УБ хотын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байдаг энэ чиглэл, маш өвөрмөц аяллын замтай байдаг. Хандгайтын хойд давааын эх хүртэл махийтал жийгээд, барагтай хүн жийгээд гарах аргагүй огцом нэг хэсэг газарт хүрээд түрдэг. Бахархалтай нь аргагүй цоглог жийгээд гарсан хэд хэдэн гишүүн бас байдаг. Даваанаас цааш уулаа энгэрлэн явсаар нэг хяр даваад урууддаг. Доор очоод Баруун голын шавар, бамбалзуур бүхий өргөн голомт туулан цаад энгэр рүү гардаг. Харин Баруун голоор уруудах зам нь овон товон, ургаа чулуу, бартаа ихтэй байдаг. Дэндүү их "донсолсоор" Бурхант хошуу хүрч байж Улиастайн хөндий уруудах "засмал" замд ордог.
Анх энэ давааг даваж Духын давааны зүүн талаас өгсөн "зүг алдаж", Шар нохойн жалга уруудан Үдлэг суурин хүрч, Ногоонтолгой ортол төөрч байсан. 2017 онд цогтойхон жийгээд, Шархад хүрч аялал дууссан. 2019 онд Баруун гол уруудан, Улиастай гол хүрээд Хадатаар даваж, Бэлхи рүү уруудан амжилттай дууссан. Энэ жил харин "давагдашгүй" хүчин зүйлтэй тулгарч, даваан дээр гараад, буцаад ирлээ дээ. Дахин уулзанаа, Баруун голын эх минь.
Группийн түүх: Энэ жилийн I улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ХТГ Б.Бадрах (зураг 9) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УТА Э.Ожго, Группийн аяллын тэмдэглэл
УШТГ Д.Цолмон, 100 дахь аялал миний сэтгэлд
УТА Э.Ожго, Өдрийн аялал 100, өөр өнцгөөс шинжихүй
Аяллын эвэнт дээр зарлагдсан А төлөвлөгөө "хорионд" орж, В төлөвлөгөө "ойрхон" санагдаад, С төлөвлөгөө буюу Духын давааны чиглэлд аялахаар төлөвлөж байлаа. Товлосон газраа тогтсон цагт очих үед, нам даралтын төв ноёрхож, тэнгэр бүрхэж, цас зөөлөн бударч эхлэх гэж байв. Сэлбэ голоо харлаа, голдрилоосоо халиад үерлчихжээ. Сэлбэ голын эхийн бүс буюу Харганы зам ямар их халиа, устай байгааг энэ "гол бидэнд хэлээд" өгчихлөө. Ийм учраас D төлөвлөгөөний дагуу Хандгайтын амны хойд талын даваа даваж, Баруун гол руу уруудан Улиастайн амаар Шархад хүрэх чиглэлд замдаа гарлаа. Манай баг 23 хүн (эмэгтэй 4)-тэй байв.
Салхи сөрөн хэсэгхэн жийгээд Хандгайтын ам руу салдаг зам дээр ирэв. Араас гарсан 3 дугуйчин хүрээд ирэв. Хандгайтын амны хойд товолсон ам руу орж өгсөн жийлээ. Энэ ам нь хөр цас ихтэй, мөн хөрсний чийг хөлдсөн тул мөсөн замаар чад пад хийн дуугарна. Дундаа нэг хальт таталт хийгээд даваа өөд зүтгэлээ. Давааны оройгоос 500 м орчим зайд ирээд жийх аргагүй болов. Цас бударсаар, харин өвлийн ой ажин түжин, салхи үгүй, дулаан гэж жигтэйхэн... дугуйгаа түрж зогсолтгүй урагшлах манай цувааны хэмнэл энэ орчинтой сүлэлдэн нэгдсэн мэт.Даваа (д.т.д 1977м) дээр аанай л салхитай байв. 11.40 цаг болж байлаа. Даваа яльгүй уруудан цастай замаар туучин, уулын хажуугаар энгэрлэн явсаар нэг аятайхан отог (самарчидын) оллоо. Хоёрын зэрэг түүдэг гал асаав. Багийнхан хооллож, ундалж, амарч, түүдэг галын илчинд норсон бээлий, хувцсаа хатааж сайхан амарлаа. Аялагчийн хөх тэмдгийн болзолыг энэ өдөр нэг гишүүн хангаж, тэмдгээ гардлаа.
Нүдэнд харагдахгүй ч Духын давааны хондлой даван салхилах салхины хүч, Баруун голын жавар, халиа, Улиастай голын задгай замаар уруудах нь эрсдэлтэй байсан тул, ирсэн замаараа буцах боллоо. Энэ үед агаарын температур унаж, салхины хүч мэдэгдэхүйц нэмэгдэн, орох цас ер зогсох шинжгүй болж бударч байсан юм. Осолтойхон замаар, урамтайхан уруудах залуус шарваж, мурилзсаар бараа тасрав. Хандгайтын амнаас гарахуй дор, зуслангийн төв зам мөстөж "мөсөн гулгуур" болжээ. Араас шуурах, хүчтэй салхинд туугдах нь аятай ч, норсон бээлий гарын хуруу хайрч үе үе мэдээ алдуулна. Ийм үед унадаг дугуйн зам биднийг хотод хүргэх найдвартай нөхөр болсон юм. Аяллын зай 70 км.
Жигжид зуслан дээр ШТГ Д.Сонинбаяр (077), УТГ У.Одбаяр (055), ХТГ П.Чинболд (025) нар халуун савтай сүүтэй цай барин угтсан юм. Мөн дээш өгсөн цувааны сүүлийн дугуйчидад халуун цай, еэвэн хүргэж цайлсан юм. УШТГ Г.Ганбаяр (118) бас ирж, бидний 4 дугуйчинг ачиж УБ хотод хүргэж өглөө. Группийн ийм л эгэл залуусын ач тусаар, аялал бүхэн амжилттай болж, хүн бүрт мартагдашгүй нэгэн мөнхийн бэлэг, зүрх сэтгэлд нь суулгадаг юм. Залуусдаа их баярлалаа.
Группийн анхны аяллаа хийсэн Д.Жамьяндорж, Б.Баяржаргал, Б.Сугар аяллын явцын зургийг авсан УШТГ Э.Уянга (074), цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УШТА С.Бадрал (177) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
100 ДАХЬ АЯЛАЛ МИНИЙ СЭТГЭЛД
Хавар бидэнд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ. Надад лав цагаан өнгөөр төсөөлөгдөж байсангүй санагдана. Харин би одоо хавар цагаан өнгөтэй гэж хэлнэ. Цаг агаарын мэдээ сануулж байсан ч хаврын салхи л бодогдохоос 3 сар сүүл рүүгээ орж байгаа өдөр нэвсийтэл цас дарах юм чинээ бодсонгүй. Алсын бараа бүдгэрч цайрсан өглөө жаахан эргэлзсэн ч зорьсоноороо аялал эхлэх цэг рүү цаг гучин минутын өмнө гараад жийлээ. Учир нь манай гэрээс Жигжид уулзвар хүртэл 20 км. Тиймээс эрт гарч жийсэн минь энэ. Бүүдгэрч гэрлээ пүнхийсэн өглөө хотын хойт хэсэг рүү дунд хэмээр тасралтгүй жийхэд нэн жаргалтай. Энэ л мэдрэмжийн төлөө 5 өдрийн ажлаа амжуулж, гэрийн ажлаа базаагаад Бямба гараг бүрд өглөө эртлэн босч дугуйгаа хөлөглөн жийдэг билээ.
Жигжид зуслангийн уулзвар дээрээс товлосон цагтаа аяллын D төлөвлөгөөний маршрутаар бүгд хөдөллөө... Аялал ийнхүү нөөц төлөвлөгөөтэй байж гэмээнэ аялалд зоригсодын хөдөлмөрийг үрж урмыг хугалалгүйгээр амжилттай болдог ажээ.
Салхи үл мэдэг өөдөөс ч гэлээ тогтуун талдаа дулаахан өглөө бөөнөөрөө жийсээр Хандгайтын амыг дуусган уул руу өгсөхтэй зэрэгцээд цас ч бударч эхэлсэн юм. Уулын замд шар ус урсан мөстөж дээгүүр нь цас орсноос зам тэр чигтээ хөдөлгөөнтэй дугуйн гар далийх төдий л хальтирч урагш ахихад нэн төвөгтэй. Гэсэн ч чадварлаг дугуйчид жийхдээ жийж замын байдал хүндрэхэд түрэхдээ түрсээр тэгш зам дуусч давааруу өгсөж эхэллээ. Өвлийн ой үнэхээр үзэсгэлэнтэй. Төсөөл л дөө. Нам гүм ойд цас зөөлхөн бууна. Цоо шинэ цасан дээр танил дотно дугуйн мөрнөөс өөр тэмдэггүй. Салхи үгүй жавар үгүй өвлийн ой. Мэдээж энерги ихээхэн зарцуулж байгаа болохоор бие дотроосоо халж халууцаж байгаа нь таатай ч удалгүй энэ мэдрэмж эсрэгээр сорил болж ирнэ гэдгийг тухайн үедээ мэдээгүй билээ. Хүн биеэ бүрэн удирдаж тааж мэддэггүйг энэ хэдэн жил уулаар аялахдаа ч дугуйгаар аялахдаа ч ажигласан нь энэ удаа бас зөрсөнгүй. Тиймээс “Нэгэн удаагийн амжилтандаа бүү эрдээрэй. Нэг цагийн дараа биеийн байдлаа хэрхэн өөрчлөгдөхийг хүн таах аргагүй” гэж админ дандаа захидаг юм.
Өглөө эрт босоод замд 20 гаран км жийгээд бас дахин жийгээд даваа руу өгсөх хүртэл хөнгөн байсан бие гэнэт нэг л биш хүндрэн нуруу хөшиж эхэллээ. Магадгүй агаарын даралт нөлөөлсөн ч байж мэдэх юм. Яанаа, бусаддаа төвөг болохгүй юмсан гэдэг бодлоор хөлнөөс зүүгдэх цастай үзэлцэн урагш ямх ямхаар ахиж байтал өнөөдрийн аяллын цоожлогч, группын админуудын нэг Бадрал дүү та өөрөө дангаараа алх, би 2 дугуйгаа түрээд алхья гэлээ. Санаа зовж уучлал гуйгаад аргагүй шийдвэрийг дагаж өөрийгөө авч даваа руу зүтгэлээ. Аяллын замд амь нэгтэй явахын утга учрыг бүрэн эзэмшсэн залуус үнэхээр бахархам.
Давааны орой дөхөх тусам салхи ихсэж буй мэдрэгдэн дотроос халсан хөлсийг сэрүүцүүлж хувцас дээр буусан цас хөлдөж хүндрэнэ. Охин хүү хоёртоо санаа зововч бараа үл үзэгдэн аль хэдийнээ бусад залуустай урагш явсан гэж бодохоор сэтгэл уужирна. Тэрнээс намайг бараадан явж ядаад ядраад байвал хичнээн хэцүү билээ. Ингэж л биеэ даадаг болгох гэж, залуусаас тэсвэр тэвчээр ихийг сураг гэж эднийгээ дагуулан яваа билээ. Даваан дээр багаараа гарлаа. Энэ удаа салхи ширүүсч хөлөрсөн хувцас хөлдөн халууцсан бие дагжин чичирч байсан тул өндөрт гарсан баяр бахдал зүрхэнд булиглавч Улиастайн ам хичнээн уужим урт билээ, үлдсэн замаа хэрхэн туулах вэ гэсэн бодол санаанаас үл гарна. Бүгд даарч байсан ч эрвийх дэрвийхээрээ хөдлөн гал түлж хоол ундаа идэцгээн аяллын хөгжилтэй яриа өрнүүлэн зураг дарцгаан хөдлөх тийшээ хандаж байтал админ бүгдийг дуудан буух замын тухай мэдээлэл дамжуулав. “Цаг агаарын байдлаас шалтгаалан бидний маршрут өөрчлөгдлөө. Одоо маршрутын дагуу давж уруудвал задгай руу бууна. Улиастай амны эх онгон дагшин байгальтайн хэрээр зам тааруу том том чулуутай, голын халиа ихтэй. Тиймээс хамгийн зөв зам бол ирсэн зам. Тиймээс одоо бүгд бэлтгэлээ базаагаад ирсэн замаараа Хандгайт руу уруудаад буцна” энэ үг үнэхээр туршлагатай админаас гарах үг байлаа. Энэ үгийг сонсох хүртэл Улиастайн амны хэрхэн хол, бартаатай замтайг мэдэх болохоор яаж ийм шуурганаар уруудна, хэзээ хот орно доо гэсэн айдас дүүрэн байсан болохоор үнэхээр баярлалаа.Нээрээ тийм байна шүү дээ. “Ирсэн зам хамгийн аюулгүй. Ууланд ч тэр. Хамгийн аюулгүй зам бол өгссөн зам чинь тул уруудахад өөр зам сонгох хэрэггүй. Хэрэв төөрвөл оргил руугаа буцаад гар” энэ үгийг админ дандаа хэлдэг шүү дээ. "Аялалд гарсан л бол биеэ даах ёстой. Үйлчилгээ авах ёстой мэт бодож хэрхэвч болохгүй. Учир нь энэ аяллыг чи өөрөө л сонгосон. Мөн аялалд нэгдсэн бол өөрийнхөөрөө мөчөөрхөн тэрслэх ч хэрэггүй. Чи энэ багийг өөрөө л сонгон нөхцөлийг зөвшөөрөн явсан". Би ингэж л боддог. Тиймээс би хүчирхэг гишүүд, туршлагатай админаараа бахархдагийгаа харамгүй бичих дуртай.
Байгаль дэлхий бидэнд өөрийн хэлээр бүгдийг хэлдэг ажээ. “Өнөөдөр би хаврын цагаан цас, хөнгөн хүчтэй салхиараа төрөлх хотыг чинь ариусгах тул Улиастай ам уруудаад хэрэггүй ирсэн замаараа буц. Та нарыг салхиа татаж, цасаа зөөлөн будруулж аюулгүй даваан дээр гаргалаа. Модоо түлүүлж дулаацууллаа. Одоо болгоомжтой уруудаад харь даа” Тэр ингэж хэлжээ. Харин түүний хэлснийг сонсож мэдэрч гэмээнэ аялал аюул осол эндэгдэлгүй аз жаргал, амжилтаар дуусдаг болов уу.Ингээд биднийг ирсэн замаараа буцахад хүчтэй шуурганаас ой биднийг хамгаалан буулгалаа. Мэдээж бууж байгаа болохоор өгссөнөөс хамаагүй хурдан байгаа ч энд тэнд зөөлөн газардалт багагүй сонсогдоно. Тэдний нэг нь би. Овоо хэд хэд газардлаа. Зүгээр үү? Зүгээр ээ. Энэ хоёрхон үг аяллын замын итгэл, урам зориг билээ. Хэдийгээр унаж ойчиж, даарч, хөлдөж яваа ч энэ аяллыг хэн ч муухай аялал байсан гэж хэзээ ч ярихгүй. Энэ бол аяллын цор ганц үнэн. Аялал бүхэн сайхан.
Хэд хэд газардсан би буугаад дугуйгаа түрээд алхсаар уулнаас бууж задгай талд буюу зуслангийн замд баруун хойноос нүдэх салхинд туугдан ёстой дугуйны эрхээр уруудлаа. Автозамын байдал өглөөнийхөөс хамаагүй хүндэрчээ. Мөсөн толь болсон зам дээр машинууд аваарын дохиогоо асаан удаан явж байлаа. Явган хүний замаар аажуухан урагшилж байхдаа 2 хүүхдээ хаана яваа бол гэсэн бодлоо гээж чадахгүй л байлаа. Гэвч залуустай урд яваа өдийд Жигжид суурин хүрсэн гэдгийг мэдэж байсан болохоор санаа зовоогүй юм. Харин ч даваан дээр намайг халамжлан байсныг нь бодоод өхөөрдөн хат сууж л байна даа гэж хайр хүрч байлаа.Хэдийнээ норсон бээлий хөлдөж дотор нь гар байгаа эсэх нь бүү мэд. Ашгүй замын хажууд эхний онгорхой дэлгүүр таарахад орж ажлын бээлий хэдийг авч давхарлаж өмслөө. Хэдийгээр хувцас хөлдөж хайрч байсан ч гартаа хуурай бээлий өмсөнгүүт Жигжид хүрэх асуудалгүй санагдаж зориг орсон доо.
Аялал бол нөхөрлөлийн талбар. Өнөөдрийн аялалдаа явж амжаагүй залуус халуун цай хоол барин, бас аялал дуусах Жигжид суурингаас дугуй ачиж магад гээд том жижиг хоёр автомашин хөлөглөн тосчээ. Баянбулагийн зуслан өнгөрөн уруудаад жийж явтал нэгэн машин зөөлөн сигнал өглөө. Хажууд ирээд зогсохыг харвал манай залуус. “Халуун цай ууж дулаац эгчээ”. Дулаан машин халуун цай үнэхээр аз жаргал. Тэд биднийг маршрут ёсоор Улиастай ам уруудвал тийшээ явахаар, эсвэл чиглэл өөрчлөгдсөн бол тэр зүгт нь тосохоор хүлээж байгаад энд ирснээ хэллээ. Хамт ирсэн нэг нь түрүүлж очсон дугуйчдаа цайлаад Жигжид дээр үлджээ.
Залуусаа харж урам зориг авсан, халуун хоол цай уусан, хуурай бээлийтэй хүн чинь хүчтэй шуургыг мартан бөөн эрч хүч Жигжид дээр дорхноо жийгээд л ирлээ. Эхний залуус аль хэдийн ирж дулаацаад үргэлжлүүлэн хотруугаа жийгээд явжээ. Ийнхүү туршлагатай админ, хүчирхэг гишүүдийн эрч хүч дунд, шинэхэн гишүүдийн догдлол дүүрэн эрмэлзлэлээр хөглөгдөн гэнэтийн хүйтэн цасан шамрага хүчтэй салхитай хаврын нэгэн мартагдашгүй цав цагаан өдрийн аялал минь сургамж болоод аз жаргал дүүрэн өндөрлөлөө. Энэ аяллаа би хэзээ ч мартахгүй . Энэ бол Улаанбаатар уулын дугуйн аяллын 2021 оны 3 сарын 27 ны Бямба гарагийн 100 дахь аялал байсан юм.ӨДРИЙН АЯЛАЛ 100, ӨӨР ӨНЦГӨӨС ШИНЖИХҮЙ
Хаврын хуйсагнасан, бүрхэг тэнгэрийн дор нэргүй нэгэн давааны өөд зурайх цастай замаар цуваа урагшилна. Хөр цас, мөстэй зуурагдан нэгэн өвөрмөц хольц үүсгэн зам бүрхжээ. Унадаг дугуйны мөрөнд бяцлагдан тас няс, шад пад хийн хагарч, бутран, өвдөж байна шүү гэж бидэнд гомдоллох мэт.
Арын дугуйчны ойртох чимээг сонсон, жижиг хүрд, том арааны жигд итгэлтэй зүтгэх хүчээр дээш өгсөнө. Хэн нэгэн, аа хэмээн уулга алдан тэнцвэр алдах, эсвэл дуу алдаж ч амжилгүй пид хийх чимээ хааяа сонсогдоно. Дэндүү ойлгомжтой тул, эргэж харалгүйгээр Зүгээр үү гэж хашгирахад, ийм нөхцөлд хүнээс гарамгүй маш тайван хоолойгоор зүгээр ээ гэж хариулах андуудын хариулт, аяллын замд бас нэгэн итгэл төрүүлэн тайвшруулах нь юутай бахтай.
Унадаг дугуйгаар аялах гэсэн ганцхан сонирхолын зангилаа дээр нэгдэн, тухайн өдөр нэг гэр бүл болон дотонсож, хамтдаа аяллын замд ханьсах ийм содон хамт олон амьдралд бүрэлдэнэ гэдэг ертөнцийн нэгэн гайхамшиг гэлтэй. Нэр, зүс үл мэдэх андуудыг ингэж нягтруулна гэдэг унадаг дугуй хэмээх гайхамшигт унааны ид шидийн биелэл билээ.
Яг л өвлийн улирал энэ өдөр айлчлан ирсэн мэт орчинд зузаан нойтон цасыг зүтгэн туучин, дугуйгаа түрэн урагшлахдаа цасан дор нуугдан отох мөсөн бүрхүүл дээр хальтирч унах, тамир баран хальт гишгэн хөл алдах үедээ хэн нэгэн чангаар инээх, тэгсэнээ хөөрөн хашгирах, ямар гоё байнаа гэсэн сэтгэл ханамжийн үг биднийг тойрон бүжиж байсан юм. Ёстой л алд биений жаргал энэ цасан дээр бөөгнөрөн гэрэл цацруулж буй аятай хүн бүрийн нүднээ жаргалын оч бадарч байхыг би харсан. Унасан нэгнээ татаж босгох, буцаж ирэн дугуйг нь дээш авах, хоёр дугуй түрэн өгсөх энгийн эдгээр үйлдэл бүхэн аяллаа дуусгах гэсэн хүн бүрийн хүсэл мөрөөдлийн биелэл болон хэрэгжиж байлаа.Хаврын нойтон цас хувцасны хунираа, булан бүрт шигдэн цугларч, хэдэн мөчийн дараа хайлмагтан бага багаар чийг болон биднээс зүүгдэнэ. Хүйтэн салхи, цасан шуурганаас биднийг хамгаалах ой модон дээвэр дор, өгсөхүйд хүн бүрийн хөлс чийхрэн дотроос жигнэнэ. Цасны ус, биеийн хөлс бидний хувцасны хоёр талаас нэвчсээр нэгдэн нийлэх тэрхэн эгзэгтэй үед давааны оройд гарч ирсэн юм.
Энэ өдрийн нар нуугдан, бүрхэг тэнгэрийн цаанаас сарнимал цацрагаа илгээн өөрийгөө сануулан, та нар сайн яваарай гэж ерөөх шиг, хүчит цасан шуурга ар талаас ташуудуу үлээн хурдан хариарай, намайг уучлаарай гэж үглэн исгэрч, мөс цасанд хучигдсан халтиргаат зам бие дээгүүр минь зөөлөн жийгээд, уналгүй урагшилаарай гэж халамжлан чихарсан, байгаль эхийн өгөөмөр хайрын өглөг дүүрэн энэ өдрийн аялал амжилттай болж дууссан билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Батжаргал | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8259 км |
Б.Бадрах | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2403 км |