Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө Жигжидын уулзвар дээр цуглан цагтаа аяллын замдаа гарлаа. Баянбулагийн ам өнгөрч явтал шинэ гишүүн Б.Орхон (033) биднийг зам дээр амдан хамт цуваанд нэгдэв. Хадлангийн даваа даван уруудаж, эртний танил овоотой хяр дээр зургаа авахуулаад Халзангийн амны уужим уруу салхи татуулан өнхөрлөө.
Усалгааны шуудуу хөндлөн гарч Үдлэгийг яг дайралгүй товлосон замаараа Баянгол суурин руу чиглэн уулын бэлийн зам руу орох гэж жийж явтал, шижигнэсэн 4 дугуйчин араас гүйцэж ирээд бидэнтэй нэгдэв. Хотоос оройхон гарч бидний араас нэхэн Харганаар даваж, Үдлэгээр дайрч ирээд бидний барааг холоос харсан гэнэ. Бүгд групптэй анх аялах гэж буй шинэ гишүүд байлаа.
Аливаа зөв үйл хэрэг, зөв хүмүүсийг нэгтгэдэг гэдэг ямар үнэн үг билээ. Эдгээр залуус группийн цаашдын хөгжлийн хувь заяанд үнэлж барамгүй их ач тус үзүүлж, мартахын аргагүй том гавьяа байгуулсан даа. Группийн унадаг дугуйны багш болж бидний хүндэтгэл хүлээдэг Г.Манлай (034), одоо мундаг дугуйчин болсон Ж.Дэлгэрбаяр (035), группийн админ болсон Ч.Мажигсүрэн (036), группийн хөдлөгч том хүч анд С.Батмөнх (037) нар байлаа. Унадаг дугуй гэдэг гайхамшигт унааны ачаар ийм сайхан шижигнэсэн 4 залуутай Хүйн голын хөндийд танилцаж байлаа. Сэтгэлд үргэлж уяатай байдаг гэгээн дурсамжийн минь нэг.
Танилцаад цааш хөдлөнгүүт л аргагүй мундаг дугуйчид гэдэг нь мэдэгдэж байв. Манай багийн ганц бүсгүйг өөд газар араас нь очоод түрээд гаргачихав. Хамтдаа сайхан жийсээр Баянгол суурингийн наад довцог дээр татан амарч, зургаа авахуулан, хүнсээ идээд хөдлөв. Суурингаас цааш гүвээ өгсөн уруудан Сөгнөгөрийн амралтын урд гүүрээр гарч, уулын хормойн чулуутай замаар Баянбууралын зүг явлаа. Шинээр ирсэн Манлай маань та санаа зоволгүй явж л байгаарай, энэ хүүхнийг орхилгүй би цоожлоод явчихна гэж хэллээ. Аяллын замд сонссон хамгийн сайхан үг байлаа.
Галт тэрэл (rail bus) 16.40 цагт Баянбуурал дээр хойд зүгээс ирэх хуваарьтай тул бид шамдуухан жийсээр товлосон цагтаа амжин очсон юм. Хүн их байлаа. Энэ бол том бус жижиг галт тэрэг тул урд, хойд дугуйнуудаа салгаж, жижиглэх шийдвэр гаргав. Галт тэрэгний үйлчлэгч их дургүй байсан боловч бид аргыг нь олоод орчихлоо. Замд зогсох өртөө дээр онгойх хаалганы эсрэг хаалга руу дугуйгаа байрлуулсан. Энэ аяллаар олуулаа явахдаа олон нийтийн газар ам амандаа шуугихгүй, нэг нь тухайн газрын хүнтэй харилцаж асуудал шийддэг, бусад нь чимээгүй хүлээдэг зөв соёл групп-т төлөвшихийн эхлэл болсон юм. Хэн нэгэнд нь би хүн бүрээс тэдэн төгрөг цуглуулаад надад өгөөрэй, хүн бүр байр байраа олон хаана ч хамаагүй суугаарай гэж захиад галт тэрэгний ахлах үйлчлэгчтэй ачаа, хүн тээвэрлэх хөлсний талаар ярилцаж байсан.
Энэ аялал нь орон нутгийн галт тэрэгний өдрийн хуваарийг ашиглан хотоос зайдуу суурин руу аялаж чадсан анхны адал явдалт аялал байлаа. Мөн аялал цагт (16 цагт Баянбуурал орох) баригдан явагдсан онцлогтой байв. Бас "эвгүй" юм билээ.