд хэмжигчээ харж хурд болон цаг харж явав. Ганцаараа яваа үед хурд хэмжигч л замын хань болдог юм л даа. Харин харанхуйд энэ маань олигтой хань болдоггүй ажээ. За тэгээд түнэр харанхуйд дэлхий ертөнцийг унадаг дугуйны жижиг гэрлээр харж явахад зөрж өнгөрөх эсвэл гүйцэж түрүүлэх машины гэрэл тун ч дэмтэй юм. Жижиг тэрэтэй явж байхад өөдөөс машин ирэхэд гялбаад хэцүү байдаг бол дугуйтай явахад тэгдэггүй ажээ. Тэрэлжийн замд хоёр давааг шороон замаар давдаг даа. Яг энэ үед шөнө буюу машины хөдөлгөөн багатай үед яваагийн хэрэг гарав. Нийтдээ гурван машин тааралдаж шороонд тун гайгүй дарагдсан. Эхний давааг давж Туулын гүүр уруу орохын өмнөхөн өөдөөс явсан нэг этгээд гүүрэн дээр гүйцэж түрүүлэх тун эвгүй үйлдэл хийж, гүйцэгдэж буй хүнд даацын машины жолооч сигналаа айхтар дуугаргаж анхааруулга өгөв. Би ч бас тэрхэн зуурт хоёр дахь гэрлээ асаан дохио өгч амжсан. Хэрвээ би дугуйтай биш машинтай явж байсан бол тэр этгээд лавтайяа осол гаргах байсан. Харин унадаг дугуй маневр сайтай, машин шиг замын хажуу уруу гулгаад орчихгүй тул аюул осолгүй өнгөрөв.

Туулын гүүрээс цааш тоймтой газар гэвэл агуйтай хад л юм даа. Гэвч хэрвээ нэг бүрчлэн мэддэг бол замын хоёр талаар хөврөх амралтын газрууд газрын баримжаа хангалттай өгөхөөр юм билээ. Байсхийгээд л амралтын газрын гэрэл харагдана. Ийнхүү жийсээр агуйтай хад хүрэхэд зогсмоор санагдсангүй. Шөнө жийхийн давуу тал байдаг ажээ. Халууцах явдал байхгүй. Агаар тогтуун, салхи хамаагүй зөөлөн. Ийнхүү ядрахгүй, өлсөхгүй, цангахгүй тул нэг хэмээр зогсолтгүй жийсээр л байв. Цагаа оновчтой төлөвлөсөн тул яарч давхих ч шаардлага алга. Уруу газарт ч хурдалсангүй. Хэрвээ хурдалбал бүр долоон дор юм болж жиндэж мэдэхээр байв. Учир нь дугуйн гэрлээр л замаа харж яваа тул хэт хурдлахгүй хэмээн шөнийн сэрүүн өдрийн халуун хоёрыг дундажлан хувцсаа сонгож өмссөн байв. Үүнд бас мэдээж цаг агаарын байдлыг харгалзаж үзсэн. Хэрвээ хүчтэй салхитай, хур тунадастай байсан бол яалаа гэж ийнхүү жийж явах билээ.

Тэрэлжийн зам дагуу байдаг агуйтай хаднаас цааших олны мэддэг тоймтой газар гэвэл Мэлхий хад биз ээ. Олон удаа явж байсан зам аргагүй л түшигтэй юм. Одоо үүний дараа зам нь иймэрхий байдаг гэх мэтчилэн төсөөлөгдөнө. Тийнхүү замаа төсөөлөх нь ядраагүй, өлсөөгүй, цангаагүй ийм үед үнэхээр зохимжтой ажээ. Тэгж явтал амьтай голтой хэдэн юм таарсан нь замын хажууд тамхи баагиулан зогсох гурван эр байв. Хар шөнөөр юугаа хийх гэж тэгж зогсож байгааг нь бүү мэд. Тэр гурав ч бас намайг хараад юу гэж бодсоныг бүү мэд. Тэр гуравтай яг зөрөх үед хойноос машин ирсэн тул гэрэлд нь тов тодохой харагдаж байв. Энэ гурваас гадна Баянзүрхийн товчоо өнгөрөөд хэсэг явсаны дараа хэдэн золбин нохой тааралдсан юм байна. Хотын нохой гэсэндээ намайг огт тоогоогүй. Харин хөдөөний ноход юм үзээгүй гэлтэй элдэж хөөх нь ядаргаатай юм билээ. За энэ талаар зохих хэсэгт нь бичье. Төд удалгүй Мэлхий хад уруу салсан замын уулзварт хүрч очив. Энэ үед цаг 03:40 болж байв. Энэ нь гэрээс гарч хөдөлсөнөөс хойш 3 цаг 10 гаран минут л өнгөрсөн гэсэн үг юм. Үүр цайх хараахан болоогүй байв. За ингээд төлөвлөгөө ёсоор үүр цайгаагүй буюу харанхуй үед Тэрэлж сууринд хүрч очиж болохгүй тул энд түр зогсов. Хэрэв Тэрэлж сууринд харанхуйд очвол цааших замаа сайн мэдэхгүй тул явж чадахгүйн дээр голоор гарах гүүрээ ч олохгүй будилж тэр зуурт даарч ч мэдэх юм гэж бодсон. Мөн энд зам дээр бичсэн бичээс байсан юм л даа. Тэр бичээсийн зургийг дарах зуурт хором мөч дороо талийна гэж бодсон. Ер нь хэдхэн кадр зураг буулгахын зуурт маш их хугацаа өнгөрсөн байдаг юм л даа. Ингээд халуун юм балгаж, хөнгөн юм жаахан идээд дээр буй зургийг буулгав. Гүнжийн сүмийн зураг буулгах гэж зургийн аппарат үүрч гарсан юм л даа. Уг нь зам зуурт буулгаж үлдээмээр өчнөөн зүйлс байсан ч зургийн аппарат гаргаж ирэх, зохимжтой байдлаар зураг дарах, буцааж цүнхлэх хооронд маш их хугацаа өнгөрөх тул өөр илүү дутуу зураг буулгаагүй. Учир нь Тэрэлж суурингаас Гүнжийн сүм хүртэлх аяллын хэсэг цаг хугацаагаар хашигдсанаас гадна мэдэхгүй зам, очиж үзээгүй газар харин группын нөхөдтэйгээ уулзсан хойно тэр хэдийнхээ темпээр явах тул зураг дараад зогсоод байх боломж байсангүй. Үнэхээр Гүнжийн сүмийн хэдхэн зураг дарах зуурт цаг хугацаа талийж өгсөн нь үүний нэг нотолгоо юм. Ингээд дээрх зургийг буулгаад жаахан юм идэж уугаад цааш хэсэгхэн явтал үүр цайх дөхөж байгаа нь мэдэгдэв. Тэрэлж уруу дөхөм тусам гэгээ орж замын хоёр талаарх байгалийн үзэмж харагдаж эхлэв. Ийнхүү Тэрэлж сууринд очиход гэрэл асааж явах шаардлагагүй болж бүх юм тов тодорхой харагдаж эхлэв.

ТЭРЭЛЖ СУУРИНГААС ГҮНЖИЙН СҮМ ХҮРТЭЛ
Гүнжийн сүм хүртэл аялсан хүмүүсийн тэмдэглэлээс модон гүүрээр гардаг гэсэн мэдээлэл олж авсан. Харин тэр гүүр хаана байдгийг нь Google Map дээрх хиймэл дагуулаар авсан зургаас харсан. Тийнхүү харахдаа нэг биш хоёр гүүр байгааг олж мэдсэн. Харин яг газар дээрээ бүр олон гүүрээр гарсан. Ямар ч байсан ус огт туулалгүйгээр голын нөгөө талд гарсан. Харин мэдэхгүй хүнд эхэлж гарах гүүрийг олоход хүнд юм билээ. Учир нь хамаа намаагүй хашаалсан хоёр амралтын газар, зочид буудалтай холбоотой. Тэр хоёрын "шавран" хашааны өчүүхэн, хоёр хүн зөрөхөд бэрх зай завсраар явж байж голоор гарах гүүр уруу очдог юм билээ. Анх тэр завсрыг анзаарсан боловч "за ийм ч гудам гэж юу байдаг юм" хэмээн цааш давхин одсон билээ. Тэгээд цаагуур наагуур нь өөр зам хайсан боловч тийм юм огт байсангүй. Айлын нохой хуцуулан барин сайхан хэрж давхисан. Тэгтэл суугуул бололтой нэг хүн алхаж яваа харагдав. Уулын дугуйтай юм чинь харваж очоод мэнд мэдэн зам асуутал маш тодорхой хэлж өгөв. Ингээд буцаж жирийлгээд нөгөө хачин завсраар гартал төмөр гүүр харагдаж байна. Нөгөө хүнээс хойгуур нь эсвэл урдуур нь тойроод тэр гүүрэнд хүрч болох уу гэтэл "Их тойрно. Дэмий байх." гэсэн тул хачин муухай хоёр хашааны заагаар тийнхүү гарсан. Төмөр гүүрээр гарахад дараагийн модон гүүр болон бусад жижиг гүүр аяндаа харагдана.

Гол гарсаны дараа баруун гар тийш эргэн зүүн зүг уруу олон салаа замын аль дуртайгаараа явж болно. Нэг талаас гол, нөгөө талаас уул хаших тул тэр замууд хэчнээн салааллаа ч эргээд л нийлнэ. Гол дөнгөж гараад хэсэгхэн явсаны дараа гурван нохойд нэлээн удаан хөөгдсөн. Бас замд таарах Баруун Баян голын наахна хоёр хүн гэрийнхээ гадаа байж байхаар нь замаа лавлаж асуухаар очихдоо нохойд нь бас хөөгдөн алдсан. Хэрэв эзэн нь нохойгоо хориогүй бол ахиад л баахан хөөгдөх байсан биз. Хэрэв та газрын баримжаа сайтай бол Google Map болон өөр хүмүүсийн аяллын тэмдэглэлээс Гүнжийн сүм хүрэх маршрут харуулсан янз бүрийн газрын зураг хараад явж болно. Харин баримжаа муутай бол салаалсан замуудын зүүн гар талыг сонгоод явахад болно. Гэхдээ тэр хавьдаа л огцом өгсүүр байвал түүгээр орох хэрэггүй. Мөн айл уруу очих гэх мэтчилэн зүүн гар тал уруу салаалсан замууд бий. Ер нь уулын жижиг ам уруу сална гэж байхгүй. Яг Гүнжийн сүм уруу салаалах замын уулзвар дээр гурван тийш сум зааж тэмдэглэсэн шон бий. Сум заасан зүг уруу салсан замаар уулын ам уруу орох бөгөөд хэсэгхэн явахад ус, шавар, горхи болон түүнийг дагасан торлог харагдана. Түүнийг Гүнжийн сүм хүрэх замд байдаг торлогтой андуурч болохгүй. Би нөгөө хэдийгээ хаана бууцгаасныг мэдэхгүй тул тийшээ орж нааш цааш харж хэдэн удаа орилж үзээд чимээ аниргүй байсан тул тэндээс гараад цааш явсан. Ядаж байхад тэр дундуур машин олон дахин явсан тодоос тод зам мөртэй. Тэр нь үүгээр яв гэсэн юм шиг зурайна аа. Ийшээ орох болсон өөр нэг шалтгаан ч бий. Аяллын төлөвлөгөө дээр Гүнжийн сүм хүрэлгүй отоглож хоноод маргааш нь ачаагүй дугуйтай явцгааж Гүнжийн сүмд хүрнэ гэж байсан тул майхан сэлтээ тиймэрхүү газарт хүний нүднээс далд босгосон байж магадгүй хэмээн муу санаалсан юм л даа. Дээр дурдсанчлан Гүнжийн сүм уруу явж байгаагүй тул энэ мэтчилэн дэмий зүйлд сатааран нэлээн олон минут алдсан. Сүүлдээ 09:00 цагаас өмнө олж очиж чадахгүй бол ерөөсөө Гүнжийн сүм уруу яваад байхад тааралдахгүй яадаг юм хэмээн эрс хатуу шийдэв. Тэгээд өнөөх төөрч орсон торлог дотроо хуурай өвс дээр сууж жаахан юм идэж уув. Үүнээс өмнө нар мандаж байх үед амсхийж юм идсэн. Ийнхүү Тэрэлж суурингийн явган гүүрээр гол гарсанаас хойш хоёр дахиа амсхийж аваад хойд талаар өнгөрсөн тод зам уруу орж хэсэг жийхэд дүнхийсэн том хад, хадны наана амралтын газрынх гэмээр гэрийн бууриуд харагдав. За иймэрхүү тоймтой газрын ойролцоо бууцгаасан байж ч магадгүй. Үүнийг тойроход нэг учир ургах вий хэмээн бодсоор өнөөх дүнхийсэн хадны урдуур ороогоод хойш эргэтэл бөөн майхан. 09:00 цагаас өмнө олоод ирлээ дээ гэтэл...

Зураг 11. Баруун Баян голын голдрилын тахирмаг урд дэнж дээрээс ингэж харагддаг
Майхнуудын гадаа хүн алга. Дугуй ч алга. За өөр хүмүүс юм байлгүй дээ гэх гэтэл хоёр дугуй харагдаж байна. Тэгэхээр манайхан мөн байх өндөр магадлалтай болоод явчихаж байгаа юм. Жийгээд очтол нэг майхнаас хүний яриа сонсогдож байна. Очоод мэнд мэдээд учраа олов. Нөгөө хэд маань нэлээн түрүүн сүм уруу хөдөлсөн гэнэ. Харин тэнд байсан хоёр залуу майхан сэлтээ харж үлдсэн юм гэнэ. "Өө товлосон цагаа баримтлахгүй юм бол яах гэж төлөвлөгөө гаргадаг байна аа." хэмээн тэрхэн зуурт бодовч "За энэ хэд ч шөнө даараад олигтой унтаж чадаагүй биз. Тэгээд өглөө эрт боссон хүмүүс хийх байхаа олж ядсандаа сүм уруу явцгаасан байх нь ээ." гэсэн бодол залгав. Ингээд нөгөө хоёроороо зам заалган Гүнжийн сүм уруу хөдлөв. Зам нь бараг өөрөө хөтлөөд л Гүнжийн сүмд хүргэх юм билээ.

Гүнжийн сүм уруу дугуйгаар аялж буй хүмүүст эсвэл зам халхалсан торлогийн наана дугуйгаа орхиж явах эсвэл шавар дундуур туучих гуталтай очих гэсэн хоёр сонголт санал болгоё. Цааш дугуйтай явахын давуу тал бараг гарахгүй юм билээ. Яг энэ хэсэгт автомашин гэгч унаа газрын хөрсийг ямар аймшигтай эвдэж сүйтгэдгийг харж дургүй ч хүрэх шиг.

Сүмийн яг наана баахан шавар туучдаг гэсэн мэдээлэл интернэтээс олж үзсэн тул шавар, усанд тохирсон гутал өмсөж гарсан нь зөвхөн энд л давуу талаа харуулав. Харин замын бусад хэсэгт үнэндээ л гай болсон. Энэ тухай зохих хэсэгт нь бичье. Шавар, торлогийг яаж давж гарах учраа олохгүй эхэндээ их будилсан. Тэгж явахад унадаг дугуй унаа болохоосоо илүү тээр саад болж байв. Тийнхүү будилж будилж торлогоос гарахын даваан дээр манай хэд өөдөөс хүрээд ирцгээв. Мэнд мэдэнгээ үлдсэн замын урт болон ерөнхий байдлыг мэдэж аваад цааш явав. Торлогоос гараад өгсөж очно гэсэн ч надад лав сүйдтэй санагдсангүй.

ГҮНЖИЙН СҮМ
Торлог, шавар хоёрын завсарт нэлээн будилсан тул цаг нэлээн явжээ. Бас очоод хэдхэн зураг дарах зуурт 30 шахуу минут болчихож байгаа юм. Тэгээд л нөгөө хэдийгээ хүлээлгээд байлтай биш гээд яаравчлан буцсан даа. Харин буцахдаа тун хурдан явав. Туршлагажсан юм байлгүй.

Зураг 12. Тахилгын сүмийн харагдах байдал

Гүнжийн сүмд бага үдэд очсон тул нарны шууд, хурц тусгал зургийг ёстой алахаар байв. Хурц нар ба гүн сүүдэр гэсэн маш таагүй нөхцөлд зураг авч буй тул "шот" нэг бүрчлэн аппаратаа тохируулж байв. Бүрэн manual тохиргоогоор зураг дардагийн ашиг тус энд л гарсан даа. Тухайн үедээ "тест шот"-уудаа хасаад 11 зураг авлаа гэснээс 2 нь шаардлага хангаагүй буюу 9 зураг үлдэв. Тэдгээр 9 зургийн тавыг нь танд сонирхуулаад үлдсэн дөрвийг нь хувийн архивтаа "жоорлолоо". Ийнхүү "шот" нэг бүрчлэн тохиргоотойгоо ноцолдохоос гадна цаг давчуу байсан тул композицийн эрэл хайгуул олигтой хийж чадсангүй. Гэвч УУДАГ-ын нөхөд маань жил бүр ийшээ аялдаг болохоор энэ ёстой "ничего" л байна. Харин хар шөнөөр гараад 09:00 цагаас өмнө амжиж ирэх гэсэн зорилгоо биелүүлж чадсан буюу группын админдаа "Шөнийн жийлт хийгээд очих санаатай байна." гэсэн үгээ бодит үйл хэрэг болгосондоо туйлын баяртай байна.

БУЦАХ ЗАМ
Гэртээ харих хүртэл бас л бөөн адал явдалтай учирсан. Салхи сөрөх, голын гармаар дугуйтай гарах зэрэг явдал мэдээж байсан. Харин миний хувьд шавар шавхайд алзахгүй хэмээн өмссөн гутал маань хөлийн тавхай нухаж өвтгөөд түүнээс нь болж хагас дутуу жийж явав. Ямар сайндаа л хоёр залуу хүү "Хөлөө нэг л сонин тавьж жийгээд байна." гэж байх вэ дээ. Тэгэхээр хол зайд жийх бол аль болох хөлд эвтэйхэн, зөөлөн гутал өмссөн нь дээр юм байна. Өөр нэг таагүй явдал гэвэл Гачууртын эцсээс Улиастайн гүүр хүрэх замд бөөн машин түгжирч зогсоод баахан утай май тавьсанаас нь болж дотор муухайраад бөөлжис цутгасныг хэлж болох юм. Өчнөөн цагаар цэвэр агаарт явж байгаад машины утаа үнэртэхээр бие организм эсэргүүцэж байгаа нь л тэр биз ээ. Ер нь хөдөөнөөс хотын утаа уруу орж ирэхэд дотор муухайрдаг нь ганц энэ биш л дээ. Яг энэ үед аяллын төгсгөлийн цэгт хүрсэн гэж үзээд нөгөө хэдээсээ тусдаа явсан нь оносон. Тэгээгүй бол хамт жийж яваа хэддээ түвэг болохгүй юу.

Буцах замын хамгийн гоё хэсэг бол Тэрэлжийн гүүрээс баруун тийш байх уул ба Туул голын хөвөө дагасан нарийн зурвас зам байсан. Яг л YouTube дээрх бичлэгүүдэд гардаг cross country зам шиг. Эвгүйтвэл голын усанд унаж мэдэхээр. Тэр замыг ерөнхийдөө давгүй туулсан боловч нэг удаа хэтэрхий хаширлаж том араандаа хийснээс болж хий эргүүлээд хойно явсан хоёр хүнд "шавар болох" шиг болсон.

Зураг 13. Тэрэлжээс УБ хот руу гарсан баг. Дэндийн амны адагт ойрхон ирлээ
Тэрэлж сууринд зарим гишүүдийн аяллыг саналаар нь эсвэл админы шийдвэрээр "хүчээр" дуусгаж машинаар хот уруу явуулсан. Ийнхүү замаа заавал жийж дуусгана гэсэн шийртэй нөхдүүд үлдсэн тул нэн ялангуяа засмал замын уруу дээр чирэгдэх талдаа явав. Манай хэд "Шөнө нойргүй жийгээд ядарч байгаа байлгүй." хэмээнэ. Анх удаагаа нэг дор ийм олон км жийж байгаа болохоор ядарсан л даа. Гэхдээ гутлаа буруу сонгосны гайгаар хагас дутуу жийж тамираа барсан тал бий байх. Харин шороон замд дугуйныхаа хүчээр яваад байлаа. Гэхдээ элс зэрэг шинэлэг зүйл овоо саад бэрхшээл болж байсан. Миний хувьд хайрга чулуу дээгүүр л явж байснаас сул элс дээгүүр явж байгаагүй тул туршлага дутаж хэд хэдэн удаа саатаж зогссон. За тэгээд элсэрхэг зам дуусахад Гачууртын гэр хороолол залгав. Гэр хорооллын шороон замаар цаашлах тусам явах машин олширч тоос шороо нь хэрээс хэтрэв. Эхэндээ нөхдийнхөө сүүл хавьд жийж явсанаа сүүлдээ машины тоос шорооноос болж баахан бухимдсандаа "Үүнийг түргэн дуугая." хэмээн өөртөө хэлж түрүүнд яваа хэдэн залуустай хамт давхисаар Гачууртын эцэс хүрэв. Хэрэв тэр хавийн замыг мэддэг байсан бол хамгийн түрүүнд нь ч хүрч мэдэх л байсан байх.

Ийнхүү явсаар гэртээ ирэх үед гэрээсээ гарсанаас хойш нийтдээ 23 цаг өнгөрсөн байв. Харин унадаг дугуйны маань хурд хэмжигч туулсан нийт замын уртыг 231 км гэж зааж байв.

ТӨГСГӨЛ
Ийнхүү нэг удаадаа 120 км жийж байсан хувийн амжилтаа 230 км болтол огцом ахиулсан жийлт маань адал явдал, дурсамж дүүрэн болж өнгөрлөө. Үүний зэрэгцээ өөр нэг баярт үйл явдал тохиосон нь УУДАГ-ынхаа Ногоон тэмдэгт гишүүний болзол хангасан явдал байлаа.

Умард өмнөд гэх энэхүү тэмдгийг группын аялалд хамрагдаж 1259 км зам туулж байж авдаг бөгөөд энэхүү зай нь Монгол улсын газар нутгын хамгийн хойд захын цэгээс хамгийн өмнөд захын цэг хүртэлх зай юм. Өөрөөр хэлбэл группын гишүүдтэй хамт улсынхаа хойд захаас өмнөд зах хүртэл аялсан гэсэн үг юм. Харин дараагийн тэмдгийн болзол нь баруун цэгээс зүүн цэг хүртэлх зай байна. Энэ мэтчилэн тэмдэг бүр өөрийн гэсэн утга учиртай. Гоё байгаа биз.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Баярмаа Л.Батболд Б.Батжаргал О.Маралгоо Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Г.Ганбаяр С.Баяртогтох Privacy Б.Баяржаргал Э.Амарболд Д.Базаррагчаа Э.Хосбаяр Ж.Ванчинсүрэн Д.Ганбат Г.Ёндонжамц Г.Махгал У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
Э.Баярмаа
  • 363 км дутуу
  • 896 км
  • 4
  • 2
  • 1
  • 0
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
С.Баяртогтох
  • 937 км дутуу
  • 322 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 385 км дутуу
  • 874 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Ганбат Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3638 км
Зүгээр л жий!