Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #19 - ЗҮҮНХАРАА, ТҮНХЭЛ, БАТСҮМБЭР БУЮУ ШӨНИЙН АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/176
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
76 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1177 м
Өндөр алдалт
-913 м
Их өгсөлт
13 %
Их уруудалт
-14.9 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2020 оны 9 сарын 19 Бямба гараг, 0:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Зүүнхараа хот
Цуглах цэгийн солбицол
48.857194, 106.455417
48°51'25.9"N, 106°27'19.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ жилийн III улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ШТГ П.Золзаяа бүсгүй (зураг 4) жийлээ.
Группийн түүх: Аялагчийн тэмдэгтэй гишүүдийн тоо 2016-2020 он (зураг 5)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Д.Цолмон

Зарлагдсан эвэнтийн дагуу УТА Э.Ожго (837), УТГ Б.Батжаргал (116), ШТГ П.Золзаяа (198), УШТГ Д.Цолмон (198), аялагч гишүүн О.Маралгоо (205), Г.Ёндонжамц (219) нарын 6 гишүүн анх удаа шөнийн жийлттэй аялалд оролцохоор баасан гаригийн орой 19 цагт галт тэрэгний буудалд цуглав. Галт тэрэгний тээшинд дугуйгаа өгч 20 цаг 20 минутанд галт тэрэг биднийг аялал эхлэх цэг Зүүнхараад хүргэхээр хөдөллөө. Нэг талдаа галт тэрэг хөлөглөсөн аяллыг энэ жил бид нэлээн хэдийг хийсэн тул гишүүд бүүр туршлагажсан харагдана.

Гэвч аялал бүр өөрийн дахин давтагдашгүй онцлог, хүсэл тэмүүлэл, зорилготой байдгийн дээр энэ удаагийн аялал маань анх удаа шөнийн цагаар жийхээр зохион байгуулагдсан болохоор, хэдийгээр аян замд хөгжилтэй зүйлсийг хуучлан явсан ч хүн бүр дотроо догдолон шөнийн турш уулын замаар жийхэд яах бол, ямар байх бол, даарах болов уу, нойр хүрэх болов уу гэж бодож байгаа нь мэдэгдэж байс гээд л энэ яриа руу орж байлаа.

Галт тэрэг 2 цаг гаран давхиад 23 цаг 30 минутанд Зүүнхараа өртөөнд биднийг хүргэв. Салхигүй дулаахан намуун шөнө урд хойд гэрлээ бэхэлж бэлтгэлээ базаагаар 23 цаг 50 минутанд бидний анхны шөнийн аялал эхэллээ. Буудлын нүхэн гарцаар гарч Зүүнхараагийн шөнийн гэрэлт гудамжаар жийсээр удалгүй шинийн нэгний саргүй тас харанхуйд хээрийн замтай учрав.

Байнга явж дадаагүй шинэ газарт саргүй шөнө харанхуйд замаа олж, уулын амаа зөв олж өгсөнө гэдэг бол үнэхээр хэн хүний хийж чадаад байдаг зүйл биш болох нь аялал эхлэх мөчид мэдэгдэн зөвхөн урд яваа админы анивчих хойд улаан гэрлийг харан урагшилж энэ аялал бүхэлдээ амьд луужин, амьд газрын зураг админыхаа мэдлэг, туршлага дор явагдах нь ойлгогдож, харин түүнд тээр бололгүй үүр хаяаруулчих юмсан гэсэн ганцхан бодлоор урагш жийж байлаа.

Хэрх уул яг зүүн гар талд өнгөрч байна гэж админыг хэлэхэд энэ тас харанхуйд бодвол байгаа байх гэж бодоод бид за л гэж хэлнэ. Шөнийн харанхуй үнэхээр онцлогтой ажээ. Харах орчин хязгаарлагдахаар дагаад бусад мэдрэмж арай илүү ажиллаж өгсөж байна уруудаж байна гэдгийн хөлийн жийлтийн ачааллаар баримжаалж машин үргэлж явдаг орон нутгийн тагтаршсан замаар жийж байгаагаа мэдэвч үе үе замын гүн ховил руу давхин орж өөрийгөө бас тэрүүхэндээ сандаргана. Энэ удаагийн аяллын 6 гишүүний нэг нь группийн хамгийн бага 17 настай О. Маралгоо (миний охин) би чадна, шөнө жийж үзмээр байна гэж зүтгэж зорьсоор гарсан болохоор хамаг чадлаараа жийж явааг нь харахаар хайр хүрч урам зориг орж явлаа.

Байн байн өгсөж уруудахаар энэ удаагийн аяллын хамаг даваагаа давчих вуу даа гэж хөгжилтэй бодлоор өөрийгөө зугаацуулан 70 гаран км чинь арав арваар 7 удаа барахад л дуусна, шөнийн зам хурдан хордог юм гэж өөрийгөө, бас охиноо зоригжуулна. Удалгүй уулын энгэр ороосон уужим өгсүүр эхэлж эхний даваа өөд өгсөж байгаа нь мэдрэгдэж байлаа. Жийж болоод байгааг бодоход алсын уужим өгсүүртэй бололтой. Даанч нүдэнд юу ч үл үзэгдэж баруун гар талд хусан ой зүүн гар талд уулын энгэр байгаан байна даа гэж бодож жийсээр Ажинтын даваан дээр шөнийн 02 цаг 50 минутанд багаараа гарч анхны баяр хөөр боллоо.

Зураг 1. Ажинтын давааны орой дээрхи сүүдрэвчинд амарч буй агшин
Энэ бол Ноён уулын үргэлжлэл үзүүр хэсгээр давж байгаа даваа гэж админ хэлсэн. Ингээд араа хүрдээ хүндрүүлэн тохируулж харанхуйд давааны уруу болгоомжтой уруудлаа. Ерөнхийдөө даваа давахаас бусдаар зам дандаа уруу байгаа нь хөлд мэдрэгдэж энэ харанхуй шөнө хэрэв өгсүүр замд удаан явбал ёстой үхэж дуусах байжээ гэж бодоод амжив. Энэ давааг уруудан жийсээр бид Хараа голд тулж ирэхэд админ биднийг замчилсаар их урт нарийхан модон гүүрээр гаргаж үргэлжлүүлэн Түнхэл тосгоны дундуур жийсээр өнгөрөв.

Энэ үед үүрийн 4 цаг дөхөж байв. Цаанаасаа л үүр хурдан цайгаасай гэсэн хүсэл дотроос яаруулна. Ай гэгээн гэрэлт нар чи минь хурдан мандаасай. Жийсээр ойрмогхон орших, нутгийханы хэлдэгээр Хоёр давааг угсруулан давав. Гэхдээ эхний даваа хүртэл цаг агаар бүгчим дулаан байсан бол даваа давангуут битүү цан хүүрэг болсон голын хөндийрүү орж ирж шууд сэрүү татлаа. Өргөн намгийг бут сондуул дээгүүр хайрайлган гатлаад дараагийн даваа руу өгсөх үед үүр цайж орчин бүхэлдээ харагдан гэрэл шаардлагагүй боллоо.

Зураг 2. Манай баг, Хараа голын манант хөндий

Харанхуйд баригдмал байсан сэтгэл үүрийн гэгээтэй хамт тавиран даваа өөд өгссөөр гарахад өглөөний 6 цаг 30 минут. Нарны анхны туяа зүүн уулын оройгоор туяарч харагдавч энэ уулыг даван хөөртөл бас ч болоогүй ажээ. Даваан дээрээс Хараа голын хөндий үнэхээр үзэсгэлэнтэй харагдав. Тэр чигтээ манан сууж өтгөн хэсэг нь даваан дээрээс нуур байгаа мэт цайран харагдана. Нэгэнт гэгээ орсон, Батсүмбэр суурин дөхсөн тул давааны уруу аз жаргалтай уруудан хүйтэн нойтон агаар сэнгэнүүлсэн будан дунд ороод ирлээ.

Зураг 3. НТГ О.Маралгоо, Үүр манхайн цайх Хараа голын хөндий
Дэргэдүүр Хараа гол хойшоо урсана. "Хараа голын намар" гэсэн хэдэн зураг дараад гишүүдийнхээ араас хөдлөв. Баруун зүүн талаар намаржааны айлууд өнгөрч зүүн урд Баянбуурал амралт, айлуудын суурин харагдаад өнгөрөх үед Хар модон даваа буюу нутгийхны нэрлэдэгээр Хөх даваа руу өгслөө.

Намрын үзэсгэлэн нүдний өмнө шаргалтан хүн болоод дугуйны гэмтэл бэртгэлгүй зам дуусах хэсэг рүүгээ хэдийн орж сүүлийн давааруу өгсөж байгаа нь юутай сайхан бэ. Даваан дээр манайхан таталт хийн хүлээж байлаа. Биологийн хуулийг зөрчин унтах цагаараа сэрүүн тасралтгүй 7 цаг жийж өлссөн хэдий ч юм идэх хүсэл төдийлөн төрөхгүй байлаа. Гэсэн ч үлдсэн 20 орчим км зайг амжилттай дуусгахын тулд багахан өл дараад бид хөдөллөө.

Зураг 4. Манай баг, аяллаа дуусган Батсүмбэр сумын төвд ирлээ
Энэ хэсэг бол өмнө нь Шатанг өртөө орохоор жийж явсан танил зам тул тасралтгүй жийсээр төмөр замд тулсан уулын нарийн шахаагаар болгоомтойж гаран хуучин Батсүмбэр, урт ногооны талбайгаа өнгөрөөд өглөөний 8 цаг 40 минутанд Батсүмбэр суманд ирлээ. Бид энэ шөнө 78 км туулжээ.

Биднийг аялагч гишүүн Д. Ганболд (201) тосон авч тухлаг буудалд амраан, амтат хоолоор дайлсан билээ. Энэ зуур УБ хотоос группийн 5 гишүүн өглөө нааш гарсан мэдээ авч тэднийгээ хүлээн амарч байх зуур энэ удаагийн анхны шөнийн аяллын аз жаргалтай бөгөөд сургамжтай талуудыг ярилцлаа.

Аяллын аз жаргал: Админы чадварлаг шөний хараа мэдрэмж, ядарсан даарсангүй бүгдээрээ асуудалгүй замаа дуусгаж чадсан мэдрэмж.
Сургамжтай тал: Шөнийн аяллын замыг гэрэлний хүчээр л туулдаг ба бидний аяллын шөнийн 6 цагийн хугацаанд байнга асаалттай явахад бас хүйтэн салхи нөлөөлж бүрэн цэнэглэсэн гэрлийн зай хүрэхгүй дуусч илүү гэрлүүдээ ашиглан байж үүр цайлгасан тул явах цагаасаа хамааран шөнө нэмэлт нөөц гэрэлтэй явах, халуун уух зүйлтэй явах, аанай л хөл шагайн хамгаалалттай ул сайтай гуталтай явах зэргийг санаа нийлэн ярилцсан билээ.

Хотоос гарсан 5 гишүүн маань 12 цагийн үед ирж бид баяр хөөр болон уулзацгаан (энэ мөч үнэхээр нэг гэр бүл болсон халуун дулаан мэдрэмжийг өгдөг) аяллын сонин сайхнаа ярилцан шөнийн аялал хийсэн 6 гишүүний 5 нь 14 цагийн галт тэргээр буцаж, нэг гишүүн Г.Ёндонжамц (219) хотоос ирсэн гишүүдтэй нийлэн УБ хот руу буцаж жийснээр энэ удаагийн аялал өндөрлөлөө. Намрын сэрүүн шөнө, шөнийн аялалд хатуужин өөрсдийгөө ялсан, туршлага хуримтлуулсан гишүүддээ баярлалаа. Өөрийн үүрэг мэт чин сэтгэлээр өглөө эрт тосон авч амраан амтат хоолоор дайлсан Д.Ганболд андад болон УБ хотоос тосон жийж ирсэн гишүүддээ баярлалаа. ЗҮГЭЭР Л ЖИЙ

Зураг 5. Улаан хивс. 2020 он 7-9 сар, III улирал

Зураг 6. Аялагчийн тэмдэгтэй гишүүдийн тоо 2016-2020 он

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Маралгоо Г.Ёндонжамц Т.Баярсайхан С.Бадрал Б.Бадрах Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!