УБ хотоос Батсүмбэр сумын чиглэл, Хүйн гол, Хараа голын хөндий рүү гарах хамгийн дөт зам бол Харгана байдаг. Группийн түүхэнд энэ сайхан газар руу 4 удаа зорьж аяласан ба 4 удаа бусад чиглэлд аялахад "дайрч" гарч байсан байна. Нийт 8 удаа хөндлөн гулд даваж, урууджээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг, салхи зүүн өмнө зүгээс бага зэрэг салхилсан хаврын нэгэн амгалан өглөө боллоо. Товолсон газраа цуглан, 10.03 цагт аялал эхлэв.
Хүн бүрийн биеийн бэлтгэл жигдрээгүй байсан тул өөр өөрсдийн хэмнэл, хурдаар зогсолтгүй урагшилсаар Санзайн "Хэрэмхэн" дэлгүүрийн талбай дээр ирж, дасгалаа хийж амсхийлээ. Бага Баянгийн ам өнгөрөөд засмал зам дуусав. Зам дээр хэмхдэс чулуунууд асгаж, зам зассан тул шавар, ус тогтоогүй байсан. Сэлбийн эхийн хаалттай хаалганы, хажуугийн намхан хайс даваж ороод, замаа үргэлжлүүлэв. Энэ жилийн хувьд голын халиа дээгүүр шар ус маш нимгэн давхрагатай бараг үгүй байлаа. Мөн нойтон цас харьцангуй их тул нөгөө айхтар шавар шавхай бага байлаа. Нойтон цасанд гулбилзах, тэнцвэр алдах, халтирах гэх мэт "зовлон" байсаан байсан. Тошин дээгүүр түрж гараад л, цастай замаар манай залуус жийгээд алсарч билээ.Харгана дээр 12.30 цагт ирж түүдэг гал түлж, хоол цайгаа идэж амарлаа. Салхи тогтуун, дулаахан байв. Мөн улбар шар тэмдгийн болзол хангасан гишүүдэд аялагчийн тэмдэг гардуулав. Мөн аялагч гишүүн болох босго (5 аялал)-ыг өндөрсгөсөн болохыг зарлав.
Хотоос оройхон гарсан нэг гишүүн Харгана дээр хүрч ирж, манай баг 34 хүн (бас Хуурай мухарын ам дээр нэг гишүүн тоссон)-тэй болсон юм. Ирсэн замаараа урамтай жийсээр Жигжид зусланд 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 70 км. Аялагч гишүүн болсон Г.Махгал (220), Ш.Мөнгөнсүх (221), бидэнтэй нэгдэн анхны болон удаах аяллаа хийсэн залуус болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.