Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Э.Ожго "Аяллын тэмдэглэл"
УШТГ Д.Цолмон "Хөвсгөл 2020 аяллын тэмдэглэл"
ХТГ Э.Ууганбаяр "Хөвсгөл 2020 аяллын тэмдэглэл"
УШТГ П.Золзаяа "Хөвсгөл 2020 аяллын шигтгээ тэмдэглэл"
ОРШИЛ
Аяллын хөтөлбөрийн дагуу 7 сарын 15 өдөр 20.20 цагийн галт тэргээр Эрдэнэт хотыг зорьлоо. Тээшний вагоны ачаа их тул багийн гишүүд богц, ачаагаа гартаа авч, "шалдан" дугуйнууд ачигдав. Биднийг УШТА С.Бадрал, ХТГ О.Дарьхийхүү, УТГ У.Одбаяр гэргийн хамт, УШТГ Ц.Наранхүү, УШТГ Д.Мөнхнаст гэр бүлийн хамт, УШТГ Г.Ганбаяр, аялагч гишүүн Бадрах нар гаргаж өгөв.
7 САР 16, МЯГМАР
Өглөө 7.10 цагт Эрдэнэт хотын галт тэрэгний буудал дээр буулаа. Жолооч Эрдэнэчулуун автомашинтай угтан авч ачаалаад, 8.10 цагт Эрдэнэт хотоос гарав. Истана маркийн 12 хүний суудалтай микро автобусны хойд талын хоёр суудлыг авчихад, урд дугуйг нь салгасан 6 уулын дугуй, ачаа цүнхтэйгээ элбэгхэн багтдаг юм билээ. Замд Түлүүгийн даваа дээр зогсов. Түлүүгийн давааны бууз гэсэн нэртэй том жижиг байшинтай гуанз олон тул нөгөө алдартай буузны жинхэнэ болон даган дуурайсан эсэхийг мэдэлгүй зузаахан гурилтай пялхайсан том бууз хоёрыг идэж билээ.
7 САР 17, БААСАН
Аяллын өглөө тэнгэр цэлмэг, 7.30 цагт хөдөллөө. Сэлүүхэн жийсээр, аяллын замд догдлох сэтгэл хөдлөлөө бага багаар дарсаар, яг л нэг өдрийн аяллын замд гарч буй дуртай ажлаа хийж буй хүн шиг бидний цуваа итгэлтэй урагшилж явна. Багийн гишүүдийн урьд өмнө аялаж байсан хур их туршлага, сэтгэл зүйн болоод бие бялдарын бэлтгэлжилтийн талаар "дэндүү" сайн мэдэж байсан тул зөвхөн цаг агаарын байдал, аяллын замын талаар бодож байсан.
Нуур руу түрж орсон хошууны шилээр даваж, хуурай газар руу түрж орсон нуурын булангийн шавар, устай замаар жийж, Өвөр хилт нуур, Ар хилт нуур, Уран дөш уулын зүүн хормойгоор өнгөрч, Хорхойт нуураар дайран Хар усны рашаан дээр 17.10 цагт ирлээ. Эрэг дээр моторт завь, хэдэн залуус харагдана. Өвөр хар усны рашааны гол дээгүүр 3 тонн даацтай жижиг модон гүүр тавьжээ. Хөвсгөл нуур тойрсон 2016 оны аяллаар ийм модон гүүр байхгүй байсан. Тэнгэрт бөөн үүлс нүүдэллэн, салхи сэвэлзсэн таатай өдөр болж байлаа.
Эндээс эхний дөмбөн (нутгийн хэллэг) болох нуур руу түрж орсон шахааны ар шилээр өгсөн Өвөр Сантын даваа даваж, уруудан 19.30 цагт отоглов. Энэ өдөр манай баг 75 км зам туулжээ.7 САР 18, БЯМБА
Салхины аясаар шаагих ойн чимээнд бүүвэйлэгдэн сайхан амрав. Өглөөний цайгаа ууж, отогоо хураагаад 8.30 цагт хөдлөв. Тэнгэр цэлмэг, зүүн зүгт нуурын дунд Модон хүй арал цайвалзана. Жиглэгийн ам руу орж, шууд л давааны замаар салан амаа өгсөн жийлээ. Адаг хэсэгтээ Жиглэгийн гол шургачихсан байв. Жиглэгийн амны хойд талын уулууд ёстой л сарьдаг нэрэндээ тохирсон эгц хажуутай, шовх харандаа мэт хяр оргилтой, дээш өнгийн харахад малгай унчихмаар гэдийлгэн сүрлэг үзэмжээ гайхуулна. Ренчинлхүмбэ сумын малчин айлуудын өвөлжөөний байшин, малын саравч бүхий тод замтай "гудамж"-аар бид өгсөнө.
Амаа даган нэлээд өгссөний эцэст шуугин урсах Жиглэгийн гол гатлав. Голоо хэд хэдэн удаа гарч, сайр, уулын чулуу гололсон замаар хэсэг өгсөөд, давааны орой харагдав.
Даваа дээр 11.30 цагт гарав. Овоотой бас намагтай. Даваан дээр чийгтэй бөгөөд зам нь их эвдэрчээ. Ирсэн зүг рүүгээ эргэн нэг харлаа. Тэртээ алсад бас дор Хөвсгөл нуур цайвалзан цэнхэртэнэ. Ус чийгтэй дов сондуул, ширэг дундуур туучин, хэсэгхэн түрээд уруудлаа. Зам нь жийгээд буухад тун боломжийн хуурай байсан .
Арсай голын хөндий рүү ороод, голын сайран дээгүүр зурайх зам даган явав. Жиглэг уулын баруун бэл, Ноён уулын чанх урд, Арсай голын хойд татам дээр үдэлж, өдрийн хоол идэв. Автомашин явж дагтаршсан сайраар жийж болж байлаа. Зам нэг үе алга болж, хааяа тодрон, зарим газар хайж олон уруудсаар... доошлох тусам замын саад ихтэй боловч тодорч байгаа нь аятай. Арсай гол дунд хэсэгтээ шургаж, бид голдиролоос нь алсхан, уулын урд бэлийн чулуу, намаг бүхий зурвас нуга, хааяа нэг ой мод, шугуй бургас дундуур орж манай баг урагшилсаар... хөндий үргэлжилжсээр.
Хэд хэдэн өндөр өвстэй, усархаг нуга бүхий ам хөндлөн гарч, хоёрын зэрэг гол гатлав. Арсай гол одоо биднээс урд зүг урсаж гольдрил нь нэг ойртож, нэг холдоно. Усны нөөц багасав, Арсай голын урсац шургажээ. Ус хайж хадан цохионд шахагдсан хуурай сайр дагаж нэлээд алхав. Зулзаган мод ургасан төгөл дундуур зурайх сайр бүхий замаар хэсэг жийсээр Байц уул, Халзан уул өнгөрч Арсай голынхоо урд эрэг дээр гарлаа. Орой нар хүүшлэхээс өмнөхөн Зөөлөн уул харагдаж, ой модны завсар чөлөөгөөр Товог толгой хальт үзэгдээд далдрана. Жиглэгийн даваа даваж Арсай голын хөндийгөөр 29 км уруудаад нутгийн айлууд харагдаж, Баярмаа эзэгтэйн гэрт бид бууж, хөцөө (хэвтээ шургааган хашаа, нутгийн хэллэг) дотор 19.30 цагийн үед отоглов. Өнөөдөр бид 53 км зам туулжээ.
7 САРЫН 19, НЯМ ГАРИГ
Маш сайхан өглөө болов. Гэрийн эзэгтэйд талархсанаа илэрхийлэн Товго толгой, Улаан хад уулын дундуур хойд зүг барин Арсай голыг гатлан (адаг хэсэгтээ урсацтай байв) жийсээр Дархадын хотгорын зүүн хойд хэсгээр аяллаа. Ой мод, салхи, алсад дүнхийх цувараа уулс, айл гэр яг л энгийн боловч үзэмжит байгалийн нэг хэсэг болон бид бүрнээ ууссан мэт сэтгэл тэнүүн байлаа. Уул усны нэр нь хүртэл цаанаа л нууцлагдмал. Сайхан өвстийн нурууг нутгийнхан Туж уул, Цул уул гэж нэрлэнэ.
Үдээс хойш болсон тул Утрагийн ам руу зүглээд отоглох газар олоход нэн бэрх. Шаргын ганганаас буучихвал айлын өвөлжөө, шавар намаг бүхий Утрагийн голын хөндий руу орчихдог юм. Тиймээс бид, энэ айлаас хонь худалдан авч амрахаар шийдлээ. Шаргын голын эрэг дээр түмпэнтэй усанд толгойгоо угааж багаараа хөгжилтэй байлаа. Орой тийшээ багийн гишүүний хийсэн амтат хорхог бэлэн болж зооглоод, тавтай амарч билээ.
7 САРЫН 20, ДАВАА ГАРИГ
Өглөө эртлэн босож 8 цагт замдаа гарлаа. Наран ээсэн, цэлмэг тэнгэртэй халуухан өдөр болох төлөвтэй. Шаргын гангаас бууж, Туж уулын баруун талын нуга гололсон нутгийн айлуудын өвөлжөөний нутаг руу орлоо. Дархадын адуу сүргээрээ бидний өмнүүр зам хөндлөн давхин гарч, туурайн чимээ газар бөмбөрдөн чичрүүлэх нь юутай сайхан. Өвөлжөөний өндөр өвстэй нуга руу орж ирлээ. Бага шиг голыг хэд хэдэн удаа гарч сахлаг өвс, бут бургас бүхий хөндийн дундах замаар жийсээр Утрагын амны эхний өгсүүр замд оров. Утрагын давааны уужим ам эхлэв. Хар модон ойн дундуур зурайх замаар зогсолтгүй өгсөн явсаар салхи савартай нэгэн ойн цоорхойг захлан буудаллаж өдрийн хоол хийж идэв.
Рашаанчид их байлаа. Майхан барих газар олдохгүй, мөн орчны байдал тийм ч хүсэж байсан шиг байгаагүй тул жаал амарч байгаад дээш өгсөн (энэ замд чулуу их тул унадаг дугуйтай жийх боломж үгүй байлаа) Утрагын голын зүүн талыг барин явсаар нэг км орчим зам туулаад бүдүүн хар модтой, салхи сэвэлзэн байдаг замын хажуугийн уртавтар талбайтай бяцхан дэнж дээр отоглож билээ.
7 САРЫН 21, МЯГМАР ГАРИГ
Хөвсгөл нутгийн тэнгэр аанай л биднийг, сайн аялаарай гэх шиг тогтуун хэвээрээ. Өглөө отогоо хурааж Утрагийн даваа давах замдаа гарлаа. Зам дээрхи ургаа чулуу, булаг шанд, уулын нугын шавар бүхий замаар дээш зүтгэлээ. Урьд өдөр давааны доор таарсан 5 автомашинтай цуваа бартаат замаар дондогнон урагшлах ахуйд, дугуйгаа түрсэн бид хажуугаар нь орон "гүйцэж түрүүлнэ".
Ийм замд автомашинтай аялна гэдэг бас л том эр зориг, шалгуур юм шүү. Хоёр дахь удаагаа энэ замаар аялаж явна гэж хэлж байсан. Гишүүдийн таньдаг найз нар нь ч бас энэ цуваанд аялаж байна билээ.
Уулын эгц хажуугаар хэрж тавьсан тахир замын нугачаа дуусашгүй урт мэт санагдана. Ачаатай дугуйгаа түрсээр байгаад тэгш том тавцан дээр гараад ирэв. Бага шиг овоо харагдаж байна. Автомашинууд зогсож байна. Асуулаа, давааны овоо мөн гэнэ. Багаараа дурсгалын зураг авахуулж амараад хөдөлөө.
Даваа даваад урууддаг байтал уулын бэл даган зам өгсөв. Эхлээд нэг их гайхсангүй, уулын намаг, нуга, шаврыг тойрсон бэлийн ийм замтай даваа бас байдаг юм. Нэг эргэлт өнгөрөөд газрын байдлыг хартал яах аргагүй алсуураа өгсөж байлаа. Газрын зураг дээр хартал Утрагийн давааны үндсэн байрлал болоогүй буюу бид даваагаа даваагүй байжээ. Том чулуу бүхий үргэлжилсэн замаар дахин 2 км явлаа. Хойд талын уулын бэлийн доогуур намаг, шалбааг бүхий давааны хуучин "эдгэрсэн"зам холоос харагдана. Хоёр хүн тэр замаар өгсөн алхаж байсан, дахин тааралдаагүй.
"Шинэ" зам нь урд талын уулын хормой бэлийн чулуу даган үргэлжилсээр Утрагийн давааны оройгоос "дайжих" маягтай ороон явсаар урууддаг гэдгийг мэдлээ. Замаас гарч Утрагийн давааны овоо руу очлоо. Утрагийн давааны орой дээр сүртэй том овоо (дтд 2344м) байхгүй, харин томхон чулууг дээр дээрээс нь өрж тавиад тэмдэглэсэн байв. Нутгийн морьтой иргэд яг энэ овоогоор дайрч гардаг гэдгийг Хороо голоос өгсөн ирсэн хүмүүс надад хэлсэн. Ийнхүү даваагаа "олж" билээ.
Аялагч нар цаана харагдах уулын бэл дагасан тод, чулуутай замаар явдаг. Манай багынхан тэр замаар явж даваа уруудсан. Зам муу тул жийх боломж хомс ч гэлээ аргыг нь олоод уруудан төв зам руу орж Данагарын нуур гэх нэртэй багахан нуурын хойд дэнж хүрээд багаа хүлээлээ. Манай багынхан төдөлгүй ирж, нуур явж үзэж сонирхон, цасаар байлдаж байгаад ирлээ.
Давааны уулын бэл дагасан бартаат замаар тахиралдан явсаар, энэхүү сунагар нурууны зүүн төгсгөл хүрч, Их Хороо голын хөндий алган дээр тавьсан мэт харагдах өндөрлөг тавцан дээр отоглов. Энэ өдөр 15 км зам туулжээ.
7 САРЫН 22, ЛХАГВА ГАРИГ
Сар өдрөө мартанхан ийнхүү цаг хугацаа, замын уртад баригдалгүй тайван аялна гэдэг гайхалтай эрх чөлөө юм даа. Отогоо хураан ачаалаад, Их Хороо голын хөндий рүү уруудан орлоо. Урд талын уулсын намссан хэсэг баруун гар талд харагдана. Хэрэв бид Жарайн даваагаар давсан бол энэ хэсэгт зам нийлэх юм байна гэж харсан. Уулын жижиг нуур ихтэй юм билээ.
Голын бэлчирээ гарлаа. Үер усгүй тунгалаг голыг гарамаар туулж, Их хороо голын хойд татамын замаар жийлээ. Өвсөн дундах чулуу бараг харагдахгүй байсан боловч энэ байтугай зам туулсан бидэнд засмалаа засмал. Нутгийн айлуудын өвөлжөө, байшин элбэгшээд, өндөр өвстэй лууль шарилж бүхий ийм нуга газрын хөрс нь чийгтэй, бидний "хайрладаг" шумуул, хөхтөрүү, ялаа нисэлдэн байх нь аргагүй л байгалийн жам билээ.
Энэ өдөр зогсолт багатай шуурхайхан урагшилж байлаа. Замын бартаа бага зэрэг буурсан ч яахан хүслээр урагшуулна. Урьд энэ замаар аялсан багийн ахлагч дүүгийн зөвлөснөөр Их Хороо голын хойд замыг барин явсаар, эртний танил 5 автомашины цуваатай таарав. Тэд отоглоод хөдлөх гэж байсан боловч биднийг хадран, зэвэг загасны шарсан мах, цай ундаар дайлав.
Өдрийн хоолоо идэж сайн амарч аваад алсад үргэлжлэх Их Саяаны нуруу (бас Бүрэнхаан уулын Мөнхсарьдаг оргил)-г бахдан харсаар чулуутай замаар уруудлаа. Энэ өдөр түр зуурын зүсэр борооны зурвас хэд хэдэн удаа биднийг дайрч өнгөрсөн. Голын хойд дэнжийн өгсүүр уруу, шавар устай зам туулан явсаар орой 17 цагийн үед Хөвсгөл нууртай дахин "уулзаж", Их Хороо голын гүүр дээр ирэв. Нуурын баруун хойд эргийн өгсүүр, хойд талын шавар булаг бүхий ой модон дундуурхи зам, Жаргалант гол, Баян гол гатлан, Хавцалын даваа даваад 21.30 цагийн үед Ханх сууринд ирж, Барбарос амралтын газар буудаллаа. Энэ өдөр манай баг жавхаатай жийсэн дээ.
7 САРЫН 23, ПҮРЭВ ГАРИГ
Энэ өдөр манай баг Ханх сууринд Барбарос амралтын газар амарч өнжлөө. Амралтын газрын менежер Санжаа бидэнд туслан автомашинаар үйлчилж, хилийн заставт бүртгүүллээ. Аюулт өвчний улмаас Мондын боомт хил хаагдсан тул ажин түжин, хөл хөдөлгөөн багатай, дэлгүүр, амралтын газрууд бараг л бүгд "хаалгаа барьсан" байв.
Манайхан Хөвсгөл нуур дээгүүр завиар аялаж, суурин орчмын уулаар явган алхалт хийж идэвхитэй амарсан болно.
7 САРЫН 24, БААСАН ГАРИГ
Өнөөдөр аяллын замдаа дахин гарч, Ширдэгийн даваа, Турагийн хөндийн даваа, Тураг Шогнуулын даваа, Тусхалын даваа, Анжистын даваа, Овооны даваа даваж, Ханх гол, Тойн гол, Таанын гол, Тураг гол, Шогнуулын гол, Ноён гол, Сэвсүүлийн гол, Тусхалын гол гаталж, нуурын зүүн эрэг эмжсэн 5 км элсэн зам (2016 оны аяллаар энэ дөмбөнгийн дээгүүр буюу Өлзий Хашийн даваагаар даваад Ноён гол бууж явсан ) туулж Овооны даваа дээр отоглов.
Аяллын үед тохиолддог урьдчилан таахын аргагүй гэмтэл бэртэл биднийг тойрсонгүй. Хөлний шөрмөс гэмтэлтэй нэгэн гишүүнээ өөр гишүүний хамт Ноён гол гараад автомашинд суулган Хатгал руу үдлээ. Хоёр бүсгүйтэйгээ хамт, дөрвүүлээ үлдэх гунигтай байв. Гэвч бидний аялал цааш үргэлжлсэн юм.
7 САРЫН 25, БЯМБА ГАРИГ
Тэнгэр аанай л тогтуун, сайхан өглөө боллоо. Даваа уруудан Борсогийн даваа өөд жийлээ. Даваа даваж Борсогийн хөндийд зусах айлаар орж цай ууж, хадран загас идээд Их Сантын даваа өөд зүтгэв.
Давааны замыг зассан байв. Орой дээр нь холбооны антенн байрладаг тул утасны сүлжээ саадгүй ажиллана. Сүүлийн гишүүнтэй хамт даваа дээр гарахад тааруу мэдээ биднийг хүлээж байв. Нэг гишүүний маань араа эвдэрч явах аргагүй боллоо. Багаараа ярилцаад дугуй нь эвдэрсэн залуу, хоёр бүсгүйтэй хамт Хатгал руу явах, би Нуурын даваанаас зам салж Чандмань Өндөр сум руу явах шийдвэр гаргав. Хамтдаа уруудаж Модын даваа даваад, Нуурын даваан дээр бие биедээ сайн явахын ерөөл дэвшүүлээд, манай гурав Их Хилэнгийн давааны замаар саллаа. Даваа даваж, уруудаад цаад хөндийд байдаг айлууд бараадан буугаарай гэж захив.
Өвсөн дундуур уруудан хэсэг жийгээд шавар ус шалчигнан зуурсан, шигдсэн уулын нугын өгсүүр замд оров. Балчиг шавартай замаар 3 км орчим өгсөн түрж явсаар уулын таг дамжсан бүдэг хуурай замтай нийлэв. Жийж болж байна бас уруудаж болж байна. Алсад айлын өвөлжөө харагдан юу юугүй л Хирвэстийн голын эх рүү хатгаад орлоо. Нутгийн мотоциклтой залуутай тааралдав. Эндээс Чандмань өндөр хүртэл 40 орчим км зайтай гэнэ.
Хирвэстийн гол Бугатын голд, Бугатын гол Хөхо голд цутгадаг бөгөөд Хөхо голын урд эрэг дээр Чандмань өндөр сум оршдог. Бугатын гол руу ороод зам нь Булнайн рашаанаас ирэх төв замтай давхацдаг тул нутгийн айлын нохойнууд тун их түвэг удаж байв. Ер нь нохойгоо хорьдог айл ховор бололтой. Жирийтэл жийсээр 22 цагийн үед хүссэн газартаа ирлээ. Нуурын даваанаас салаад 50 км жийжээ. Өдөр Хатгалаас гарсан УТГ У.Одбаяр андтай тохиролцсон ёсоор бөөн баяр болж уулзаад, зочид буудалд байрлалаа. Гурилтай шөл захиалан идэж, орон дээр хэвтэн нам унтлаа.
7 САРЫН 26, НЯМ ГАРИГ
Сумын засаг даргын гэр буудалд бууснаа өглөө мэдэв. 2016 онд Хөвсгөл нуур тойрч аялахдаа (Их Хилэнтийн давааны өвөрт) танилцсан энэ нутгийн айлд өглөө очиж цай хоолоор дайлуулаад бид хоёр 11.45 цагт замдаа гарлаа. Арваад хоног аялаж яваа миний хувьд аяллын жирийн нэг өдөр үргэлжилж байгаа, харин У.Одбаяр дүүгийн хувьд аялал нь эхэлж байгаа тул сэтгэл зүй болон бие бялдарын ялгаа байлгүй яах вэ. Тйимээс дүүгээ өөрийн хурдаар тааваараа жийгээрэй, ах нь чиний барааг хараад л араас нь явчихна гэж хэллээ. Хөхо голын хойд дэнж, Өндөр Бөөрөг уулын бэлийн дардан замаар өгсөж уруудан, Жаргалантын ам туулав. Энд Хөхо гол Аригын голд цутгадаг. Амсхийх зуур дүү маань намайг халамжлан, уух ус, идэх хүнсэнд намайг хүргэлгүй бэлдэж өгч байлаа.
Дээд мөн уул, Дунд мөн уулыг арланхан жийж уруудан, Халхан голыг гүүрээр гарч, Цахир мөн уулын хойд даваагаар даваж уруудан Дархинтын гол гатлаж, Баян даваагаар даваж, Баян голыг гарч 55 км зай туулаад Цагаан үүр суманд 15 цагийн үед ирлээ.
Өглөө айлын боож өгсөн амттай цуйванг идээд сумаас бараг чанх хойд зүг шинэхэн баригдсан Үүрийн голын гүүр рүү хөдлөв. Үүрийн голын өргөн татам дээгүүр барьсан 350 м урттай төмөр бетон сайхан гүүр байв. Бургалтайн голын хөндийгөөр хөндлөн гарч Онгон даваа руу өгслөө. Бараг өгсүүр нь мэдэгдэхгүй даваа боловч зам нь элстэй байв. Ой модон дундуур зурайх элстэй замаар шигдэнхэн жийж явсаар замын хажуугийн морин жим рүү оров. Даваа даван Уйлган голын хөндий рүү нэвтэрч нутгийн айл бараадан отоглов. Энэ өдөр 75 орчим км зам туулжээ.7 САРЫН 27, ДАВАА ГАРИГ
Айлын бүсгүй бидэнд будаатай хуурга хийж замдаа идээрэй хэмээн боож өглөө. Хөвсгөлийн зүүн хэсгийн сумдын хоорондохи зам тун сайхан юм. Хааяа нэг элсэн зурвас бага шиг саад байлгүй яах вэ. Уйлган голоо гарч нутгийн дардан замаар жийж явахдаа нөгөө эртний 5 автомашинтай дахин буюу сүүлийн удаа таарлаа. Даян дээрхийн агуй руу явж байгаа гэнэ.
Замын тэмдэг застав, Эрдэнэбулган гэж заах нь хилийн бүсээр явж буйг сануулна. Булангаа даваад Зэрлэгийн голын хөндий рүү орж уулын ар бэлийн замаар уруудан өгсөн жийсээр Үүр голтой дахин "уулзлаа". Гарамаар автомашин гарах боломжгүй байв. Арваад автомашиныг голын эрэг дээр "орхижээ". Нутгийн усчны завиар үүрийн голоо гаталж Эгийн голын хойд дэнжийн замаар Эрдэнэбулган сумын зүг жийсээр... Булган талын дуусашгүй салхитай замд У.Одбаяр дүүгийн салхинд сууж, гайхалтай эрч хүчтэй залуугийн нөхөрсөг дэмжлэгийн ачаар оройн 18 цагийн үед сумын төв орж, зочид буудалд буулаа.
7 САРЫН 28, МЯГМАР ГАРИГ
Тэнгэр цэлмэг, халуун өдөр болох төлөвтэй. Зочид буудлын хажуу дэлгүүрийн худалдагч бүсгүйн хийж өгсөн цуйванг боож, бид хоёр замдаа гарав.
Эгийн голыг гүүрээр гарч замаас яльгүй хазайн Дани тохой орлоо. Бас л нэг амралтын газар барьчихсан байв. Дурсгалын хөшөө нь тохойны хойд хэсэгт багахан талбай эзлэн оршино. Хажууд нь бас нэг том гэр байв. Ажлын шугамаар 2004 онд энэ газар ирэхэд Дани тохой сэлүүхэн ёстой л амар амгалангийн үзэсгэлэнт тохой байсансан.
Замдаа эргэн нийлж Тариалан сум руу Чичин голын зүүн дэнжийн замаар өгсөн жийлээ. Зам ч сайхан, сэлүүхэн салхинд сэрүүцүүлэн цохиулж, Баян гол нурууг өвөрлөн өгссөөр Дөрөлж даваа даван Хувтын гол, Хөндлөн булгаар уруудан Мааньт-аар өгсөн уруудан, Хадтай хавцал ороон даваж уруудан Тариалан суманд 16 цагийн үед ирэв. Аялагч гишүүн Б.Гантөмөр андын аав Баасансүрэн багшийн гэрт зочлон амарч ахуйд манай багынхан Мөрөн хотоос автомашинаар хүргүүлэн ирлээ. Ийнхүү Тариалан сумын найрсаг айлд багаараа баяр хөөртэй дахин уулзаж, ХӨВСГӨЛ 2020 аялал амжилттай дууссан билээ. Аяллын нийт зай 661 км. Замын ангилал IV- VII зэрэг. Багийн хамт олон та нартаа хязгааргүй их баярлалаа, та нар БААТРУУД юм шүү.
ТӨГСГӨЛ
Тариалан суманд амарч хоноод, өглөө нь Эрдэнэт хотоос итгэлт жолооч Эрдэнэчулууныг утсаар дуудав. Шууд л одоо гарлаа гэнэ, үнэ мөнгөний асуудлыг ч ярьсангүй. Манай багийн нэг хэсэг болсон жолооч маань санаа тавьж сураг сонсон сууж байжээ. Хоол хийж идэн гэрийн эздэд талархал илэрхийлэн Тариалан сумаас 9 км зайтай өнгөрөх засмал зам руу жийлээ.
Удалгүй 12 цаг гээд автомашин маань ирлээ. Орой 17 цаг өнгөрөөж Эрдэнэт хотод очиж галт тэргэнд ачаа дугуйгаа өгөөд, галт тэргэнд сууж 7 сарын 30 өглөө УБ хотод ирлээ. Биднийг ШТГ А.Эрдэнэдулам (068), ХТГ Э.Даваасамбуу (134), аялагч гишүүн О.Маралгоо (205) нар тосож угтлаа. Сайн байна уу, УЛААНБААТАР. Зүгээр л жий.
ХӨВСГӨЛ 2020 АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ Багийн санхүү хариуцсан гишүүн ШТГ Д.ЦОЛМОН (193)
ОРШИЛ
2019 оны зун энэ аяллыг хийнэ гэж бодож байсан ч болоогүй юм. 2020 онд сая энэ аяллын замыг туулж явахдаа 2019 онд энэ аялал бололгүй энэ жил явж байгаагийн учрыг байгал цаг агаар, өөрийн биеийн болон сэтгэлзүйн байдалтай харьцуулан бодож үнэхээр бүх зүйл өөрийн цаг хугацаатай болохыг дахин дахин ухаарч яг энэ мөчид (тухайн аяллын замд) ингээд аялаж яваадаа бүх зүйлд талархан талархан бодож явсан билээ.
Аяллын баг маань 6 хүний бүрэлдэхүүнтэй (2 эмэгтэй 4 эрэгтэй) хамгийн ахмад нь 65 настай Гантөмөр ах. Аяллын админ дугуйчдын танил УУДАГ (Улаанбаатар Уулын Дугуйн Аяллын Групп)-ийн админ Отгонжаргал буюу Ожго. Ингээд бид 7 сар гарангуут аяллын бэлтгэлээ дахин дахин шалгацгаан бие биедээ зөвлөн бэлдэцгээж төлөвлөгөө ёсоор 7 сарын 15 ны орой унадаг дугуй болон бусад ачаагаа галт тэрэгний тээшинд өгөөд өөрсдөө хагас унтлагын тасалгаанд тухалцгаан Эрдэнэт хотыг зорьсон юм.
Аялал товлосон ёсоор 7 сарын 17 нд эхэлнэ. Бид мэдээж 16-ны өглөө Эрдэнэт хотод буусан, тэр өдөртөө хөлсөлсөн автомашинаараа Мөрөн хот, Хатгал суурин хүргүүлж амарч хоноод аялал эхлэх болзоот өглөөтэй золголоо. Ингээл аяллын тэмдэглэлээ жинхэнэ аялал эхлэсэн 7 сарын 17 ны өглөөнөөс эхлэн дэлгэрэнгүй оруулья.
2020 оны 7 сарын 17 ны үүрийн 5 цаг
Өчигдөр өглөө Эрдэнэт хотоос эхлэн Мөрөн хот, Хатгал суурин гээд дан шинэ газар хөл тавьсан миний сэтгэлийн догдлол бараг арилаагүй сэрлээ. Аялаж яваа хүн бүрийн зан. Шууд л тэнгэрийн байдлыг анирлан чагнаад хоносон айлын цонхоор харвал тийм ч өтгөн биш үүлтэй бүрхэг өглөө харагдахад өчигдөр мэдэрсэн далайн сэрүүн агаар санагдаж өдөн мишок сэвэлзэх мэт. Гэтэл “за Цоко одоо тэнгэр ямар ч байсан аялалдаа гарна, бороо цас алин ч байсан даван туулна, бусдад дарамт бололгүй аялна шүү” гэж дотроос хэн нэгэн зоригжууллаа.
Сурсан зангаараа түрүүлэн босч гал асаан багийхандаа нэгдсэн өглөөний цай хоолыг чин сэтгэлээсээ чаналаа. Үүнээс хойш аяллын замд нэгдсэн гал тогоо гэж үгүй. (Уг нь би өөрөө бүгдэд зориулж унд хоол бэлдэх дуртай ээжийнхээ занг өвлөсөн хүн) Учир нь унадаг дугуйн аялалд хүн бүр өөрийн хэрэгцээт бүх ачааг ачиж явах ёстой. Хэн нэгэн бусдын ачааг үүрнэ, ачна гэсэн ойлголт бараг л үгүй. Мэдээж ядарч цуцах, эвдрэл гэмтлийн үед бусдын ачааг хуваан авч ачиж болох ч аяллын замд унадаг дугуй гэдэг бол хэмжээтэй даацтай тул бүгд л өөр өөрийн ачааг ачиж гал тогоо ч хүн тус бүрд явж аяллын замд хурдан түргэнээр дор бүрнээ хийн тулга асаан хоолоо хийж идээд явдаг нэг ёсны хэн нэгэнд найдна, нэгийгаа зарна гэж байхгүй хамгийн ардчилсан аялал билээ.
... Ингээд аяллын анхны хоол цайгаа хувааж идээд, бэлтгэлээ базаан өглөөний 07 цагт аялал эхлэхэд бэлэн боллоо. Гэрийн эзэдтэй багахан яриа өрнүүлж дахин бэлтгэлээ шалгаж ачаагаа бэхлэхэд хагас цаг орсныг анзааран бие биедээ амжилт хүсч гэрийн эздэд талархал илэрхийлэн бидний аялал эхлэсэн билээ. Хүн бүрд 14 хоногийн хэрэгцээний хувцас, ахуйн хэрэгсэл, аяны хөнжил, гудас, майхан, гал тогоо, хамгийн эхний суурин Ханх хүртэлх 4-5 хоногий аяны хүнс яваа. Унадаг дугуйны маань ачааны хүнд бүгдэд л төсөөлснөөс хүнд санагдаж буй хөгжилтэй яриагаар аялал маань эхлэлээ. Юу ч үзээгүй надад том аяллын эхлэл ер бусын санагдаж баярлан догдловч ганц өөртөө үглэх үг “бусдад саад болохгүй өөрөө өөрийгөө авч явна шүү...” чадах юм уу бүү мэд.
Ингээд хамгийн эхний даваа Жинхайн даваа руу өгсөж давна гэсэн ганцхан бодлоор миний бие урагш тэмүүлнэ. Энэ аялалд зорьсон цагаас эхлээд л админ аяллын бүх төлөвлөгөө, газрын зургийг, газар орны бүх нэр устай танилцуулж бүүр аяллыг зөвшөөрсөн, бүх төлөвлөгөөтэй бүрэн танилцсан, аяллын замын бүх эрсдэлээ өөрөө хариуцна гэхэд зөвшөөрч гарын үсгээ зурчихаад яваа хүн гэхэд зөвхөн тухайн өдрийн өмнөх саадаа л давж урдах замаа л бодон явсан нь угаас үс нь урт ухаан нь богино гэдэг эмэгтэй хүний зан уу (ядаж байхад миний үс бас богино) бүү мэд.
Уужим өгсүүртэй Жинхайн давааг ачаатай дугуйтайгаа үнэхээр бүүр маш их хичээсээр байгаад жийгээд давсан маань энэ урт аяллын замд тохиох олон даваа, саад бэрхшээл, хүнд замыг амжилттай туулах эхний алхам минь байж, далай ээж даваан дээрээс үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж бидний аялалд талархах мэт сэвэлзсэн зөөлөн салхиа илгээж билээ.
Даваа уруудахад нуурын эрэг дагасан амралтын газрууд дүүрэн. Жинхайн даваа өгсөхийн өмнө өргөн сайраар бид гарсан ба тэр сайр ус ихтэй жил голын усаар үерлээгүй үед УБ хотоос энд иртэл ер зам саадгүй санагдаж дараа гэр бүлээрээ ирэх юм байна шүү гэсэн бодлыг тээгээд далай ээжийн нэг цэнхэртэх, нэг хөхрөх өнгийн бишрэн басхүү усанд нь хүрэх юмсан, админ хэзээ амрах зөвшөөрөл өгөх бол гэж бодон жийсээр байлаа. Угаасаа биднийг зуршил болсон утас руугаа гар нь явж зураг дарж сэлфи хийхийг тэсэн ядан явааг мэдэх админ амралтын газрууд өнгөрөх үед ашгүй зогсож зураг авахуулж багахан амрахыг зөвшөөрлөө. Мэдээж бөөн сэлфи, бичлэг, ус цацлах чимээ, ам руугаа амттан явуулах агшинд хэдэн минут зарцуулаад аялал үргэлжиллээ.
Замд таарах нуур, газар орон, алсад харагдах уулс нэг бүрийн нэрийг админ нэг бүрчлэн хэлж зааж явахад нь явж л байвал боллоо гэх би барагтай л бол тогтоохгүй харин Урандөш уул, нуурын дундах Модон хүй арал, Хар усны рашаан гэдэг 3 нэрийг л энэ өдөр тогтоож авсан юмдаг. Модон хүй арлыг бол ёстой мартахгүй. Аминдаа их яваад л харахад өнөө арал чинь далайн дунд өнөө газраа байж л байна. Ард үлдэх шинжгүй. Хар усны рашаан хүрэх үед админ Модон хүй маань тэр байна гэхтэй зэргэцээд “хнн” яасан өнгөрдөггүй Модон хүй вэ гэж ундууцаж байсан юмдаг хэ хэ.Рашаан хүрэхээс нэлээн өмнө амралтын газрууд дуусч намаг шавартай нуурын эргээр багагүй зүдэрч Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн постоор нэвтэрч зөвшөөрлөө үзүүлэн хөдлөх үед аян замын амжилт хүсэхдээ түүний хэлсэн “за эндээс Ренчинлхүмбэ сум хүртэл хүнтэй бараг таарахгүй байхдаа болгоомжтой сайн яваарай” гэсэн нь аймхай миний чихэнд сум шиг хурдан сонсогдож баавгай, чоно нүдэнд харагдаж аяллын төлөвлөгөөнд 3 дахь өдрөө бид тэр суманд очно шүү дээ гэж бодохын сацуу нэг сонин Робинзон Крузо санаанд ороод өнгөрч билээ.
За тэгээд нөгөө Хар усны рашаанаа өнгөрч цааш хөдлөхөд зам биднийг далайгаас холтгож уул руу чиглүүлсэнд гайхан ингээд далайгаасаа холдчих юм байхдаа гэж сандрахдаа хариугүй биднээс зугтаах гэж буй админаас лавлавал далай руу түрж орсон нутгийн хэллэгээр дөмбөн буюу урагшаа түрж орсон бөмбөгөр уулын Өвөрсантын давааг давж эргээд далайгаа харнаа гээд өгсөөд алга болов. (Аяллын админы хариуцлага үнэхээр их ажээ. Хамгийн багадаа биднээс 500 м ээс урагш хол явж замаа судлан хамгийн аюулгүй замаар биднийг явуулаад дахиад хүлээж байгаад урагшилна. Гол ус, гуу жалга, өндөр даваа, өтгөн өвсөнд яг адил үүнийгээ л давтана. Тэрийг нь мэдсээр байж над мэтийн олон үгтэй нөхөр шавар намаг хүнд хэцүү зам таарах бүрд тэр байтугай хөхтүрүү шумуул ихссэн ч админ тэднийг нисгэж, админ хүнд замаар явуулж буй мэт аашилна.
Мэдээж бусад зам нь түүнээс ч хүнд байж таарна. Админы энэ халамжийг би дотроо за өнөөх чинь дахиад биднээс "зугтаалаа" гэж бодон өөрийгөө зугаацуулна. Намгаас холдсондоо олзуурхан за энэ даваа өөд нь түрээд л гарья гээд өгстөл байдаггүй. Аяллын эхний өдөр, ачаатай дугуйндаа дасах гэсэн ачаалал, намаг шавартай замаар багагүй хүч зарцуулсаны ачаалал аль аль нь даваа өөд өгсүүлдэг юм биш. Дугуй гэдэг чулуу, хөл гэдэг гадас. Ёстой ямх ямхаар урагшилж давааны талаас өнгөрч явтал түрүүлж гарсан админ, аялагч залуу хоёр өөдөөс ирж амь аварсан юмдаг. Ингээд Өвөр Сантын даваан дээрээс далайгаа тольдон бахдаж маргааш өгсөх Жиглэгийн замаа заалган уруудаад давааны ард аяллын анхны отог босох үед энэ өдөр бид 75 км жийснээ сонсон ихээхэн урам орж билээ.7 сарын 18 аяллын 2 дахь өдөр
За, өчигдөр ёстой хүнд замаар жийсэндээ гэж бодсон шинэков (жинхэнэ хүнд замын аравны нэгд ч хүрэхгүй зам туулсанаа ч мэдэхгүй) ихээхэн сэргэлэн босоод хоол унд, ачаа ачилт бүгдийг жин тан болгоод замдаа гарав. Мэдээж багийхан маань надаас хамаагүй мундаг байгаа харагдана. Өчигдөр заалгасан Жиглэгийн амаа өгслөө. Ам өгсөхийн өмнө админ Хөвсгөл нуураас одоо холдож хойд эрэг хүртэл хэдэн өдөр дахин таарахгүй гэдгийг сануулахад, далайгаа нэг сайн харж аваад бидний замыг ивээгээрэй гэж шивнэсэн юм. Хөвсгөл нуурыг тойроход Оёгоор дайрна гэвэл яг далайгаа эмжин явдаг. Харин бидэн шиг Утрагийн даваагаар давахаар Дархадын хотгор, Хорьдол сарьдагаар явбал далайгаасаа хэдэн өдрөөр холуур явахыг админ хэлж байсан.
Олон голын дараа Жиглэгийн даваагаа давж нэг сайхан уруудлаа. Амандаа дуу ч аяллалаа. Гэвч дараагийн сорилго Арсай голын сайрт юу юугүй тулаад ирлээ. Тэнгис гэмээр нэг их цайвалзсан их сайр. Хойд зүгт харвал бөмбөгөрдүү тэгш оройтой нэгэн сайхан хайрхан, зэргэцээд шовх оройтой арай багахан уул хараа булаана. Ямар сонин хоёр өөр уул вэ гэж бодох сацуу админ тэгш оройтой нь Ноён уул гэж хэлж өгөв. Түргэн амтай би тэгвэл хажуудах шовх нь Хатан уул гэж орилов. Хүүе тэгж газар орныг дураараа нэрлэж болдоггүй юм. Албан ёсны нэрийг зөв тогтоож бусдад түгээж байх ёстой гэж сануулав.
Энэ өдрийн аяллын замд алсад Хорьдол сарьдагийн нуруу хараа булааж Хорьдол сарьдагийн ТХДЦГазар гэсэн бичигтэй самбараар нэвтэрч эндээс эхлэсэн байгал онгон дагшинаа гайхуулан газрын байдал эрс өөрчлөгдөн өвс ургамал, цэцэг навч нийтлэг байдгаас эрс томрон моддын өнгө ч гүн ногоон ёстой л нэг ч удаа тоос хүрээгүйнх ийм болов уу гэмээр.
7 сарын 19, 20 ны өдөр. Аяллын 3 ба 4 дэхь өдөр
Ертөнцийн нөгөө хязгаар гэмээр санагддаг байсан Дархадын хотгор, Хорьдол сарьдаг, Ренчинлхүмбэ сумандаа ирчихсэн дархад айлд тухлан хужиртай улаан цай, сарлагийн өрөм, барьсан талхаар дайлуулан хоносон хүн үнэхээр сайхан амраад сэрлээ. Гэхдээ өчигдөр орой унтахаасаа өмнө ийм байгаагүй юм хэ хэ. Дураараа зангаасаа болж админаас анхны сануулгаа авч жоохон миарсан хүн (гэхдээ л сэтгэл дотор аяллын аз жаргал ассан хэвээр) унтахаар хэвтэж байтал манайхан гадаа шуугиад л явчихав. Чих тавьбал айлын хашааны нэг буланд unitel-ийн сүлжээ орж байгаа, хэдэн өдөр сүлжээгүй явсан хүмүүс ар гэр, группийн нөхөдтэйгөө холбогдож байгаа чимээ ажээ. Уг нь жимобаль орон нутагт сайн барьдаг гээд бид дундаа шинэ дугаар аваад явсан ч түүнийг nokia гар утаст хийж байж л сүлжээ сайн барьдагийг мэдэхгүй бид ухаалаг утсандаа хийж аваад явсан нь тусыг эс олсон юм. Тэгээд л энэ удаа өөрсдийнх нь дугаарт сүлжээ орж байгаа цэгт шавааралдсан нь энэ.
Админаас жавтий хүртсэн (энэ нь аав ээж 2 эрхлүүлж өсгөнөөс болсон миний буруу биш хэ хэ) бас ч хүнд аяллын эхний өдөрт буларсан бие (гэхдээ огт өвдсөн зүйл үгүй) хоёр нийлээд сүлжээ орж байгаа чимээнээр гэрийхэнтэйгээ ярина гэсэн бодолтой хамт нулимс бөмбөрч эхллээ, бүүр зогсоо зайгүй урслаа. Гэвч би одоо ийм сэтгэлзүйгээр яривал яав ч олигтой зүйл ярихгүй энэ гоё аяллаа буруу ойлгуулж бас ч олон хүний сэтгэлийг зовооно гэсэн зоригтой бодлоор өөрийгөө хатуужуулж гүрийсээр давсанд тас явж өглөө сэрсэн дээ.
Мэдээж өглөөний сэтгэхгүй нар шиг. Гэрийхэнтэйгаа аз жаргалтайгаар ярьж мэдээ дамжуулаад аялал цааш үргэлжилэв. Энэ өдөр минийхээр хойд зүгийг барин харин ч зам шиг замаар жийж эхлэлээ. Өнөө айхтар Арсай голоо дахин гаталж өргөн хөндийгөөр жийгээд л байлаа. Замд адуун сүрэг их. Голдуу цагаан морьд сүрэгт нь олон. Эхний айл тааралдахад орж цайлж ярилцах зуур ганган цагаан адууг цуутай дархадын цагаан адуу болохыг мэдэж бахархан гадаа уяатай 2 сайхан морьдыг дахин дахин харж зургийг буулгаж авлаа. Номонд бичсэн байдагчлан том бахим биетэй булчинлаг үнэхээр л хүчирхэг адуу байсан.
Энэ өдөр бидний туулж буй газар Ходон гол, Шаргын ганга гэсэн нэртэй байсан ба элстэй зам нэлээд тохиолдож дугуйнаас буулган түрүүлж басхүү хөөрхөн цуцааж байлаа. Мөн Туж уул, Цул уул гэсэн өвөрмөц нэртэй уулуудын дэргэдүүр өнгөрөхөд албан ёсны нэр нь Сайхан өвстийн нуруу гэдгийг админаас мэдэж авсан. Бас нэлээн олон өөр өөр нэртэй гол байсан юмдаг. Бас Туж уул, Цул уулын дундах ам нэгэн өвөрмөц нэртэй байсан даа... орж ирэх юм биш. Бичвэрээ үргэлжлүүлье.
Шаргын ганга дуусахад Утрагийн ам эхлэх ба тэрхүү Шаргын ганга дуусах заагт байгаа айл нь энэ хөндийн сүүлийн айл, (бас л өнөө Робинзон Крузо) эндээс өнгөрвөл нуурын хойно очтол дахин айл тааралдахгүй гэж эхний уулзсан гэрийн эзэн сануулсан тул бид тэрхүү энэ хөндийн сүүлийн айлд дөрөө мултлан, тэднээс хонь худалдан авч амтат хорхог хийн алжаалаа тайлж амарч хоносон билээ. Харин ингэж амарч байхдаа энэ аяллын хамгийн хүнд зам маргааш эхэлж 2 хоног үргэлжилнэ гэдгийг админаас өөр мэдэх хүнгүй тул бид байдгаараа жаргаж хөгжилдөн харин инээж байсан ч үе үе бодлогошрон зам ширтэн, тэнгэр ажиглах админаа энэ одоо яагаад байгаа юм бол гэж “сэжиглэн” бодож байснаа дараа дараагийн аяллын замыг туулж гарсныхаа дараа ухаарч гэмшиж билээ.
Шинэхэн хосын гадаа хоносон, голын усанд булхаж аяны тоос хөнгөрсөн, хорхогны мах амттай байсныг хэлэх үү бид эртлэн бослоо. Уншигч та энэ сайхан байгальд ирчихээд яагаад айлын гадаа отоглодог юм бол гэж гайхаж байгаа байх. Одоо тайлбарлья. Хотын бид хөдөө гарахаараа айл амьтнаас зугтаадаг бол онгон байгальд харин эсрэгээрээ юм билээ. Мэдэхгүй нутагт айл бараадан хонох нь хамгийн аюулгүйн дээр байгалийн нөлөөнд автаж тав тух алдах магадлал маш бага. Учир нь нутгийн ард газар орноо сайн мэддэг тул үер ус ирэхгүй, ялаа шумуул багатай хамгийн тохиромжит хэсгийг сонгон амьдардаг. Шалтгаан ердөө л энэ. Админы заавар.
Ингээд бид Шаргын ганга хэмээх өндөр гуутай газрын сүүлийн айлаас хөдөлж Утрагийн ам хэмээх үл мэдэгдэх газар луу хөдөллөө. Нутгийхны бахархал Цэцэг нуурын хөвөөгөөр өнгөрч эхэндээ уулын нуга, тал хээрээр үнэхээр сайхан жийлээ. Алсад цастай уулс харагдаж зам хааяа элстэй зууралдавч тод. Учир нь энэ зам бол Ренчинлхүмбэ сумынхныг Ханх суманд хүргэдэг. Утрагийн рашаан гэх гайхалтай сайхан рашаантай золгуулдаг их хөлийн зам тул тод байхаас аргагүй. Тал дуусч модтой ам руу орлоо. Уулын танил зам алсын өгсүүр, хааяа таарах том том чулуу, модны үндэс. Зам тэр чигтээ өгсөж байлаа. Хааяа уруудавч уруудах бүрд намагтай учрана, бас уулын гол нэг дэргэдүүр нэг урдуур урсана. Туулна түрнэ өнөө л үйлдлүүд давтагдсаар, байгаль бол үнэхээр дуу алдуулсаар сүүлдээ бүүр дуу ч гарахаа байсан.
Хүхэрний үнэр сэнхийж хоёр хөлөө арайхийн зөөж бараг сөхөрч унах даваан дээр Утрагийн рашаан дээр ирснээ бид мэдлээ. Сүүлд хоносон айлын эзэн рашааны хэсгийг Хоногцол гэдэг гэж хэлж байсан. Бодсоноос огт өөр байдал биднийг угтав. Машин байтугай дугуй орох зайгүй хүн машин майхан, танил гунигтай хогийн цэг. Хогийн цэгээс бусдыг аргагүй биздээ Ренчинлхүмбэ, Ханх сумынхан төдийгүй Хөвсгөлийнхөн, хотынхон олноор зорьж эмчилгээ амралт болдог сайхан газар юм даа гэж уучлан бодлоо.
Хэдэн өдөр хүн амьтнаас холуур зам туулсан бид рашаанаас дайжихын түүс. Рашаан дээрх агентаас кола худалдан авч бөөн баяр болоод бас ч чадлын хэрээр нөөцлөөд цааш хөдлөв. Зам гэж ёстой зам юм даа гэж үглэн жийсээр, за бараг жийгээгүй дээ түрсээр дөнгөж 1 км рашаанаас холджээ. Энэ зуур бидний байдлыг хамгийн сайн мэдэх админ түрүүлэн явж нарийн давчуу өгсүүр замд ч гэлээ замын дэргэд аюул багатай нэгэн сайхан том модтой газрын сонгон отоглуулав. Майхнаа цувраан барьж аюулгүй байдлын үүднээс зам талдаа дугуйнуудаа бөөгнөрүүлэн гэрэлтдэг хантааз, алтан соёмбот далбаагаа намируулан хаалт босгож байтал Цоко бас зүгээр байгаагүй гэрэл харж тэр юу вэ гэж орилон манайхан сандран очиж харвал хэн нэгэндээ замын мэдээлэл өгөх гэснүү зажигалка асаан модонд бэхлэсэн байсныг олж гайхацгааснаас бусдаар маш тайван амарцгаасандаа.
7 сарын 21 ний өдөр. 5 дахь өдөр буюу аяллын оргил өдөр
Энэ өглөө бид босдог цагтаа босцгоон унд цайгаа уун бэлтгэлээ базаан хөдөллөө. Утрагийн даваа руу өгсөнө гэж мэдэж байсан ч түрээд л гарна даа гэсэн гэнэн бодлоор жигүүрлэсэн би админы өнөө л бусад өдрөөс өөр зовнингуй төрхийг ажиглан “гайхаж” бодоод өгслөө.
За ёстой байдаггүй дээ, замын байдал улам л хүндэрнэ үү гэхээс сайжрахгүй. Админы бараа ч алга, урд 2 гишүүний бараа тэдний ард нөгөө эмэгтэй маань тэгээд нэлээн ард би, миний ард аяллын цоожлогч. Ер нь намайг л цоожилж яваа юм л даа. Зам нь жоохон тэгшрэхээрээ үргэлжилсэн намаг пүл пал гээд л орчихно, жоохон уруудахаараа л жалга шиг намаг түүнд шигтгэж зассан бүдүүн гуалингийн зарим нь цөмөрч орсон, зарим нь овойж гарсан. Энэ бүхэн ачаатай дугуйтай яваа бидэнд үнэхээр том сорилго. Ялангуяа гарын хүч муутай Цокоод бол өндийсөн нэг гуалин ч өндөр даваа л гэсэн үг. Гэсэн ч энэ замд намайг урвайж явсан гэж бүү бодоорой.
Цоожлогч дүүтэйгээ дандаа л инээж хөгжилдөж энэ зам дуусна, бид даваад гарна, нуураа тойрно гэсэн дүүрэн итгэлээр зүтгэж явсан юм. Угаас аяллын замд ажиглагдсан нэг зүйл бол махан бие ядарч сульдаж, амарч сэргэвч аялалд зориулсан зүрх сэтгэл хэзээ ч савладаггүй дандаа л хөөр баяраар дүүрэн явдаг гэдгийг ойлгосон доо. Түүнээс биш бие махбодтойгоо зэргэцээд сэтгэлзүй савлаад байвал энэ хүнд замыг хэрхэн туулж, байгалийн сайхан, аяллын аз жаргалыг хэрхэн мэдрэх билээ.
Даваа өөд өгсөх замд заримдаа зориудаар том том чулууг үргэлжлүүлэн шигтгэсэн мэт, заримдаа замын голдирол дээгүүр уулын гол замаа андууран зүгээр л үргэлжлэн урсана, гэнэт хажуугаас уулын гол хүрхрэн орж ирээд зам дээгүүр тархан урсана... энэ бүхэн Утрагийн даваа өгсөх зам билээ. Ингээд жинхэнэ даваа өөд өгсөх зам эхлэсэн нь мэдэгдэн зам хуурайшин нэлээн огцом өгсөж эхэллээ. Эхний өгсүүрийг мушигран давлаа. Мэдээж дугуйгаа түрсээр. Дахин өгсөөд мушгирлаа. Давааны сураг ч алга, дахин мушгираад өгслөө. Энэ дээр гараад даваа харагдана гэсэн итгэл бага багаар алдагдаж дугуй түрсэн гар бадайрч хөл чичрэнэ. Цоожлогч дүү заримдаа мушгирсан өгсүүрийн эхэнд түрүүлэн очиж өөрийн дугуйг байршуулаад буцаж доошлон миний дугуйг авч дээш гаргана. Утрагийн даваа чи хаана байнаа.
Ингээд ийм мушгирсан өгсүүр дахин бараг 5, 6-г давлаа. Тэртээ дээр админ нэг харагдаж нэг алга болно. Хааяа дуу нь хадна. За өнөө даваа нь тэнд л байх нь гэж бодох зуур тэр хүртэл бас нэг мушгиа өгсүүр байгаа харагдана. Халширан харах зуур цоожлогч дүү битгий бусдад найд, хэн ирж авна гэж бодоов, зөвхөн өөртөө найд гэж “загнав”.Зүтгэсээр ирлээ. Овоо байна. Яалт ч үгүй давааны орой мөн. Бүтэн багаараа, гэмтэл бэртэлгүй, эвдэрсэн дугуй үгүй энэ аяллын хамгийн хэцүү замыг туулан аяллын тайлал болох Утрагийн даваан дээрээ ирлээ. Энэ хүрэх зам бол энэ аяллыг төлөвлөсөн өдрөөс эхлэсэн бидний хамтын зориг, сэтгэл, хүч, баяр баясал, зориг тэвчээр, инээд, нулимс бүгдээр бичигдсэн хамтын ялалтын түүх билээ. Бүгд ийнхүү бодож биесдээ баяр хүргэн дурсгалын зургаа татуулан амттан идэж хүчээ сэлбэн аваад одоо уруудна гэсэн итгэлээр жолоогоо атгацгаасан юм.
Даваан дээр гарсан бол урууддаг хуулиар цааш хөдлөхөд тэрүүхэн тэнд багахан өгсүүр харагдлаа. Аан энийг өгсчихөөд уруудах юм байна. Гэтэл дахиад л өгсүүр, дахиад л өгсүүр. Юу вэ даваа мөн үү яагаад дахин маш хэцүү чулуутай замаар өгсөнө вэ. Ийм яриа бидний дунд гарах үед админ та нар үдийн цайгаа ууж бай би газар шинжээд ирье гээд нөгөө л зовингуй төрхөө харуулаад “зугтаад” алга болов. Байдгаараа ядарсан бид хоол унд руу ухаангүй дайрч байхад, яагаад даваа давчихаад өгсөөд байна гэж бодсон админ жинхэнэ давааг хайн одсоныг, бас Утрагын давааны оройг олж, зураг аван, газрын зурагт тэмдэглэгээ тавиад (жинхэнэ даваа өмнө нь бидний явснаас нэлээн хойгуур намаг ихтэй замаар явж хүн машин их шигдэж зовдог байсныг 80-аад оны сүүлээс уулын чулууг засч шинэ зам буюу бидний явсан зам тавигдсанаар ашиглахаа больсон байсан) Мөсөн нуурын хойд талын дэнж дээр биднийг хүлээж байсан админаас мэдсэн юм.
Ингээд бид анхны олсон овоогоо Бага овоо гэж нэрлээд яг дэргэдүүр нь өнгөрөөгүй ч админыхаа олсон хуучин замын овоог Их овоо гэж нэрлээд цааш хөдлөв. Мөсөн нуур харан баярлалдаж хүүхэд насандаа эргэн очиж цас шидлэн тоглож хэсэг цэнэглэгдэж аваад цааш хөдлөв. Энэ нуурын нэрийг Дагнагарын нуур гэдгийг Ханх суманд очсоны дараа нутгийн хүнээс мэдсэн ба харин энэ нэрний учрыг тайлбарласан гунигтай ч юм шиг яриаг дөнгөж өчигдөрхөн Хорьдол сарьдагийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Даваадалай надад илгээснээр мэдэж авсанаа өнөөдрийн тэмдэглэлийнхээ сүүлд оруулья.
Өмнөх өдөр бидний туулсан Шаргын ганга, Сайхан өвстийн нурууг дагасан том хөндийд айлууд зусдаг ч өвөлдөө өвөлжих аргагүй салхитай хүйтэн хөндий тул бид Утрагаа давж Их хороо гол, Ханх сумандаа өвөлждөг гэсэн нутгийн хүний үг биелэлээ олж яг одоо бидний туулж байгаа энэ намаг чулуутай өвс ихтэй хөндий айлын өвөлжөөгөөр дүүрэн. Их өвс, өтөг бууцыг дагаад ялаа шумуул ч гэж жигтэйхэн хэтрүүлэн хэлвэл зүгээр л мөлжиж байлаа биднийг. Дахин олонтоо өгсөж уруудаж дахин өгсөж, намаг тойрон, туулан дугуйгаа түрж явсаар аанай л яг унадагийн даваан дээр отоглох зөвшөөрөл гарсны тэмдэг надаас нэлээн зайтай манайхны майхан босч байгаа харагдана.
Айлтай газар айл бараадан отоглодогийн учрыг өмнө хэлсэн харин одоо эзгүй хээр ямар газар сонгон отоглохыг админ зааж хэлж өглөө. “Отог л гэхээрээ усандаа ойр, чулуугүй, зөөлөн өвстэй байх албагүй. Ийм газар ихэнхдээ ялаа шумуул ихтэй, буруудвал ус орж ирэх ч магадлалтай байдаг. Тиймээс хээр отоглохдоо чулуунаас айлгүй, аль болох өндөр төвгөр газар усанд автахгүй байдлыг харж, сэвэлзүүр салхитай байвал ялаа шумуул бага, бас замаас хол байвал аюулгүй, мөн алсын бараатай байдаг” гэж зөвлөн энэ удаа мөн тухайн газрын хамгийн боломжит хэсэгт биднийг отоглуулсан байлаа. Харин уснаас жоохон хол байж бид бүх саваа авч усанд явсан юм.
Орой өглөөд найз бүсгүй бид 2-ын тогтмол хийдэг нэг үйлдэл бол өдрийн хөхтүрүү шумууланд хазуулсан хавдсан хэсэгтээ тавшруулах тос, бүүр болохгүй бол шүдний оо түрхэх хэ хэ. Эхлээд л сүрхий тоолоод түрхдэг байсан бол сүүлдээ тоогоо алдаж бараг л бүх гар хөлөө тосолж, ооддог боллоо. Гэхдээ энэ бол зовлон биш аяллын үед тохиолддог л сорилго харин түүнд шаналах уу, хөгжилтэй даваад гарах уу гэдэг бидний л сонголт. Нэгийгээ маажаад эхлэвэл дагаад 2 зэрэг хүр хүр хийлгэдэгээ мэддэг болсноос хойш хэн хэн маань нэгийгээ уруу татахаас айж нууцаар мааждаг болсондоо.
Хоол унд, аяллын тухай яриа, маргаашийн тухай бодол. Энэ өдөр бид дөнгөж 15 км туулсанаа сонсоход аргагүй туулсан зам нүдэнд харагдаж билээ. Админы нэг л биш төрх хэвээрэй. Энэ байдал замын хүнд хэцүү дуусахаар л арилна гэдгийг бид тухайн үедээ мэдээгүй юм. Тэр нэг л биш төрх бол аяллаа амжилттай дуусгах хүсэл, багийг хамгийн аюулгүй бартаа багатай замыг сонгон туулуулах хүсэл, хэн ч битгий гэмтэл бэртэл аваасай, бие нь бүү өвдөөсэй гэсэн хүсэл байсныг Хороо голын гүүрэн дээр очоод л мэдсэн юм даа.
Мөсөн нуурыг Дагнагарын нуур хэмээх нэрлэх болсоны учир
Хороо руу өвөлждөг малчид намар 10 сарын эхээр Утрагийн даваагаар давдаг. Дээр үед Дагнагар гэж нэртэй хүн уг даваагаар айл нүүлгэж өвөлжөөнд нь буулгаж төвхөнүүлж өгөөд буцаад Утрагаар Дархадын Хотгор луу гэртээ харьдаг байж. Ихээхэн хүйтэн өдөр хийдэг ажлаа хийгээд буцаж явтал гэнэт тэнгэр муухайран цасаар шуурч л дээ. Тэгээд тэр хүн тэр нуурын хажууханд осгож нас барсан ба тэрнээс хойш тэр нуурыг Дагнагарын нуур гэж нэрлэх болсон гэж нутгийн хүмүүс тэгж ярилцдаг юм байна. Энэ гунигт түүхийг сонсоод зүгээр л Мөсөн нуур гэж нэрлэмээр юм байна гэж санагдсан шүү надад.
7 сарын 22 ны өдөр. Аяллын 6 дахь өдөр
Даваагаа давсан бид урам зоригтой хөдөллөө. Баруун гар талд Эмээл уул харагдаж тэртээ хойно Саяны нуруу дүнхийнэ. Одоо бидний зорилго бол нуурын хойд хэсэг хүрч улмаар тойрон Ханх сууринд хүрэх байлаа. Утрагийн хөндий дуусч залгаад Хороо голын хөндий залган өгсөөд дахиад л жийлээ. Гэхдээ өгсүүр зам дуусч хөндийн зам эхлэснийг илтгэн замын чулуу багассан ч намаг үргэлжилэх нь хэвээрэй. Гэвч өмнөх өдөр ямар зам тууллаа даа. Иймэрхүү хөндийн зам бол засмалаа засмал. Бараг л дугуйнаасаа буулгүй жийлээ.
Хааяа гэнэт гүн намаг гарч ирж баруун зүүн тийш ёс ёсолгоо (дугуйнаас унахаа би ингэж нэрлэдэг) хийлгэнэ. Давааны замд ёс ёсолгоог зөндөө хийсэн надад намганд ёслох ч асуудал алга норох л болохоос барагтай гэмтэхгүй зөөлөн. Зовлон жаргал ээлжилдэг хорвоод овоо жийх зам гарч ирлээ ч шумуул хөхтүрүү ёстой үйлийг минь барж байлаа. Хоёр гарын булчин, өвдөг гуя зүгээр л тэдний өдөр оройн хоол. Тэртээд байсан Саяны нуруу ойртож оргил дээрх үүл манан цагаан хүрхрээ буух адил сүртэй. Гэтэл гэнэт алсад цагаан зурвас нүдээ тусахуйд цоожлогч дүү “тэр далай мөн үү” гэв. Ахиулан харвал яг мөн. Эргээд бид далайтайгаа учирлаа. Энэ бол бид далайн хойд хэсэгт ирсэн далайгаа тойроод ирлээ гэсэн үг. Хөл цуцаж нуруу хөшиж байгаа ч сэтгэл цэлмээд л явчихлаа.
Утсаа харж бид улсын хойд хилээс 10 км-ын зайтай яваагаа мэдлээ. Сайхан байлаа. Зам цагаан талдаа ч огт бартаагүй байна гэж юу байхав. Гэсэн ч боломжоороо жийсээр нэгэн том гүүр харагдсаныг ахиулан харвал манайхан дэргэд нь таталт хийсэн харагдана. Цаана нь айлууд бас байна. Ашгүйдээ энэ хавьд отоглох нь гэж бодоод хөл хөнгөрөн жийгээд очлоо. Хороо голын гүүр ажээ. Энэ гүүрээр гараад цааш явах юм л бодлоо.
Гэтэл админ болон бусад гишүүдийн зүгээс одоо Ханх суурин хүртэл 30 км хэдүүлээ гүрийгээд Ханх орж нэг мөр амарцгаах уу гэж хэлэв. Цаг харвал 17 цаг. За их удахад 22 цагт очих байх гүрийе гэж зөвшөөрлөө. Уруудаад л давхиад байна гэж бодсон маань томоос том эндүүрэл байж гүүрээ дагаж хэсэгхэн уруудангуутаа хойшоо эргээд ёстой чиг салхины өөдөөс өгсөж өгдөг юм даа. Өдөржин жийсэн цуцсан хөл арайхийн жийж (Энэ үед админ бас л тээр урд. Харин тэр сүүлд хэлэхдээ салхи сөрөөд өгсөхдөө бидэнд сэтгэл нь өвдөөд зам цагаан тул араас ирэхийг нь хүлээе гээд тэр чигтээ эргэж харж чадалгүй явсан гэж хэлсэн) өгсүүр замыг дуусгахад Бүрэнхаан уулынхөө өвөрт ирлээ. Кэмп харагдана. Өнөө Ханх нь хаа ч байгаан бүү мэд. Энэ кэмпэд буудаггүйн байхдаа гэж бодно. Даанч алсад админ тэрхүү кэмпээс хамаагүй хойгуур өнгөрч яваа харагдана. Аргаа ядаад өөдөөс ирэх мотоциклтой хүнийг зогсоон асуувал тээр урд далай руу түрж орсон хошууны цаана Ханх суурин байгаа гэхийг сонсоод эгээтэй л муураад уналгүй баярлалаа гэж хэлээд салж билээ.
Нэг харахнээ далай ээжийнхээ чанх хойно ирсэн харагдана. Сэтгэл догдолж ядарснаа мартан нээх сайхан болоод явчихлаа. Зогсоод далайгаас магнайдаа хүргэн дотроо уужиртал ууж аваад ганцаараа далайтай жаал ярилцлаа. Анх Хатгал суурингийн зогсоол дээрээс мөн Жинхайн даваан дээр түүнийг хараад хэрхэн догдолсон энэ хүртэл хэдэн өдөр хэрхэн зам туулж ирснээ бүгдийг хэлээд одоо маш их ядарч байгаагаа ч хэлж за хамтдаа тэр Ханх руу чинь явья даа гээд хөдөлсөндөө. Яг энэ үед цоожлогч дүү бас нэг ах 2-ыг ард яваа гэдгийг л сайн мэдэж байсан ч надаас хэр зайтайг мэдэх бодох сөхөөгүй ядарсан байсан.
Ингээд цааш Бүрэнхаан уул далай хоёын дундуур жийх замдаа Мөнхсарьдаг оргилоо харж бахархан оргил надад өөрийгөө харамгүй харуулан байгаад талархан жийж явахад Хөвсгөл далайд цутгадаг Жаргалант гол өөр бас олон голын туулсаар яваад арайхийн зам маань урагшаа эргэж билээ. Зам харин урагшаа эргээд далайн захаар бартаа байхгүй цагаан боллоо. Ард байсан 2 маань ч хүрээд ирлээ. Админ замд биднийг хүлээн зогсоно. Ядарсан надад зогсох хүсэл ч байсангүй хурдан л очиж амармаар байлаа. Гэвч зам хол бороо үе үе шивэрнэ. Эндээс миний энэ өдрийн цуцалт эхэлж үлдсэн замыг их ядарч туулахыг админ тооцоолжээ. Бас админы нэг л биш төрх өөрчлөгдөн тайван амгалан болсон нь анзаарагдлаа. Аргагүй шүү дээ. Багаа амжилттай далайгаа тойруулаад хүнд хэцүү замыг ардаа хийн орон нутгийн замд оруулж чадсан.
Урд явсан хоёр гишүүийг түрүүлэн Ханх орж кэмп олж байрлах газар олохоор явуулж, ард үлдсэн хоёрыг ч тэдний араас явуулан, харин тэрээр миний аясаар Ханх орох замыг дуусгахаар надтай хамт үлдсэн юм. Ханх суурингийн хойтох ихээ уужим урт Хавцалын давааг яаж давсанаа би бараг санадаггүй. Явахгүй болсон хөл, дугуйгаа дийлэхгүй гарыг маань админ л өөрийн туршлагаараа, аяллын сургамжит яриагаараа удирдаж давааны өөд өгсүүлэн, уруудуулж суурин хүргэсэн дээ.
Түрүүлж явсан гишүүдийн бэлдсэн тухлаг Барбарис нэртэй кэмпид бид энэ орой, маргааш бүтэн өдөр амарч 24-ний өглөө хүлгийн жолоогоо атгасан билээ. Энэ хүрэх хэд хоногт өдөр бүр гол намаг туулж нойтон гутал хувцастай явсан ч эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бөөр өвдөх, хавагнах гэх мэт асуудал огт тулгарсангүй төмөр биетэй мэт л явлаа. Учир нь аялал эхлэхээс өмнө бэлтгэл базааж байхдаа судалгаа багагүй хийсний хүчинд “цахим эмч”-ийн зөвлөснөөр бөөрний цистон эмийг авч явж зааврыг дагуу ууж хэрэглэсний үр дүн болов уу гэж бодсон. Үүнд төвөгтэй гэгддэг олон нийтийн сүлжээний ач тус гарсан даа.
7 сарын 24-28. Хатгал суурингаас хөдөлсөн аяллын сүүлийн хоногууд.
Аяллын үндсэн зорилго биелж далайгаа тойрсон, бас ч амарч хүч сэлбэсэн бид Ханх суурингаас хөдөлж миний мэдэхийн Ширдэгийн давааг эхлэн давж түүнээс хойш Их сантын даваа хүртэл мөн ч олон давааг давж 5 км элсэн замыг дан дугуйгаа түрж туулан бас л үзээгүйгээ үзэж дунд нь нэг отоглон байж Их сантын даваа хүрсэн.
Энэ зуур үнэхээр хүсээгүй гэхдээ аяллын замд тохиолддог гэмтэл бэртэл гарлаа. Цоожлогч дүүгийн хөлийн шөрмөс өвдөж бид арга чаргаа бүгдийг хэрэглэсэн ч тусыг эс олсон тул админы нэмж хүндрэхээс нь өмнө эмчлэх хэрэгтэй, эрүүл байвал хэзээд аялж амжина гэж зөвлөснөөр дүүгээ замын машинд суулгаж Хатгал руу үдлээ. Аяллын замд аливаад явахдаа ус, түлээнд явах, газар орон, зам судлахдаа заавал хоёроороо явж бай юу ч тохиолдож мэднэ гэдэг журам энэ удаа ч үйлчилж цоожлогч дүүтэй хамт ахмад аялагчаа явууллаа.
Аялал анхны төлөвлөсөн замаараа, багаараа л явсаар хамтдаа дуусгана гэж бат итгэсэн намайг хүсээгүй салалт нулимсаар будаад өнгөрөв. Ингээд 4-үүлээ аяллаа үргэлжлүүлж дээр гарсанчлан дунд нь нэг отоглож дахин олон даваа давж, аяллын замын хамгийн том даваа Их сантын даваан дээрээ ирсэн юм. Энэ даваа бол их урт даваа, тэгшрээд л өгсөөд байна. Зарим газраар даваа өөд өгсөж байгааг мартуулахаар уужим тэгш. Ингэж явсаар даваан дээр гарлаа бараг 80 хувьд нь ачаатай дугуйтайгаа жийж гарсан уужим даваа.
Энд дараагийн таагүй мэдээ нэг гишүүний маань дугуйнд эвдрэл гарлаа. Үлдсэн замаа дуусгаж чадахааргүй дугуйны хойд арааны гэмтэл байлаа. Ингээд бид дахин ярилцаад аялал төлөвлөсөнөөрөө явах учиртай тул админ ганцаараа Чандмань Өндөр сум руу салж цааш жийх, дугуй нь эвдэрсэн гишүүнтэй хамт хоёр эмэгтэй хамгийн ойрхоноор нь Хатгал суурин руу жийх шийдвэрт хүрч аялал үргэлжиллээ. Анхны гэнэтийн бэрхшээлийн хүсээгүй салалтаас ганцхан хоногийн дараа дахин баг салах болсон энэ шалтгаан дахин намайг хямруулав. Чаддагаараа дахин мэлмэрүүлэн Хатгал руу жийсэн дээ хэ хэ. Харин дугуйн каскны том хар шилний араар хэнд ч мэдэгдэхгүй урсган жийх нь амар юм билээ.
Ингээд Хатгал руу бид 3 замдаа дахин нэг хонож хүрэхэд шөрмөс өвдөж түрүүлж очсон гишүүн маань эдгэрчихсэн биднийг угтан авснаар бид 4 цаашлан Мөрөн хот орж дугуйгаа янзлан дахин 2 хоног саатах зуур админ маань ганцаар төлөвлөгөөт замаараа жийж Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдаар дайран 28-ны орой Тариалан суманд очих үед бид ч Мөрөн хотоос хөдлөн админтайгаа эргээд нэгдсэнээр төлөвлөсөн ёсоор 7 сарын 30-ны өглөө УБ хотод баг бүтнээрээ ирж бидний энэ удаагийн аялал өндөрлөсөн юм.
ТӨГСГӨЛИЙН ҮГ
Аяллаа зөвхөн бид 6 өөрсдийн хүчээр туулсан гэвэл үгүй юм. Ар гэрийнхэн, анд нөхөд, тэдний ах дүүс, аяллын замд таарах монгол ахан дүүс тэр байтугай аян замд зөрөхдөө сайныг ерөөн өнгөрөх үл таних хэн нэгний халуун сэтгэл энэ бүхний эрчим энерги, тус дэмээр аялал минь амжилттай болсон гэж хүндэтгэн бахархдаг даа.
Үүнээс харахад аялал гэдэг бол нэг ёсны хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөөх тэмцэл юм. Энэ тэмцлийн зам бидэнд сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөн хямарч эргээд ухаажин хатууждагийг, хүсээгүй бэрхшээл саад аяллын замд тохиолдож хэрхэн түүнийг даван туулахыг, өөрийгөө болон бусдыг хэрхэн танихыг, байгальд хэрхэн зохицож амьдарч чадахыг тань мэдрүүлэхийн зэргэцээ хамгийн гол нь чиний бие цогцос хэрхэн эрүүл бат бөх вэ, чи ер нь хэн бэ гэдгээ олж авахын төлөөх тэмцэл юм байна гэдгийг ойлгосон.
Энэ ялдамд энэхүү түүхэн аялалд нэг баг, нэг амь болон нэгдсэн багийхандаа, аяллыг амжилттай явагдаж дуустал хамгийн сайн лидер, админ болохоо харуулсан багийн ахлагчдаа, эрүүл бие саруул ухаан, жоохон эрх зангийн хамт орчлонд намайг төрүүлсэн аав ээж өсгөн хүмүүмүүжүүлсэн ах эгч дүү нартаа, аялал бүрийг минь урмын үгээр мялааж явах ирэх аяны дөрөөг минь сэтгэлийн сүүгээр угтдаг анд нөхөддөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байгааг минь хүлээн авна уу. ЗҮГЭЭР Л ЖИЙ
ХӨВСГӨЛ 2020 АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ Багийн аяллын механикч ХТГ Э.УУГАНБАЯР (206)
7 САР 15 ӨДӨР
Сэтгэл тогтуун, тэнгэр цэлмэг оройг тэсэн ядан хүлээж 18.00 цагаас Цолмон эгчтэй уулзахаар товлон 16.30 цагаас гэрээс гаран Нэгдүгээр хороолол чиглэн жийлээ. Аялалд гарах гэж байж хүнсээ базаагаагүй байдаг (Надаас өөр ийм хүн бүү байг). Цоко эгч бүр бэлэн зэлэн. Бүр хэдэн уут оёулаад бас борцоо нунтаг элс болтол нь нүдээд богцолж авав. Ингээд бараг цаг хагасын өмнө хоёул Төмөр зам руу жийлээ. Наран баруун ташаа тонгойж салхи урьхнаар хацар илбэж, ачаатай дугуйндаа бараг дийлдэм алдан урагшилсаар тээшинд ирлээ. Ожго ах ирсэн, ачааг үл авмой. Таануус хоцорч хэмээн ачааны хүн том дуугарч билээ. Бид огт ч шантралгүй цуглацгааж ачаагаа гар тээш болгоод дугуйгаа вагондоо хавчуулж амжлаа.
20.30 цагаас Улаанбаатараас хөдөлж, галт тэрэг аажуухнаар түг түг хэмээн миний санаснаас эсрэг зүгт хурдаа нэмж эхлэв. Цаг явахгүй их л зүдэж буй мэт хашин морь мэт зогсчихсон ч юм шиг санагдаж байсаар дээд орон дээр (паласкрат буюу задгай сууц) толгойгоо хаалга чиглүүлэн хөлөө цонхоор салхи амсуулан тоос долоолгон дугжирчээ. Уушгийн улааныг нэлээд зооглодог учир Удирдаачаасаа битүүхэн эмээж байлаа. Тэгсэн ч бас дажгүй ээ.
Өглөө 07.10 цагт Эрдэнэт хотод буулаа. Нойр сэрвэлзэн очис маналзан нартай уралдан бослоо. Өчигдөр шөнө авсан гоймонг өглөө 5.00 цагийн үед дугтарч аваад, өглөөний хоол окэ.
7 САР 16 ӨДӨР
Өглөө 8.20 цагаас Хатгалд хүргэх Истана машинд суулаа, замд Түлүүгийн гуанзанд (6 бууз 1*1200 төг), зузаан гурил өөх тос болсон 6 бууз, аяга шингэвтэр сүүтэй цай ууж аваад цааш хөдөлцгөөв. Мөрөн хотод ирээд Хилийн отрядад бүртгүүлэв бас хүнсээ базаав. Будааг хүнд гэж голоод савхан гоймон 5 уутыг 2 газ нэмж аваад ерөнхийдөө боллоо. Машиндаа ороод нам унтжээ. Нэг сэрсэн тэнгэр бүүдгэр жихүүн салхитай, далай цэлэлзэн хөгжөөн ихтэй гудамжинд буужээ. Гишүүн Одбаярын эгч Ариунаа хэмээх гялалзсан бор эгч түүний нөхөр Даваабаяр нар биднийг инээмсэглэн угтлаа. Хөвсгөл нутгийн торхон байшингийн томхон зайг эзлэн зулцгааж бас л дугжирлаа. Маргаашийг баярлан угтъя.
7 САР 17 ӨДӨР
06.00 цагт бослоо. Эг голын хүзүүгээр манан будан хөшилдсөн сайхан өглөө ажээ. Үүл хуйлран бороо ч орж мэдэхээр байна. Ингээд 7.30 цагт Хатгалаас хөдлөв. Зам чулуурхаг, даваа өгсөөд сайжруулж зассан аажуу өгсүүрээр урагшилсаар Жинхай даваа дээр гарлаа (Даваа гэхээр л Архангайн Цагаан даваа, Завханы Солонготын даваа шиг огцом өгсүүртэй байх гэж санаж байсан харин ч аажуу). Энэ хүртэл 36 км. Даваа уруудахад бага зэрэг огцомдуу мушгиран уруудлаа.
10.00 цагт Жинхайн давааны өвөрт НТГ Даваасүрэнгийн ажиллаж буй Хөвсгөл сор ресортод өглөөний цай ууж талх идэв. Сүү өргөн үдэж үлдсэн Даваасүрэндээ баярлалаа. Ингээд далайн эргийн дагуух шороон замаар урагшилж эхэллээ. Тэндхийн амралтын газруудад дүүрэн дотоодын аялагчид. 13:50 цагт Өвөр Хилт нуурын хажууд өдрийн цай уув.
14.30 цагт Ар Хилт нуурын эрэгт хоол хийж идэв. Далай давалгаагаа намуухнаар эргээ балбан салхи бага, нарлаг өдөр аж. Эндээс л бараг шавар, намагтай найзалж эхлэв. Багийн гишүүн Золоо эгч анхны уналтаа амжилттай хийж замын шаварт тал дундаа ортол пүлхийгээд инээмсэглэн босож байгаа харагдана. Тэрнээс хойш ачаатай дугуйндаа дасах гэж хэд хэдэн удаа инээмсэглэн унан, боссоор Хар усны рашааны модон гүүрээр гарч Өвөр Сантын давааг өгслөө.
Хоёр дахь даваа. Нар нилээн тонгойж биднийг дулаацуулсаар. Ер нь баахан ядарсан хүмүүс дугуйгаа арай ядан түрсээр, амарсаар, өгссөөр байлаа. Бас ч үгүй өндөр даваа ажээ. Оргилд түрүүлж гарсан Ожго ах эмэгтэйчүүддээ туслан агсам цагаан морийг нь хөтлөн оргилд аваачив хэ хэ. Энэ даваа хойноосоо нэг удаа мушгиран огцомдуу уруутай, замаараа жижиг горхи жирэлзэн урсаж байлаа. 20.00 цагт Өвөр Сантын давааны ард отоглов. Өндөр газар отог сууцаа овоолох нь:
1. Бороо ус их орвол үерээс сэргийлэх
2. Шимэгч шавжнаас ангид салхи сэвээртэй байдаг ажээ. Оройн хоол бяцхан түүдэг, өдрийн явсан замаа ярилцан дурсамжиндаа нямбайлан хавтаслах үе юм даа. 21 цагт унтлаа.
7 САР 18 ӨДӨР
Өглөө 6 цагт босов. Эхний отогын өглөө аяга хар кофэ чанаж уув. Гашуувтар сүүгүй бас чихэргүй. 6.10 цагт өглөөний хоол өдрийг хүртэлх миний бэнзээн болох лавшаа хийж идэв. Эндээс далай үлгэрийн орон мэт цэнхэртэн харагдана. Зүүнээр далай баруунаар ой мод хөвч уул хангай. Далай эмжсэн дээлийн энгэр мэт хоолойг өгсөн жийлээ. За, энэ амаар л өгсөн дөө хэмээн удирдаач түрүүлэн жирийж одов. Энэхүү уулын сугаар нутгийн малчдын өвөлжөө элбэг ажээ. Байр (манай нутгийн хэллэг)-аасаа өндөр өндөр ургасан нарийн шимт өвсөөр битүү хучигджээ. Урьд нэгэн цагт уулын гол оволзон урсаж байсан сайраар аажуухнаар өгсөж эхэллээ. Заримдаа модлог, чулуурхаг, шаварлаг замтай ойн зурвас зам. Бид байн байн гарах болоогүй юу? гэсэн асуултаар удирдаачаа шалгаана. Ёстой л уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлах гэгчээр бид юу ч үзэж эхлээгүй яваа ажээ.
Жиглэгийн даваа уужим амьсгаа авах цаг. Баруун хойноос салхи үлээж хөлс эврээнэ. Бургас модод гозойлгосон даруухан овоотой аж. Одоо л уруу газар алаад өгдөг цаг. Гэсэн ч бас үгүй ээ. Чулуурхаг замаар км орчим уруудаад том том гөлгөр мөлчгөр чулуу бүхий Арсайн гол баруун хойд зүгийг барин яарамгүйхэн урсаж авай. Гол гол ба дахин голоо гэж... Арсайн өргөн сайрын дунд
13.15 цагт (Жиглэг уул Арсайн голын хөвөө) өдрийн хоол "Лав шаа"-гаа зооглов. Наран урдаас баруун тийш хэлбийсэн их үдийг хөтлөн авч иржээ. Эндээс их сайрыг уруудан түрсээр жийсээр түрсээр, гаталсаар, бас гаталсаар. Байгалийн сайханд нүд бүлтэрсээр ха ха. Энэ нутаг Хорьдол сарьдагийн байгалийн цогцолборт газарт ордог ажээ. Алсаас Дэлгэрхаан уул сүрлэг сүрээ гайхуулан цэнхэртэнэ.
21.30 цагт Рэнчинлхүмбийн 4-р багийн нутагт зуншиж буй Баярмаа эгчийн хашаанд отоглолоо. Сумын төв 15 км-ийн зайтай гэнэ. Энд урьд цагт "Зөөлөнгийн хүрээ хийд" оршиж байжээ. Сарлагийн өрөм, гэрийн талх хужир хутгасан сүүтэй цайгаар дайлуулав. Усыг нь уувал ёсыг нь дагана.
7 САР 19 ӨДӨР
06.00 цагт бослоо. Кофэны ус буцалгаад сууж байна. Өглөөний хоол лавшаа. Жиглэг уруудаж явахад гишүүн Батжа-гийн ачааны өрөөсөн шийр тас үсэрсэн тул түүнийг монгол аргаар нам болголоо. Аялал дуустал ажраагүй ээ.
10 цагт хөдлөв. Баруун хойш салхи сөрөн жийсээр Арсай гол гарч модон дундуурх зөөлөн хөрст замаар хойд зүг довтолгов. 10 км яваад 11.30 цагт 3-р багийн нутаг элстэй толгой дээр цайлав. Зарим газраараа элс хааяагүй түрэн иржээ.
12:00 цагт хөдлөв. 13:00 цагийн үед Ходон голын хойд дэнж дээр зусаж буй Энхбатынд ирж хонины гэдэстэй хонин тогоо дүүрэн будааг холын гийчид хормын дотор зооглоцгоолоо. Тэднийхэн бас агент (дэлгүүр) ажиллуулдаг юм билээ. Хүний хэрэгцээ цөм бүрэн, цай тамхи гурил эмийн сан хүртэл байсан шүү. Эднийх fмнө угтаж буй "Утраг"-ийн даваа давж Ханх хүрч өвөлждөг гэсэн. Талархлаа илэрхийлээд аяны жолоог зүүн хойш довтолгон Жарай голыг гатлав. Энэ зуур цоожлогч би бээр удирдагчтай хамт дөрөө харшуулснаас болж ард үлдсэн хоёр дугуйчин биднийг харалгүй буруу замаар будаа тээгээд амжсан тул цоожлогчийн үүргээ түүнээс хойш бат үргэлжлүүлсээн хэ хэ. Салхи баруун хойноос сэвэлзэнэ. Өнөөдөр эрт амарцгаана.
15.30 цагт Шаргын гангын дэнж дээр зусаж буй Нямхүүгийнхээс хонь авч хорхог хийнэ. Эднийх саяхан гэрлэсэн залуу хосууд ажээ. (1 хонь 100к). Тэднийд гийчид цугларч найрлацгаав. Бид махаа янзлан бас ч үгүй хөөрхөөн найрлацгаав. Энэ хавьд тэмээ ээлзгэнэ элбэг ажээ. Тэдний орооны үе орсон бололтой майхнаар дүүрэн юу яа болцгоож байлаа.
7 САР 20 ӨДӨР
06.00 цагт босов. Өчигдрийн хорхогны махаа хүн нэг бүрт хуваарилан богцлуулж аваад 09.00 цагт хөдлөв. Эндээс л жинхэнэ өгсүүрийг мэдэрцгээнэ. Өглөөний тунгалаг нарны доогуур дархадын цагаан адуунууд туурай мэдэн давхилдацгаана. Бидэнтэй санаа зориг нэг 5 жип машин мөн урагшилж авай. Ойн жим зам. Хорьдугаар зууны дундаас хойш хойд нутгийн цэрэг эрсийн тохижуулсан замаар зүтгэцгээлээ. Хажуугаар Утрагийн гол уухилан урсана.
Ийнхүү Хоногцолын рашаанд их үдээс хойш ирвэй. Түм түжигнэж бум бужигнасан ойн чөлөөн дахь ус шуугисан тэгш талбайтай, нуруу бөөр, нүдний рашаан элбэг ажээ. Энд нутгийнхан илүү ирж эмчилгээ сувилгааг 6-7 хоногт хийдэг ажээ. Эндээс км гаран өгсөөд Уртраг голын зүүн дэнж дээр отоглов. Зам бартаа элбэг. Бага зэрэг сэвэлзүүр салхитай, ялаа элбэг шумуул бага байв. 1909 метр өндөрт хонож бна. Түүдэг тойрон ярилцаж, норсон хувцасаа хатаацгаагаад, зүүдний мөнгөн далайд уусацгаалаа.
7 САР 21 ӨДӨР
07:30 цагт босов. Уг нь 6 цагт сэрүүлэг тачигнаад байсан ч тоолгүй, бага зэргийн уруу хонхор газар хулдан нам унтаж нар уулын толгойгоор тусан майхан төөнөхөд бослоо. Нилээд өндөрт хонож байгаа болохоор улбаа унасан бага зэрэг сэрүүхэн байгаа ч ялаа ихтэй бна.
Өглөөний цай болох хорхогний махаа бүгдээр тойрч идчихээд хөдлөх юмандаа орж 10 цагт өгсөж эхлэв. Жийж явах боломж маш муу чулуу ихтэй замаар ачаатай дугуйгаа түрэн урагшилж эхэллээ. Харин чулууг эс тооцвол ус элбэг хаа сайгүй чулуун доогуур ус хоржигнон урсана. Шинээр гаргасан зам мушгиран өгссөөр бас өгссөөр л байлаа. Ийнхүү овоо чулуутай толгойд гарч ирэв. Ингээд даваа дууслаа гэж бодоцгоож байсан ч дахин хамгийн хүнд чулуутай замаар өгслөө. Ингэж явсаар 14 цагийн орчим холбоо гурван нууртай толгой дээр ирэн өдрийн цайгаа ууцгааж хорхогны мах дууслаа.
Чиглүүлэгч 837 түрүүлэн явж бусад нь сүүлд араас нь түрэн явцгаалаа. Хэсэг зүтгээд Данагарын мөсөн нууран дээр ирэв. Тиймээ зуны цас ямар гоё вэ. Тэнд түр саатан цааш түрлээ. Цоко эгч нилээд ядарч би цоожлогч тул түүнтэй хамт урагшилсаар нэгэн толгой даван өнгийтөл манай хэд буудаллаж майхнаа тараан барьсан харагдав. Үнэндээ 6 хүн 5 майхан үүнээс 4-ыг нь барьсан байв. Орой болж шумууланд жаал мэрүүлсний дараа бурам майонэзтай арвайн гурил зооглоцгоож аваад хөнжилдөө шургаж дугжирцгаав.
Шөнө 2 цагийн үеэс бороо шиврэн орж эхлэв. Яагаад ч юм майхан усаар дүүрч, доор урсаж байгаа гол эргээ халин оволзож байгаа мэт сэтгэгдэл төрсөөр нүдээ тас анин унтах команд өгснөөр өглөөтэй золгожээ.
7 САР 22 ӨДӨР
Өглөөний 7.20 цагт босож урьдын байдлууд давтагдав. Тэр нь юу вэ гэвэл ус буцалгаж аяга хар кофе дараа нь аяга лав шаа хийж идэв. Доор шуугин буй Их Хороо гол алсад сүндэрлэх Мөнхсарьдаг оргилыг тольдон хажуугаар шунгинах шумуултай үзэлцсээр хагас хомоол унгасган майхнаа хураахаар завдлаа.
837 түрүүлэн хөдөлж араас нь Цолмон, Гантөмөр ах, Золоо эгч, Батжа бид 2 сүүлд нь хөдлөн чулуутай уруу жийн бууж байтал ачааны түгжээ хуга, доод боолт тас, нөгөө талынх нь муруйсан байлаа. Тэгш газар очиж шумууланд бариулангаа ачаагаа төмөр утсаар сайн гэгч бэхлээд уруудлаа. Зам намгархаг шаварлаг чулуурхаг байсаар Эмээл уулын ард Их Хороо голын хойд дэнж дээр 12.20 цагт өдрийн хоолоо идэх гэж байна. Эндээс бяцхан 2 загасны нуруу идэж авцгаагаад хөдлөв.
Бороо орох янзтай... Зөөлөн бороо, усархаг, замаар хөтлүүлэн жийсээр Их Хороо голын гүүрэн дээр уван цуван ирсний дараа бяцхан чулуурхаг товгороор даван баруун хойд зүгийг барин довтолгов. Энэ үед Цоко эгч Ганаа ах 2 бага зэрэг ядралттай ч хүчтэй хэвээрээ. Салхи өөдөөс сэвэлзсэн таатай.
Нэг юм: Бараг биднийг Шаргын гангад хонож байхад ирж зам асуугаад явсан том том бас хүчтэй жийпнүүдтэй хамт, их яривал тэднээс илүү хурдаар ирсэн байдаг. Тэд далайн баруун хойд суганд хонож бид Ханхад ирсэн.
Ийнхүү явж атал толгойн сэргийлэх цоожний үүргийг аван Золоо эгч Батжа ах 2-ыг урагш урьдчилсан захиалганд явуулсан байв. Ганаа ах бид 2 бас араас нь нэхэн байтал ахыг би орхин урд яваа хоёроо гүйцэн хамт Хавцалын даваа өөд махийсаар давж уруудан Ханхад орж ирэв. Миний шүд өвдөж явсан тул шууд Эмнэлэгт үзүүлж зөвлөлгөө аван эмийн сан явж өвчин намдаагч авч ирэн, Барбарис кэмпд нилээд бүрий болсон хойно тухалцгаав. 23.00 цаг өнгөрч байхад цуйвандаад зүүдний мөнгөн далайд сэлцгээлээ.
Урьд өнгөрсөн 5 өдрийг нэгтгэн харвал замын 60 хувьд нь түрж 40 хувьд нь жийсэн. Хүмүүс цааш зүтгэх хүч асар их. Ядарсанаа бараг мартсан. Энэ зуур Батжа андын ачааны шийр хугарсан, миний ачааны шийрний боолт тасарч дээд тогтоогч хугарсан. Золоо эгч зөндөө унасан ч инээмсэглэл дүүрэн байлаа. Ганаа ах нилээд унасан (гуяны махандаа бага зэрэг зөөлөн эдийн бэртэлтэй).
7 САР 23 ӨДӨР
Өглөө 8.30 цаг хүртэл унтаад бослоо. Өнөөдөр дугуйнуудад их сэрвис хийх өдөр бүх дугуйн гинж цэвэрлэгээ тосолгоо хийсээр өдөр хуушуурдаж далад завиар сэлж, Батжа-г усанд сэлүүлж ганц нэг үнээ саагаад орой унтлаа. Маргааш зам үргэлжилнэ.
7 САР 24 ӨДӨР
Өглөө 08.30 цагт Ханхаас долуулаа хөдөллөө. Барбарис амралтынхан өглөөний цайгаар дайлж, үдэж өглөө. Наран мандах зүгийн өмнөөс зөөлөн хөрст замаар урагшиллаа. Ханх голын модон гүүрээр гарч цагаан жингэр Ширдэгийн даваа давтал гаргаж өгөөд буцлаа. Ингээд зургуул урагшиллаа. Хөвсгөл нуурыг эмжсэн элсэрхэг замаар довтолгон 5 км элсэн замаар түрэн далай захлан урагшилсаар авай. Эндээс баруун хөлний ахилл-ын шөрмөс хавдан цааш явах боломжгүй болсон тул Ноён голын хөндийд Хатгалаас 100 км зайд Ганаа ахтай хамт фургонд суугаад, шөнийн 3 цагт Хатгалд ирж, бороо шиврэн ахуйд майхнаа барин шургалаа.
7 САР 25 ӨДӨР
Өглөө 8 цагт сэртэл Ганаа ах аль хэдийн боссон байлаа. Хоёулаа лавшаа хийж идэн 9 цаг өнгөрч байхад Хатгалын эмнэлэг орж хөлөө үзүүлэв. Ганаа ах хоолойгоо үзүүлэн эм бичүүлж аваад гарлаа. Энэ өдөр Ганаа ах утасаа Өвөр Сантын давааны ард гээсэн учир намайг үдэж өгөөд гар даллан хойд зүгийг барин жийн одов.
Би урагш Мөрөн рүү явж байтал Одбаяр залган орой явахаар болж тэдний хүргэн ахынх руу буцан жийлээ. Бүр эндээ хоноод маргаашийг адуу тамгалж өнжөөд хойноос ирж буй 4 хүнээс 3 нь наашаа явж нэг нь үндсэн чиглэлээр замаа үргэлжлүүлэх болсныг сонслоо. Хэдийгээр харилцаа холбоо сайн хөгжсөн ч уулын оройд сүлжээтэй уулын суга, гуугаар таг чиг ажээ. Эндээс Одбаяр, Ожго ахыг тосон жийж одов.
7 САР 26 ӨДӨР
Өглөө 6 цагт адуучид адуундаа мордож саальчид үнээндээ гарчээ. Би бээр адуу иртэл сул хүн. Адуу тамгалахад гал хөс болдог ч тэгсэнгүй. Азот хэмээгч идэмхий шингэнээр "цагаан үс" тамга дэлгэрчээ. Мөн агт засалцаж уурагт засааг зооглов. Бөөр нуруунд сайн гэнэ. Их үдээс хойш наран баруунтай тонгойж салхи тогтуун үест 3 дугуйчинтай холбоо тогтоож чадав. Батжагийн дугуйн араа эргэж 40 км алхаж иржээ. Хүнд замыг туулан ирсэн нөхдөө тосон алжаалав. Орой Мөрөн явлаа. 2 эмэгтэйг машинд суулгаж бид хоёр жийвээ. 23 цаг нилээд өнгөрч байхад бид 2 Мөрөнд ирж мөн Одбаярын эгчийнд тухалцгаав.
7 САР 27 ӨДӨР
Нарлаг сайхан өглөө. Даваа гариг тул зах зээл тэр чигтээ амардаг ажээ. 12-ийн тусгай түлхүүр мөн гагнуурчнаар араа задлах бас нэг тусгай түлхүүр хийлгэж авав. Ингээд эвдэрсэн дугуйгаа монголчилчихоод, төв талбай орж зураг татуулаад музей үзэж түүхт нутгийг илүү дэлгэрүүлж байтал Ганаа ах Хатгалаас довтолгон ирж бид 5-уулаа боллоо. Орой Төмөрбулаг сумийн руу хун цагаан фурганд суугаад оюутан цагийн анд руугаа довтолгов.
7 САР 28 ӨДӨР
Өглөө 11 цаг гэхэд ирсэн бай гэсэн тушаалтай тул андтай хамт мотоциклоор давхиж яваад зүлгэн дээр гулсаж тоглоод өөрөө бор халзан туулай болоод баруун гартаа бага зэрэг гэмтэл хүртээд өдөр 15 цагт Мөрөнд ирлээ. Мөн зассан дугуй ахин тэсэрсэн тул Золоо эгчээр задлуулан, ах зандан зааварлан сууж засаж дуусах ахуй дор тэнгэр орж бороо асгарлаа.
Энэ далимд Тариалан сум руу хүргэх бидний хилэн хар Старэкс иржээ. Түүндээ багталцаж аваад довтолгож одлоо. Энд Ожго ах Одбаяр нар аль хэдийн морилон саатаад Баасансүрэн багш хэмээх тулхтай айлд алжаалаа тайлан байна. Тэнгэр бүрхэн бороо үе үе шиврэнэ. Одбаяр аялагч ирсэн машинаар буцан аяллаа өндөрлөлөө. Бид унтацгаалаа.
7 САР 29 ӨДӨР
7 цагт босцгоолоо. Эндээс манай багийн 50 хувь нь цааш зүтгэх боломж хомстжээ. Нэг дугуй тэг зогсолт хийж, нэг хүн бас тэгжээ. Бас бусад нь их бага бэртэлтэй болсноор Орхон аймгаас хун цагаан Истанаг дуудан авчирч бултаараа багталцан одвай. Эрдэнэтээс "уурын" тэргэнд тухалцгаан, Уулсын сайхан орон Улаанбаатар руугаа аялалаа.
7 САР 30 ӨДӨР
7 цагт босож, 8 цагт хотод буулаа. Нар тоссон сайхан өглөө ажээ. Аялагчид бид шороонд булсан төмс адил пожийсон бор амьтас болжээ. Тосож ирсэн та нартаа баярлалаа. Адал явдалт холын аялал өндөрлөлөө.
Санамж:
1. Чулуу ихтэй замаар явахдаа орой бүр ачааны боолтуудыг шалгах,
2. Ачаагаа тэнцүүхэн ач. Хойноо хэт хүнд ачихгүйгээр урдаа бас ус нэвтэрдэггүй цүнхэнд хуваарилах,
3. Ачааны цүнх аль болох хөдөлгөөнгүй бэхэлгээтэй байх, түгжээны тав мултрах, хатуулга хавтас цуурах гэх мэт асуудал гарсан,
4. Болзошгүй эрсдэлээс сэргийлж илүү жижиг боолт, шайб багаж зэргийг сайтар базаах,
5. Хоёр ээлжийн хөнгөн гуталтай явах, Шумуулын хаалттай малгай эсхүл үргээгчтэй явах, нарны тос хэрэглэх, гинжний тос
Талархал: Зам зуур тусалж дэмжиж байсан нутгийн иргэд, Одбаярын ах эгч гэр бүлийнхэн, аялалыг удирдан чиглүүлсэн админ болон группийн нийт гишүүд, гэр бүлийнхэндээ баярлалаа. Сэтгэл байвал зорилгод хүрнэ. Багийн цоожлогч, засварчин Э. Ууганбаяр
ХӨВСГӨЛ 2020 АЯЛЛЫН ШИГТГЭЭ ТЭМДЭГЛЭЛ Багийн ахлагчийн орлогч, эмч ШТГ П.ЗОЛЗАЯА (198)
Аялал эхэллээ. 07.15 ны орой бид Эрдэнэт хот хүрэх галт тэргэнд унадаг дугуй болон бүх ачаагаа ачин хайртай хүмүүсийнхээ сайны ерөөлөөр үдүүлэн аяллаа эхлэсэн юм.
Мөрөн хот Тэвхэн дэлгүүрээс хатаасан ногоонууд авсан. Аяны хоол амттай, сонирхолтой болж байсан шүү. Угаасаа ч манай тогооч best л дээ. Өглөө өдөр орой 3 удаагийн хоолонд баараг л таргалаад ирсэн.
Хатгал тосгон. Нэг гишүүний маань эгчийнх нь гэрт тухалж, тааваараа амраад 07.17-ны өглөө ЦЭМЦГЭР ДЭЭРЭЭ гэдэг зургаа татуулаад аяллын гараандаа гарав.
Оройн хоолны дараахь цагийг ашиглан Хатгалын дээд шахаа хүртэл жийж тосгонтой танилцав. Хуучин зогсоол дээрх СССР-МНР гэсэн бичиг арилаагүй тодхон байлаа.
Жанхайн даваа. Үүнээс цааш маш олон даваа давжээ. Солонгосын 2 жүжигчин Жанхайг дугуйгаар давсан нэвтрүүлэг үзээд ингэж явах юмсан гэж бодож билээ. Санаж явбал бүтнээ гэж ...
Сор кэмп. Жанхайн даваа уруудаад эхний замаар баруун гар тийш эргэж орно. Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ ирэхэд тохиромжтой, амгалан тухтай кэмп байна билээ. Хөөрхөн сюрпризтай хүлээн авч хооллож, цайлаад үдсэн Даваасүрэндээ их баярласан.
Далайтай нөхөрлөх цаг. Эрэг дагуух сайр, намаг, сайр, намаг... гээд л явж өгнө дөө. Далай нэг бараантаад, нэг цэнхэртэж ногоороод үнэхээр үзэсгэлэнтэй. Хамгийн сүүл хавиар, өөрийгөө их ядарчихсан гэсэн бодолтой явж байсан болохоор зураг цөөн даржээ. Жинхэнэ бартаат зам үзээгүй шинэхэн цэрэг аргагүй ээ.
Өвөр Сантын даваа 1746 м. Хэдийгээр Хатгал талаасаа өгсөхөд аажуу боловч туйлдатлаа ядарч, руль дээрээ тэгнэж хэвтсээр дээхэн хэсэгт нь хүнээр туслалцуулан байж арайхийж гарсан байдын. Наана нь бас 2-3 удаа шаварт унасан. Даваа уруудан дугуйгаа түрсээр бууж иртэл ашгүй отоглох сураг сонсоод хичнээн баярласан гээч. Кк тавилан юм даа гээд л явна шүү дээ.
Жиглэгийн даваа 1926 м. Аажуу өгсөлттэй ч, том том чулуутай Жиглэгийн голыг бараг арваад удаа нааш цааш туулж байж даваан дээрээ гарна. Эхний эвдрэл гарч нэг дугуйчны маань ачаа хугарлаа. Монголчилно гэж арга байнаа, уяагаар боогоод боогоод л явчихна, асуудалгүй. Жиглэг өгсөх үед байгалийн тогтоц эрс өөрчлөгдөж аварга биетийн нутагт ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Цэцэгнүүд нь надаас өндөр шахам, уулс нь маш огцом, жийж явахдаа дээш харвал уначих гээд хэцүүтэй кк.
Арсай гол. Жиглэгийн давааг уруудангуут Арсай гол тулна. Дархадын хотгор ортол голоо мөн ч олон туулна даа. За тэр гол ч яахав, тэр цайраад байгаа сайр бол залхаана, цуцаана. Жийх гэхээр шигдээд, алхах гэхээр газар хорохгүй, алтан дунджийг барьж явсаар байгаад холдож билээ.
Дархадын хотгор. Энд нутгийн айлуудаар бууж хужиртай улаан цай, сарлагийн өрөм, хэмээлээр исгэсэн талхны амтанд оров. Дархадын цагаан адуу айл айлын гадна уяатай, үнэхээр хиймортой өнгөлөг адуу аж. Дугуйтай хүмүүс хараад л урдуур нижигнэтэл уралдан давхицгаана. Шаргын ганга дээр отоглон хорхог хүлээх зуур голын эрэг дээр Цоко салон ажиллаж бүгд цэмбийчихсэн, үс толгой нь гялалзаадл кк.
Хаа байсан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум, Шаргын гангад отоглохоор ачаагаа буулгах үед нэг машин хүрч ирээд тэндээс "Золоо эгч байна уу" гэж асуух үе сонин байсан шүү. Нэг тийм хотоос эргэлт ирсэн мэт мэдрэмж. Сүлжээгүй газар хотын сонин дуулгаад хөдөлсөн ч, дахин тав хоног урд хойноо гарч Ханх хүртэл хань бараандаа явцгаасан байдын.
Утраг өөд урагшаа. Хорхог идэж чадал орсон хүмүүс үлдсэн махаа жижиглэж цүнхэлж аваад холоос таслагдан харагдах Утрагийн давааг чиглэн жийлээ. Зам илүү шавартай өгсүүр болж гуалин хөндлөн өрсөн нь улам ихсэнэ. Байгаль улам үзэсгэлэнтэй болон өөрчлөгдөнө. Зөрөн өнгөрөх машин мотоциклд зай тавьж өгссөөр л.
За тэгээд сүүлдээ дугуйгаа түрээд алхах шиг сайхан зүйл үгүй болж орой хирд рашааныхаа барааг харлаа. Санаанд ороогүй зураглал угтан авлаа. Багахан наадам болж буй мэт олон хүн машин майхан шавжээ. Хэд хоног эзгүй яваад сурчихсан бололтой бушуухан олноос тасрахын түүс болж сүүлийн нөхдүүдээ хүлээнэ. Ашгүй баг бүрдэж аваад нэгэнт явах замаас хагаслан отоглохоор хамгийн бэрх замыг өгсөж эхэлсэн юм даа.
Утраг даваа буюу асгатай нөхөрлөхүй. Би явж байна, Бээжин сууж байна гэдэг шиг том том чулуун дундуур дугуйгаа эрчээр нь өнхрүүлж түрсээр л. Чулуун дээр мордуулчихвал 35 гаруй кг хүнд дугуйгаа өргөж гаргахаас өөр арга үгүй. Баруун гарын булчин бадриун болж буй мэдрэмж, угийн хатуу гартайг хэлэх үү бүр л хатуу болж байгаа бхдаа кк.
Зөөлөн ногоон өнгөтэй асгаар бүрхэгдсэн уулсын оройгоос улаан өнгийн хөрс урссан харагдана. Хажуугаас урсан ирэх голын чулуунууд мөн улаан өнгөөр бүрхэгджээ. Замын хажуугаар аварга том гишүүнэ хөглөрөн ургана. Ерөөсөө бидний харж байгаагүй өвөрмөц ертөнц. Цээжээ хөндүүр болтол дугуйгаа түрсээр багахан зуур амрах хооронд эргэн тойрны үзэмжийг харж сэтгэл баясна. Яг л энэ зөөлөн ногоон өнгөнд дэндүү дуртайг хэлэх үү. Нөгөө таван жиптэйгээ дахин таарна. Бид жипний хурдаар явж, жипнүүд явган хүний хурдаар явж буй мэт.
Данагарын нуур. Утрагийн давааг дөнгөж уруудаад хөндийд Данагарын нуур цайран харагдана. Байгалийн нэгэн өвөрмөц тогтоцыг үзсэн, халууцаж ядарсан бид хэсэгтээ цасаар байлдан хөгжилдөөд авсан шүү.
Хороо голын хөндий. Аялал эхэлснээс хойш анх удаа бороотой таарлаа. Зам нойтон тул хаширлаж, шарваж зөндөө уналаа, бусад нь зүгээр л жийгээд байхын, уналтын техник энэ тэрд бүр мэргэшсэн кк. Хороо голын гүүр хүртэл 18 км гээд л жийгээд байна, гүүр байхгүй, улам л хойд Бүрэнхаан уул руу л жийгээд байх. Тэгсээр орой тийш арай гэж гүүр дээрээ ирсэн чинь Ханх хүртэл ахиад 30 км жийгээд ороё гэх.
Хошуу эргээд өгсүүрт өөдөөс салхитай махийж байгаам даа. Юун Ханх цаашаа, зүгээр л наана харагдах баазад хоночихмоор санагдана. Ханхын наана бас нэг даваа давна гэжугаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Хажуудаа жийх хүний урмын үгээр ирлэгдсээр Хавцалын давааг даваад гэгээ тасрахаас өмнө Ханхад ирж, байр сууц ч хайж амжсан байхын...
Барбарис буюу их угаалгын өдөр. Оройтож очоод хоол идэхгүй унтая гэсэн боловч янзын сайхан цуйван оруулаад ирэхэд бүгд амаа олохгүй шахам идэв. Өглөө нь танил болсон өрөмтэй талх, гишүүний варень. Дашрамд хэлэхэд Хөвсгөлийнхөн л гишүүний варенийг утгаар нь хийдэг юм билээ. Хотод зардаг варень зүгээр цаашаа шүү.
Их угаалгын өдөр эхэллээ. Хувцсаа, өөрийгөө, дугуйгаа гээд л угааж өгсөн дөө. Кэмпийн эзний угаалгын машиныг гадаа гаргаад тавьчихсан, сараалжин хашаа хэцний үүрэг гүйцэтгэчихсэн, гэртээ байгаа юм шиг тухалсан хүмүүс. Хашаан дотроо саунтай, усанд орж гялалзсан хэдэн хүн үдээс хойш хоёр гарын алга нийлүүлсэн дайны том хуушуураар дайлуулаад Ханхтай танилцахаар дугуйндаа мордов. Завиар сэлж, усанд үсэрч, ууланд алхаж, хад руу авирч баахан патиардуулж аваад байр руугаа маарш. Кэмпийн хөөрхөн цагаан нохой өдөржин бидэнд газарчилж, маргааш нь Ширдэгийн даваа хүртэл биднийг гаргаж өгөөд буцсандаа.
Ханхаас Хатгал руу. Дундаа 2 отоглож, нэлээд олон даваа давж байж Хатгал сууринд ирнэ. Гэхдээ замын бартаа харьцангуй гайгүй тул хал үзэж халуун чулуу долоосон бидэнд юу байхав. 5 км газар элсэнд дугуй түрснээс өөр бэрхшээл миний хувьд гарсангүй улам өнгө орон гялалзаж, бяд суун жавхаажиж явав кк. Өнгө орно гэдгийг наранд улам борлон гялалзана гэж ойлгоход болно.
Их Сантын давааны чулуутай хэсэг газраас бусдыг жийгээд гарчихсан гэжугаа. Ачаатай дугуйтай дунд хүрд дээр өгсөж сурсан гэхэд болно. Аялалын туршид богц дугуйнд цохигдож хагарсныг оёж нааснаас өөр эвдрэл гэмтэл гарсангүй, сайн механикийн тусаар тохиргоо тун давгүй, дугуй хагарсангүй, тосолгоо өдөр болгон хийсээр аялал дууслаа.
Ачаа хугарч боолт тасарсангүй, дугуйнд минь ачаа тааруулж угсарч өгсөн найздаа талархлын үнсэлт бэлэглэнэ гэж бодож байгаа. Хатгал Мөрөнд байрлуулж дайлж хонуулсан Одбаяр болон гэр бүлд нь, Тариалан сумд байрлуулж, хүн бүрт варень бэлэглэн үдсэн Гантөмөрийн аав ээжид нь гүн талархал илэрхийлэе. 2020 Хөвсгөл далайг тойрсон нэгэн гайхалтай аялал ийнхүү өндөрлөв. Дараа дараагийн адал явдалт олон аялал хүлээж байгаа.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
П.Золзаяа | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3950 км |
Э.Ууганбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2879 км |
Д.Гантөмөр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1585 км |