Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг, салхи баруун хойд зүгээс овоохон салхилсан хаврын нэгэн тунгалаг өглөө болов. Товолсон газраа цуглан, зарим гишүүд дэлгүүр орж хүнс нөөцлөөд замдаа 10.20 цагт гарлаа. Гацууртын ам хөндлөн гарч байхад голын жавартай хүйтэн салхи хацар хөлдөөх шахам үлээж байв. Туул голын хөндий рүү ороход дулаахан байв. Минж үржүүлгийн газрын хажууд татаж, зургаа авахуулаад, цааш шороо чулуутай замаар түжигнэтэл жийсээр, Дэндий амын эхээр дайрч уруудан Туул голын бургасанд орж өдрийн унд уулаа.
Голын салаа, үндсэн голдрил хөлдүү байсан ч автомашин яваад шороон гадаргатай болгосон тул жийгээд гарах боломжтой байв.Замын байдал хуурай, шавар усгүй байв. Налайх хүртэл салхиар дэмжүүлэн явсаар, зүг эргэж Оргил худалдааны төв хүртэлхи өгсүүрт салхитай байлдан махийтал өгссөөр 12.40 цагт эхний дугуйчид ирсэн юм. Манай баг 31 хүнтэй байв.
Энд арын гишүүдээ хүлээж нэлээд тухтай амрав. Багаа цуглуулж аваад хүйтэн салхи сөрж бөөндөө жийсээр, группийн залуус маань өөрсдийн туршлага, хүч бяраар багийн нөхдөө "чирэн" зүтгэсээр, Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Энэ жилийн хаврын салхины хүчийг "анх" амссан түүх энэ болой. Аяллын зай 75 км. Давааны оноо 1.Группийн анхны аяллаа хийсэн Д.Батболд, С.Бадам Очир, С.Бат Эрдэнэ, О.Одцэрэн, У.Хосбаяр, аяллын явцын зургийг авсан УШТГ Д.Мөнхнаст (088), цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УТГ У.Одбаяр (055) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.