Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Маш сайхан өглөө боллоо. УШТА С.Бадрал өглөө 6.30 цагт Батсүмбэр сум орж автомашинаа тавьчихаад, эргэн жийж Гүнтийн даваа даваад Жигжидийн уулзвар дээр 8.40 цагт ороод ирлээ. Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан 9.15 цагт аялал эхэллээ. Манай багийг Санзайн уулзвар хүртэл УШТГ Ц.Наранхүү (069) гаргаж (30 км) өгөв.
5 сарын 23 өдөр. Бямба гариг
Хадлангийн даваа даван, Халзангийн ам уруудан Хүйн голын хөндий рүү орон, хошуу ороосон замаар хойд зүг барин жийсээр, Ишгэн гацаа хэмээх газар аялагч гишүүн Д.Ганболд (201) ахлагчтай Батсүмбэр сумын унадаг дугуйчид товлосон ёсоор биднийг угтан авлаа.
Сөгнөгөр суурин дээр биднийг хүлээж байгаа 2 гишүүнээ нэгтгэн аваад Сөгнөгөрийн голын баруун дэнж дагасан шороо, шавар, чулуу бүхий замаар 7 км орчим өгсөн жийсээр Цагаан нуга амралтын газар ирэв. Эндээс дахин 15 км орчим зам туулж хүссэн газартаа очих учиртай. Замд багийн зарим гишүүний унадаг дугуйны гинж тасрах зэрэг гэмтэл гарч байсан боловч бид урагшилсаар ... Сөгнөгөрийн голын голдрил нарийсан урсгал ширүүсч том том үхэр чулуутай болж зам бартаатай болж байв. Дунджаар 4 км цагийн хурдтай өгсөж байв. Давааны ам хэмээх уужим дэнжтэй газар ирээд цуваа татлаа.
Цаг 17.00. Аяллын хөтөлбөр ёсоор отог дээр буусан байх ёстой. Дахиад ийм замаар 10 км орчим явна. Ийм үед Админ шийдвэр гаргах болдог. Багийн 10-аад гишүүн Батсүмбэр суманд хүлээх автомашин руу буцах ёстой. Сөгнөгөр голын эх дээр энэ удаа очиж болно, гэхдээ буцах гишүүдийн аюулгүй байдалд нөлөөлөх тул, ирэх замд таарсан отоглоход тохиромжтой дэвсэг рүү буцах шийдвэрийг гаргав. Сөгнөгөр голын эх биднийг дараа хүрээд ирээрэй гэж хэлэх шиг, цэцэглэн анхилуун үнэрээ цацах моносны цагаан цэцэгээр даллан үдсэн юм. Дараа дахиж ирнээ гэж дотроо шивнээд ... Бүтэн цаг өгссөн замаа 15 минут уруудаж туулаад отоглолоо.
Майханаа барьлаа. Хээрийн цай, хоол гал дээр пор пор хийж, андуудын хөөрөлдөөн аглаг уулын хөндий, шуугин урсах Сөгнөгөр голын чимээтэй хөг нийлэн аяллын танил эгшиг дахин цуурайтана. Батсүмбэр сумын иргэн Г.Мөнгөнхазаар мотоциклтой Цагаан нугаас ирж тун амттай цуйвангаар биднийг дайллаа. 19.00 цагт буцах гишүүд маань Батсүмбэр сумын төв рүү уруудаж, багийн 7 гишүүн хонохоор отог дээр үлдэв. Тэнгэрт одод түгсэн намуухан шөнө болов. Түүдэг гал, шөнийн гэрэл зураг, андуудын хөөрөлдөөн, өдрийн аяллын алжаал, отогын эмх цэгц ... тун сайхан шөнө болсон билээ.5 сарын 24. Ням гариг
Өглөө тэнгэр давхраат үүлтэй сэвэлзүүр салхитай байлаа. Тун удалгүй нар гарлаа. Отогоо хурааж, өглөөний цай хоолоо идээд хөдөллөө. Цагаан нуга өнгөрөөд уруудаж байтал нэг залуу даллаад нэрээр дуудлаа. Таньсангүй, золтой л зогслоо. ШТГ Д.Сонинбаяр (077) энд урьд шөнө автомашинтай ирээд хонсон байлаа. Хаа сайгүй л манайхан, үнэхээр сайхан уулзалт болоод бид замаа хөөв.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ч.Азжаргал | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1320 км |
П.Батмөнх | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1311 км |