Группийн түүх: 2021 оны I улирлын тайлан (зураг 4)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын улирал гэхэд салхи багатай намуухан өглөө боллоо. Гишүүд цуглаад яг 9.00 цагт хотын баруун зах чиглэсэн замаар хөдөллөө. Номин дэлгүүрээс хүнсний хангалт хийгээд, хойд аймгийн зүг гарах төв замаар жийсээр төмөр замын өртөө хүрч шороон замдаа орлоо. Биднийг гаргаж өгсөн нэг гишүүн (42 км) эндээс буцлаа.
Намхан толгодын ээвэр энгэр талын хуурай, шороон замаар бөөндөө жийж өгссөөр эхний овоотой даваан дээр гарч таталт хийж, зургаа татуулав. Уруудаад огцом богино өгсүүр дээр гараад Эмээлт суурингийн хойд талаар алсдуу уруудсан замаар сүнгэнэтэл жийгээд, жалга гарч уужим өгсүүр өөд цувлаа.
Өнөөдрийн аяллын зам нь манай нэг гишүүний хэлсэнээр "Сэлэнгийн долгио" байлаа. Хөл хорионы үед суурин газраас дөлөх бодлого хэрэгжин 361 өртөө хүрэлгүй уулаа нэг өгсөн даваж, уруудаад Баруунтурууны даваа өөд засмал замаар өгсөв. Давааг 20-30 метр-ээр намсгаж, эвгүй эргэлтүүдийг алсуур болгож өгсөн байв. Орой дээр таталт хийгээд Тахилтын ам хүрэх зам "таалагдаагүй" тул даваагаа уруудах шийдвэр гарав. Манай баг нийт 36 хүн (үдэн гаргалтын 1 хүн, бас 2 дугуйчинг буцаасан) -тэй байв.
Миний бие нүдний шилээ даваа дээр мартаж "орхисон" тул багийн хоёр гишүүн буцаж очоод аваад ирье гээд жийгээд явчихлаа. Ийнхүү энэ өдөр Баруунтурууны давааг манай багийн хоёр гишүүн (76 км+18 км) хоёр талаас нь даваж үзлээ. Бидний зогссон газраас Баруунтурууны давааны орой 9 км орчим зайтай байсан. Аяллын чухал "багаж" болсон нүдний шилийг минь авчирч өгсөн хоёр залуудаа маш их баярлалаа.
Группийн анхны аяллаа хийсэн Г.Даш Очир, М.Түвшинбилэг, М.Билгүүн, Ж.Баярсайхан, Б.Жавхлантөгс, Э.Хосбаяр, М.Бэлгүтэй, Elmond (Филиппин улсын иргэн), аялагч гишүүн болсон Б.Баттөмөр (222), С.Мөнхбат (223) нар, цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УШТГ Ц.Наранхүү (069) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Бат-Оргил | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4752 км |
Ч.Азжаргал | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2471 км |