Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр бүрхэг, бараг салхи (2-3 м/с хурдтай)-гүй өдөр байлаа. Группийн аялал 8.57 цагт цугласан цэгээс хөдөллөө. Анхны аяллаа 8 гишүүн хийхээр (нэг бүсгүй) бидэнтэй нэгдэв. Хотоос гарах баруун зүгийн төв замаар жийсээр, Номин дэлгүүрийн гадаа хальтхан (ар гэрийн дуудлагаар 2 гишүүн эндээс буцав, 28 км) татаад, шууд Баруунтурууны давааны өгсүүр замд орлоо.
Пост дээр Батсүмбэр сумын нэг гишүүн (61 км) маань цаанаас ирээд биднийг хүлээж байв. Давааны тахир замтай хэсэгт салхигүй болж яльгүй бөгчимдөж байлаа. "Ковид-ын зай" барин өгссөөр манай баг даваа дээр гарав. Сунгалтын дасгалаа ч хийв. Аялагчийн ногоон, хөх, улбар шар тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулж, бөөндөө дурсгалын зураг татуулаад уруудлаа. Хөл хорио сулраагүй тул 361 гарамын суурин дундуур зогсолтгүй нэвт гараад, тэр эрчээр нь жирэлзтэл жийсээр 11 цагт Жаргалант суурин өнгөрч, салаа замын хойд, салхи нь нөмөр энгэрт өдрийн хоол идэж, амрав. Бас хөгжөөнт тоглоом тоглов. Шарга морьтоос гарсан хоёр гишүүн (40 км) биднийг тосон Гүнтийн даваа уруудаад ирлээ.Төмөр замын гарам доогуур гарч 14 км үргэлжлэх Гүнтийн давааны алсын өгсүүрт манай багынхан хийморьтой жийсээр Гүнтийн даваан дээр (энэ даваа дээр таталт хийх зохимжгүй байдаг) гарч, уруудан Жигжид зусланд ирэхүй дор 13.00 цаг болж байлаа. УБ хотоос угтаж гарсан манай хоёр гишүүн энд угтлаа (30 км) . Ийнхүү энэ өдрийн аялал цаг агаарын аятай нөхцөл, манай багийн гишүүдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтын ачаар амжилттай болж дуусав. Манай баг 44 хүнтэй байлаа. Аяллын зай 90 км. Давааны оноо +5.
Групптэй нэгдэн анхны аяллаа хийсэн шинэ гишүүн Д.Эрдэнэтуяа, О.Адьяа, Ц.Энх Амгалан, Т.Батдөлгөөн, Б.Сэргэлэн Очир, М.Билгүүн, Н.Энхтөр, Ж.Сайнбаяр нар, аяллын цувааг цоожлон хамгаалж аялсан УШТГ М.Урсгал (194), УШТА С.Бадрал (177), аяллын явцын фото зураг авч аялсан УШТГ Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье.
Эргэн дурссан тэмдэглэл: Баруунтурууны даваанаас ер нь дөлдөг байсан. Хойд чиглэлийн төв зам учраас автомашин ихээр холхино, мөн давааны дээд талын тахир замд юу ч тохиолдох эрсдэлтэй. Харин энэ удаа зам засварын ажил өрнөж байсан тул давааг түр хааж автомашин зорчих боломжгүй болгосон тул энэ чиглэл рүү мордсон билээ. Баруунтурууны даваа уруудах өргөн зам дээр салхи татуулан зуузай холбон бид 361 гарам руу жаргалтайгаар уруудсан. Хоорондоо ярилцаж ийнхүү буух нь бас аяллын нэг нандин хором шүү.
Аялахад тун тохиромжтой цаг агаар, группийн гишүүдийн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлгэлжилт зэргээс шалтгаалан юу юугүй л Рашаант сууринг нэвт сүвлээд, Жаргалант суурин хүрэх сунайсан замыг эвхчихсэн. Жаргалант суурин өнгөрч үдийн хоол идэж амарч байхдаа хамт олноороо "Атом молекул" хөгжөөнт тоглоом тоглосон явдал группийн аяллын түүхэнд гарч байгаагүй тохиох ховор боломж байлаа.