Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бямба гаригаас өвчний хөл хорио эхлэх Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарсан тул Баасан гаригт өдрийн аялал зохиосон билээ. Ажил төрлийн шаардлагаар зарим гишүүд маань оролцох боломж хомс байсан нь харамсалтай байлаа.
Салхи нь намуун, цэлмэг өглөө байв. Өглөө товлосон газраа цуглан 9.00 цагт замдаа гарав. Хаашаа ч гарах аргагүй "хашигдсан" цэлгэр замтай тул гишүүд өөрсдийн хурд хэмнэлийг хадгалан Айдасын даваа, Бөхөгийн даваа даван жийсэн. Ийм замын дунд таталт, амсхийлт хийдэггүй гэдгийг хашир гишүүд мэдэж байсан тул бүгд л Хөшигтийн хаалт орохоор шамдацгаав. Мөн цувааны цоожлогч томилох шаардлаггүй чиглэл юм. Энэ аялалд 3 шинэ залуу гишүүн оролцож, яг л группийн уламжлалыг даган явсан нь бахархал төрүүлж байв.Хөшигтийн талбай дээр эхний гишүүд 10.00 цаг, сүүлийн гишүүд 10.35 цагт ирлээ. Намрын нар ээж буй мэт хаврын салхигүй дулаан газар бид өдрийн хоол, ундаа идлээ. Аялагчийн улаан тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгээ гардуулж, дурсгалын зураг татуулаад ирсэн замаараа буцлаа.
Буцах замд баруун хойд зүгийн салхитай "баатарлаг тулалдсаар" энэ өдрийн аяллыг эхний гишүүд 12.30 цагт, сүүлийн хэсэг 13.20 цагт дуусгалаа. Манай баг 24 хүн (2 бүсгүй)-тэй байв. Аяллын зай 97 км.