Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө тэнгэр бүрхэг боловч шөнө орсон борооны чийг, озон үнэртсэн, ёстой л хөдөө байгаа мэт орчин хотод маань "айлчилжээ".
Манай гишүүдийн ихэнх нь цуглах цэг рүү жийж ирлээ. Унадаг дугуйгаа угсарч, мөн араас ирж буй зарим анд нараа хүлээгээд 9.20 цагт аялал эхлэв. Баянтөхөмийн ам руу ороод л шууд л өгслөө, уул давж орж ирсэн салхи сөрөж манай цуваа ягуухан урагшилна. Чулуу бүхий зам дуусаж, ширэг бүхий зөөлөн замаар өгсөхөд "дугуй хагарчихсан" мэт зууралдан санаан зоргоор үл ахина. Хоёр удаа татаж амраад эхний даваа өөд зурайсан замаар залуус маань шаргуухан жийсээр гарлаа. Энэ даваа уруудах зам хэвгий бас шороо нь сул том том нүхтэй тул ихэнх гишүүд дугуйгаа түрж эвгүй газрыг өнгөрөөд мордлоо. Аюулгүй байдлаа хүн бүр хэнээр ч хэлүүлэлгүй ингэж хангах нь манай группийн гишүүдийн арвин туршлагын илрэл билээ гэж бодон бахархаж явав.Булгийн амыг хөндлөн гарч шууд л дараагийн даваа руу хэжин өгсөв. Энэ даваан дээр өнгөрсөн намар хоол хийж угтсан бүсгүй гишүүдээ манайхан ярьж, үнэхээр сайхан байсан шүү гэж гэрэлтэй нэгэн дурсамжаа хуваалцан өгсөж байлаа. Даваа дээр 11.10 цагт гарлаа. Дурсгалын зургаа татуулж, С чиглэл (68 км)- ээр буцах 5 гишүүнээ "гаргаж өгөв". Унадаг дугуйгаа "чөлөөтэй тавьж" жирийтэл уруудсаар Шар хоолойн амны төв замтай нийллээ. Хуучин алаг үнээний фермийн хаягдсан барилгын хажуугаар өнгөрч бяцхан суурин дундуур жийгээд Шилжрэнгийн давааны уужим өгсүүрт орлоо. Салхи яг араас үлээж, биднийг дэмжсэн. Давааны наад өгсүүрийн гүдгэр дээр таталт хийх газраа мэдэх тул гишүүд өгссөөр ... Нэг цагаан автомашин даваа уруудан явсанаа биднийг амдан ирлээ. Онцгой байдлын албан хаагчид үүргээ гүйцэтгэж, эргүүл хийж явна гэнэ. Хаврын хуурайшил эхэлсэн тул уул руу хүн амьтан зорчуулахгүй байгаа гэдгийг хэлэв. Унаа тэрэг, хүн хүч, шатахуун тос зарцуулан байж үүрэг гүйцэтгэх эдгээр албан хаагчдыг бас төрөө хүндэтгэлгүй яах вэ. Тэд бидэнд итгээд уруудлаа. Бид харин өдрийн хоолоо идэж тавтай амраад ирсэн замаараа уруудан, Шижирийн голын хөвөөн дээр, аялагчийн Улбар шар тэмдгийн болзол хангасан анддаа баяр хүргэн тэмдэг гардууллаа. Шар хоолой руу ороход араас салхи салхилж, жирийтэл уруудсаар 13.45 цагт Монгол шилтгээний талбай дээр ирж, аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 87 км (В чиглэл) тооцов. Аяллын замын турш агшин бүрийг буулган түүх бүтээж аялсан ШТГ, аяллын гэрл зурагчин Д.Мөнхнаст (088), УШТГ, аяллын цоожлогч Ц.Наранхүү, бидэнтэй нэгдэн анхны аяллаа хийсэн Г.Ёндонжамц болон багийн нийт анд нартаа талархал илэрхийлье.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Наранхүү | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4744 км |