Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #18 - УЛААН ХАРГАЙН ДАВАА, ЗААН ТЭРЭЛЖ ГОЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/164
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
129 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1197 м
Өндөр алдалт
-1201 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-14.7 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2020 оны 7 сарын 4 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2020 оны II улирлын тайлан (зураг 9)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

7 сарын 4 өдөр. Бямба гариг

Утас дуугарав. Нэг гишүүн маань Гацууртын Монгол шилтгээн дээр байна гэнэ, бид Шар хадны эцэс дээр цугларч байлаа. Багийн нэг гишүүний дугуйны ачааны боолт хугарсан сурагтай, удахгүй очино гэнэ. Би яарсангүй, шавдуулсангүй, бүх зүйл хэвэндээ орохыг тайван хүлээж байлаа, хоногийн аялал шүү дээ.

Манай баг 9.20 цагт гараанаас гарав. Нартай, салхигүй, их амгалан тайван өдөр байлаа. Уламжлал ёсоор үдэн гаргалтын багийн гишүүн Баруун голын наад дэнж хүртэл хамт 26 км жийгээд буцлаа. Бидний аяллын торгон мөчийг зурганд буулгаж, эвдэрсэн ачааг ян тан болгон засаж өгөөд сайн яваарай гээд торойн хоцорсон анд чамдаа (52 км) баярлалаа. Манай баг 7 (2 бүсгүй) хүнтэй.

Зураг 1. Улиастай голын баруун татамын замд. Аяллын замдаа гарлаа

Баруун голын эрэг дээр ирж шууд л хөнгөн гутлаа сольж өмсөөд гол тууллаа. Яг л энэ жишгээр Улиастай гол, Зүүн голыг гатлаж, Зүүн Харгайн даваа руу голын уужим хөндий даган өгслөө. Өгсүүр нь аядуу болохоор ачаатай дугуй саадгүй урагшилна. Зам нь чулуу ихтэй, дээшлэх тусам борооны усанд идэгдсэн замын ховил гүнзгийрч, уулын нугын чийглэг хөрс, ургамалтай байв. Бороо шиврээд эхлэв. Манайхан цуваа өмсөн орой нь үл харагдах өгсүүр тал мэт давааны замаар түрлээ. Зам нь тэр чигээрээ ус, ховил даган бяцхан горхи хоржигноно.

Зураг 2. Манай баг
Даваа дээр гарах болоогүй л байлаа. Хуш модон ойн захад отоглоход тун тохиромжтой хуурай газар харагдав. Энд өдрийн хоолоо хийж идэв. Бороо зогсон нар гарлаа. Ойн дундуурхи замаар өгсөн Улаан харгайн даваа дээр гарав.

Зураг 3. Улаан Харгайн даваа. Явах ёстой замаасаа 51 метр зөрчихөөд бид зогсож байна
Уулын таг дамжин тод зам үргэлжилнэ. Одоо л зам хойд зүг рүү уруудана даа гэтэл байдаггүй... харин ч бүр алсуур хөтлөөд Улиастай голын хөндий рүү эргээд орох маягтай болчихлоо. Бүдэгхэн, эдгэрсэн зам олж аваад уулын тагын чулуу, унанги дархи бүхий газраар зүтгэлээ. Сүүлдээ зам ч алга болов, бид уулын тагаар явсаар ... очих Тэрэлжийн гол тэртээ доор харагдана. Багийнханы сэтгэл санаа өндөр, бие бялдарын бэлтгэл сайн тул дагуулаад өөрийн товлосон чиглэлээр урагшилав. Бидний уруудах ёстой хөндий өнгөрч, уулын тагаас алгуур доошлон дараагийн хөндий рүү уруудлаа. Торлог эхлэв. "Хонин торлог" бол асуудалгүй завсар зайгаар нь дугуйгаа "чихэн" явсаар бяцхан голын эх рүү тонгойтол "үхэр торлог" (өндөр нь 180 см-ээс дээш) эхэллээ.

Зураг 4. Торлог дундуур жавхаатай туулж явна
Газар чийгтэж, гүнзгийхэн нүх рүү хөл алдавч, түшиж буй дугуй минь таяг болон биднийг аврана. Зарим газар пүлхийн өвдөгөө хүртэл намаг балчигт шигдэнэ. Өндөр торлог дунд тэнгэр харагдахаас өөр зүйл үгүй ... нэг гишүүний хэлсэнээр энд ч торлог, тэнд ч торлог, эргэн тойрон торлог, би ч торлог, чи ч торлог гэсэн орчинд гацлаа. Манай хэд арай доогуур би дээхэн талд торлогтой торонд орооцолдон явна. Голын голдрил, татамаас гарах хүслээр хяр руу өгслөө. Зорьсон зорилготой түүндээ хүрэх улайрсан тэмүүлэлтэй бидний замаас хээрийн амьтан хүртэл зай тавин, замаас зайлах мэт ... Хоёр ч удаа торлогийн доороос ямар нэг туурайтан амьтан үргэх чимээ надад сонсогдсон. Холгүйхэн хэсэг хар мод харагдана, шууд чиглэхийг хүсэвч торлог яахан тийм боломж олгоно. Түр зуур бороо орно, бас зогсоно. Нойтон торлог дунд, хамаг байдгаараа норсон манайханы толгой хааяа нэг шоволзон бие биедээ чимээ өгч торлогон далайд хөвөх мэт ... ийм бэрхийг туулж байгаа боловч багийн гишүүдийн хэн нэгнээ шоглон хөхрөх инээд орчныг сүлэн цуурайтна. Ёстой л "зэрлэг шаар"-ууд шүү.

Зураг 5. Чи хаана байна? Мэдэхгүй ээ ... Энд ч торлог, тэнд ч торлог, чи ч торлог би ч торлог

Хүссэн хэсэг модонд очлоо бас л торлог ... энд багаараа бөөгнөрч аваад нэг нь торлог хагалж бусад нь араас нь цувлаа. Гөрөөсний баас элбэг харагдана. Ийнхүү энэ өдөр, 5 цагийн турш 5 км зайд торлогтой байлдсан бидний тулаан ялалтаар өндөрлөж, торлогоор бүслэгдсэн үүлэн чөлөө шиг талбайд отоглож билээ.

7 сарын 5 өдөр. Ням гариг

... Баянбараат уулын баруун урд өвөрт, Тэрэлж голын дэнжээс 2 орчим км зайд бид отогложээ. Майханаа барьж, халуун цай, амтат хоол идэж, өдрийн замаа зүүдлэнхэн нам унтлаа. Үүрээр хөндийд гөрөөсний ханиалган хахах мэт эвгүй танил дуу хэдэнтэй сонсогдож, хөхөө шувуу донгодоод эхлэв. Хөхөө дуугарч байна гэдэг нарлаг өглөөний шинж ... тэгэлгүй яах вэ тэнгэр цэлмэг наран шарсан хүслэнт өглөө айлчилан ирлээ.

Зураг 6. Манай отог. Зуны өглөө, өглөөний цай, тааваараа тарвалзах цагаар
Манайхан ч бослоо, норсон хувцсаа хатаан, отогоос яльгүй доошлон нугын хүйтэн усанд гар нүүр, биеэ угаан сэргэлээ. Өглөөний цай, хоол тулга дээр пурхийн, тайвуухан амралт өрнөж, аялагч нар дор бүрнээ өөрийн ажлаа хийж, бусададаа туслан жаргалтай мөч үргэлжилнэ. Өндөг шарлаа, хиам талх, гоймонтой шөл, шар будаатай шөл, буузтай шөл ... гээд дараа нь, хамаг ачаа бараа ян тан.

Одоо болсон замдаа гар гэж биднийг ятгах мэт тэнгэрт үүл хөгжиж бороо ороод эхлэв. Торлог дунд хэрхэн унадаг дугуйтай явах аргаа олсон тул бүгд санаа амар байсан. Нэг гишүүний хэлсэнээр чөтгөр ч дугуй түрж энэ дундуур явахгүй замыг бид туулсан шүү дээ. Арваад минут "торлогдоод" байтал хүслэн болсон зам хажуугаар ороод ирэв. Бөөн баяр, яг л "засмал зам". Цувааны хурд нэмэгдэж, зарим гишүүд дугуйгаа унана. Газар чийглэг усархаг байсан ч энэ бол асуудал биш гэдгийг бүгд мэддэг болсон. Нэг хэсэгтээ хөл хүйт оргивч удалгүй халуу дүүгэн бие дасах нь гайхалтай. Хөндийгөө жишин хөндлөн гарч замаа даган уруудсаар Тэрэлж гол дээр ирэв. Бидний товлосон зам тэртээ дээрээс зурайн орж ирээд нийллээ.

Зураг 7. Тэрэлжийн голын хөндий. Торлог, чийгээр арвин хангай
Гол үергүй байлаа, энэ бол маш сайхан мэдээ. "Дургүй" хүргэсэн өнөөх торлог маань хэт чийглэг энэ орчныг үерлэхээс хамгаалж байгааг мэдэн талархая. Голоо гарч Тэрэлжийн голын хойд дэнж дагасан эдгэсэн замаар өгсөж уруудан явсаар товлож байсан Заан гол, Тэрэлж голын уулзвар хөндийд бууж өдрийн хоолоо хийж идэв. Заан голыг туулж гараад сэтгэл хангалуун жийж, зургаа татуулан, Тэрэлж голын хөндийн өвлийн замаар жийсээр Тэрэлж голоо гарч Даваатын давааны ар хормойд ирлээ. Тэнгэр бүрхэж бороо хаялав, удалгүй зүсэрлээ. Манай багийнхан нэгэн амьсгаагаар таталт хийлгүй давааны замаар гулбилзуулан жийж, алханхан зүтгэсээр 17.30 цагт Даваатын даваа дээр гарав.

Зураг 8. Манай баг. Даваатын даваа. Одоо уруудаад Гацуурт, аялал дууслаа даа

Гацуурт сууринд байх эгч рүүгээ нэг гишүүн утасдаж халуун хоол, цай бэлдүүлэв. Шар хоолой уруудан шувуу мэт нисэн буух багийн гишүүдээ хараад халтираад унахгүй байгаасай л гэж ерөөж явав. 19.00 цагт Гацуурт суурин хүрч тавтай амраад, бас нэг гишүүний найз ачааны бага оворын автобустай ирж биднийг хотод хүргэж өгөв. Ийнхүү "Хөвсгөл 2020" олон хоногийн аяллын өмнө хийсэн туршилтын сорилт аялал амжилттай болж дууслаа. Багийн хамт олон та нартаа халуун баяр хүргэж "зэрлэг шаар" албан бус цолоор сэтгэлдээ шагнасныг дуулгахад таатай байна. Аяллын зай 129 км. Замын зэрэглэл V.

Зураг 9. 2020 оны II улирлын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Наранхүү Д.Мөнхнаст Д.Гантөмөр П.Батмөнх Б.Батжаргал Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!