Группийн түүх: 2020 оны II улирлын тайлан (зураг 9)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
7 сарын 4 өдөр. Бямба гариг
Утас дуугарав. Нэг гишүүн маань Гацууртын Монгол шилтгээн дээр байна гэнэ, бид Шар хадны эцэс дээр цугларч байлаа. Багийн нэг гишүүний дугуйны ачааны боолт хугарсан сурагтай, удахгүй очино гэнэ. Би яарсангүй, шавдуулсангүй, бүх зүйл хэвэндээ орохыг тайван хүлээж байлаа, хоногийн аялал шүү дээ.
Манай баг 9.20 цагт гараанаас гарав. Нартай, салхигүй, их амгалан тайван өдөр байлаа. Уламжлал ёсоор үдэн гаргалтын багийн гишүүн Баруун голын наад дэнж хүртэл хамт 26 км жийгээд буцлаа. Бидний аяллын торгон мөчийг зурганд буулгаж, эвдэрсэн ачааг ян тан болгон засаж өгөөд сайн яваарай гээд торойн хоцорсон анд чамдаа (52 км) баярлалаа. Манай баг 7 (2 бүсгүй) хүнтэй.
Баруун голын эрэг дээр ирж шууд л хөнгөн гутлаа сольж өмсөөд гол тууллаа. Яг л энэ жишгээр Улиастай гол, Зүүн голыг гатлаж, Зүүн Харгайн даваа руу голын уужим хөндий даган өгслөө. Өгсүүр нь аядуу болохоор ачаатай дугуй саадгүй урагшилна. Зам нь чулуу ихтэй, дээшлэх тусам борооны усанд идэгдсэн замын ховил гүнзгийрч, уулын нугын чийглэг хөрс, ургамалтай байв. Бороо шиврээд эхлэв. Манайхан цуваа өмсөн орой нь үл харагдах өгсүүр тал мэт давааны замаар түрлээ. Зам нь тэр чигээрээ ус, ховил даган бяцхан горхи хоржигноно.
Хүссэн хэсэг модонд очлоо бас л торлог ... энд багаараа бөөгнөрч аваад нэг нь торлог хагалж бусад нь араас нь цувлаа. Гөрөөсний баас элбэг харагдана. Ийнхүү энэ өдөр, 5 цагийн турш 5 км зайд торлогтой байлдсан бидний тулаан ялалтаар өндөрлөж, торлогоор бүслэгдсэн үүлэн чөлөө шиг талбайд отоглож билээ.
7 сарын 5 өдөр. Ням гариг
... Баянбараат уулын баруун урд өвөрт, Тэрэлж голын дэнжээс 2 орчим км зайд бид отогложээ. Майханаа барьж, халуун цай, амтат хоол идэж, өдрийн замаа зүүдлэнхэн нам унтлаа. Үүрээр хөндийд гөрөөсний ханиалган хахах мэт эвгүй танил дуу хэдэнтэй сонсогдож, хөхөө шувуу донгодоод эхлэв. Хөхөө дуугарч байна гэдэг нарлаг өглөөний шинж ... тэгэлгүй яах вэ тэнгэр цэлмэг наран шарсан хүслэнт өглөө айлчилан ирлээ.
Одоо болсон замдаа гар гэж биднийг ятгах мэт тэнгэрт үүл хөгжиж бороо ороод эхлэв. Торлог дунд хэрхэн унадаг дугуйтай явах аргаа олсон тул бүгд санаа амар байсан. Нэг гишүүний хэлсэнээр чөтгөр ч дугуй түрж энэ дундуур явахгүй замыг бид туулсан шүү дээ. Арваад минут "торлогдоод" байтал хүслэн болсон зам хажуугаар ороод ирэв. Бөөн баяр, яг л "засмал зам". Цувааны хурд нэмэгдэж, зарим гишүүд дугуйгаа унана. Газар чийглэг усархаг байсан ч энэ бол асуудал биш гэдгийг бүгд мэддэг болсон. Нэг хэсэгтээ хөл хүйт оргивч удалгүй халуу дүүгэн бие дасах нь гайхалтай. Хөндийгөө жишин хөндлөн гарч замаа даган уруудсаар Тэрэлж гол дээр ирэв. Бидний товлосон зам тэртээ дээрээс зурайн орж ирээд нийллээ.
Гацуурт сууринд байх эгч рүүгээ нэг гишүүн утасдаж халуун хоол, цай бэлдүүлэв. Шар хоолой уруудан шувуу мэт нисэн буух багийн гишүүдээ хараад халтираад унахгүй байгаасай л гэж ерөөж явав. 19.00 цагт Гацуурт суурин хүрч тавтай амраад, бас нэг гишүүний найз ачааны бага оворын автобустай ирж биднийг хотод хүргэж өгөв. Ийнхүү "Хөвсгөл 2020" олон хоногийн аяллын өмнө хийсэн туршилтын сорилт аялал амжилттай болж дууслаа. Багийн хамт олон та нартаа халуун баяр хүргэж "зэрлэг шаар" албан бус цолоор сэтгэлдээ шагнасныг дуулгахад таатай байна. Аяллын зай 129 км. Замын зэрэглэл V.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Мөнхнаст | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4716 км |