Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Удтал хүлээсэн Хаврын нээлтийн аялал энэ жил ийнхүү оройхон боллоо. Налайх дүүргийн товлосон цэгт, тогтоосон цагт манай гишүүд цуглав. Биднийг, УБ хотоос дугуйтай жийж ирсэн УШТГ Т.Баярсайхан (038), аялагч гишүүн Д.Гантөмөр (168) нар (62 км), мөн Налайх дүүргийн бяцхан дугуйчин М.Билигт хүү унадаг дугуйгаа унан гудамжны үзүүр хүртэл гарган өгч, сайн сайхныг хүсэн үдлээ. Цаг 9.15 болж байв.
Баруун хойд зүгээс хүчтэйхэн үлээх салхинд уруудан жийсээр тун удалгүй Тонюкукийн хөшөө рүү салдаг уулзвар, цааш шороон замаар жирийсээр 10.20 цагт Ар Жанчивлан сувилалд ирлээ. Түр амсхийгээд шууд л Зүүн Хөндлөнгийн даваа руу өгслөө. Даваан дээр гарч дурсгалын зургаа авахуулж, аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулаад, амаа уруудан нижигнэтэл бууж Өвөр Жанчивлан сувилал дээр 12.00 цагийн орчимд ирэв. Өдрийн хоол идэж тавтай амраад араас жишүүдүү гуядах салхиар дэмжүүлэн Улаан эрэг өгсөн давж, уруудсаар Эрдэнэ сум дээр 14.00 цагт хүрээд ирлээ. Ийнхүү энэ өдөр 62 км замд салхины дэмжлэг авч "эрхэлж" жийлээ. Одоо 47 км зам туулах ёстой. Өөдөөс үлээх салхины урсгал сөрөн Баян давааны 10 км өгсүүр замд хамтын хүч хэрэглэн алгуур урагшилсаар давлаа. Уруудлаа, салхинд "бутартал"-аа гуядуулж байсан ч манай багийн 30 дугуйчин урагшилсаар Цонжин болдог, улмаар Налайх дүүрэгт 18.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. аяллын зай 109 км. Замын ангилал IV. Группийн аяллын эхлэл төгсгөлийн цэгт биднийг угтан авч халуун хоол цайгаар дайлж зочилсон группийн гишүүн Ц.Тунгалаг (088А) бүсгүй, бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Д.Жавхланбаяр, Д.Баасаннамхай болон аялагч гэрэл зурагчин, УШТГ Д.Мөнхнаст (088), цувааны цоожлогч УШТА С.Бадрал (177) болон багийн нийт гишүүд та нартаа талархал дэвшүүлье. Бидний хамтын нэгдмэл зорилго, бие биенээ гэсэн халуун дэмжлэг маань аялал бүхэн амжилттай болох үндэс болдог юм. Та нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Мөнхнаст | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4733 км |
Г.Бат-Оргил | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3626 км |