Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэхүү аяллыг одоогийн өнцгөөс харахад группийн балчир "гэнэн" байсан үе өөрийн эрхгүй санагддаг. Өвлийн дунд сар гарчихсан байхад 1900 гаруй метр өндөр даваа давах чиглэл гарган "санаа цэлмэг" жийж л явдаг. Нэг талаас бахархалт түүх юм даа.
Шархадны эцсийн буудлаас аялал эхэлж, Улиастайн хөндий өгсөн хар хошуу дээр нэг татчихаад, шууд Еэвэнгийн дэлгүүр рүү жийлээ. Улиастай голын мөсөн дээгүүр гараад, Хойд Баян голын ам руу зүглэв. Амны наана Хойд Баян гол гараад жижиг суурин руу орлоо. Нутгийн хүнээс даваа давах гэж явж байна, ямар нэртэй даваа вэ гэж асуулаа. Өвөлжөөний саравч дээр өвс сэрээдэн зогсох хижээл хүн, аан Нурамтаар давах юм байна гэж хэлэв. Ингэж энэ давааны нэртэй танилцсан юм.
Шинэ гишүүд энэ аялалд оролцож байгаа тул байдлыг харваас бярлаг, цогтой жийж асан нүдэнд тусах нэг залуу нь манай группийн бадрангуй аялагч Т.Баярсайхан анд байсан юм. Энэ аяллын замын судалгааг газрын зураг дээр хийсэн тул хаагуур салах, давааны зам руу хэрхэн орох, давааг аль чигтэй давах талаар "мэдэж" байв. Гэтэл давааны гол зам руугаа хэрэхэн орохоо "мэдээгүй" байсныг цааш үргэлжлэх зам надад "хэлсэн" юм.
Уулын бяцхан хөлдсөн горхины халиа гараад дэнж рүү өгсөөд харсан замтайгаа нийлэв. Лут том даваа байна. Хуурай зөөлөн цастай зам цэлийнэ. Дугуйгаа түрээд өгслөө. Хойд дугуй дээр нь босгож түрвэл, эсэргүүцэл бага байдаг гэж Г.Манлай багш бидэнд зөвлөв. Үнэхээр үнэтэй зөвлөгөө байсан. Гараа унжуулан, налж орж ирсэн урд дугуйгаа хацартаа шүргэх төдий зайд байрлуулан түрэхэд ядралт бага, зам хороох нь дөхөм байсан юм. Эхэндээ бид гарын тохойгоо дээш өргөн явж байснаа удалгүй гар сульдаж доош буулгахуйд бүр ч амар болохыг сурсан даа.
Зогсолтгүй өгссөөр байгаад даваа дээр гарав. Сайхан даваа. Хоол хүнсээ идэн сайхан амарч, дурсгалын зураг татуулаад хөдөллөө. Даваа уруудах зам эхэндээ цастай байсанаа, доод хэсэгхэн төгөл өнгөрөөд, хар хөрс, чулуу бүхий зам залгав. Жирийтэл уруудлаа, урд талд дугуй нь эвдэрсэн гишүүн, хоёр хөлөө өргөчихсөн,сул хүрд нь дөрөөтэйгээ хамт сэнс мэт л эргэлдэж байлаа. Ийнхүү бид хамтдаа Нурамтын өндөр даваагаар өвлийн цагт давсан юм. Гайхалтай аялсан багийн гишүүд та нартаа баярлалаа. Энэ аяллыг үргэлж санаж, бахархаж явдаг билээ. Зүгээр л жий.