Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
НТГ Д.Цолмон
Группийн аяллын өвлийн хаалт хэдийнээ эхлэсэн ч энэ жилийн намар нарлаг өдрөө харамгүй хайрласан болохоор бид ийнхүү 3 дахь удаагаа Гэнэтийн жийлтээ хийж байгаа билээ. Гишүүдийн хүсэл сонирхолыг хүндэтгэн гэнэтийн жийлт зарлах бүрд тухайн өдөр өөрөө завгүй жийж амжихгүй байсан ч бид бүгдээрэй маш их баярладаг.
Өглөө 10 цагийн өмнөхөн аялал эхлэх 5 шарын уулзварт 11 гишүүн хэдийнээ цугласаны дотор админуудаас минь хараахан ирээгүй байлаа. Аялал эхлэх цаг юу юугүй дөхөхөд тэвчээргүй миний бие тэсэлгүй Мажигсүрэн админруу залгалаа. Унтаж байна гэсэн үгэнд шууд л үнэмшиж хэн аялал удирдах юм бэ гэсэн асуултын хариуд админ 3 гишүүний хамт ороод ирлээ.
Аяллын ерөнхий зааварчилгаа өгөгдөж байх зуур миний бие гишүүдээ бүртгэхэд шинэ аялагч 1, дугаар авах болзолт аялалдаа ирсэн аялагч 1, хоёр дахь аялалдаа ирсэн аялагч 2, нийт 15 хүнтэй баг маань хөдлөхөд бэлэн болсон ба өнөөдрийн аялал “их” олон бүсгүйчүүдтэй буюу 4 эмэгтэй гишүүнтэй аялал болох нь харагдлаа. Мажигсүрэн админы зүгээс энэ удаагийн аяллыг хамтдаа удирдаарай, аяллын тэмдэглэлээ бичээрэй гэсэн даалгавар “Хөдөлцгөөе” үгтэй хамт надад ирэв.
Роүд дугуйтай 2 гишүүн биднийг амдан Биогийн Туул голын гүүрэн дээр тосох мэдээ бас хэлэв.
Хөдөлцгөөе. Энэ агшин үнэхээр сэтгэлд дотно, цоо шинэ мэдрэмжийг өгдөг болохоор дандаа догдлуулдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дор бүрнээ ханган баруун зүг намрын шар нар дор Эмээлтийг чиглэн жийхэд салхины урсгал нэгээхэн ч үгүй, нар илчтэйхэн ээх нь дулаан хувцасласан биднийг бараг л халуулцуулж, нутгийн үнэртэй салхи хамар цоргих нь жаахан тухгүй ч өвлийн улирал айсуй цагт ховорхон олдох энэ өдөр бүгд жаргалтай жийж байлаа.
Таван шарын уулзвараас Эмээлт суурин өнгөртөл автомашинтай явахад мэдрэгддэггүй ч унадаг дугуйнд 4-5 өгсүүр байдаг. Яагаад ч юм өнөөдөр жийж явахдаа УУДАГ групптэй анх удаа (2019.03.09) хамт энэ замаар жийж, замаа арайхийн дуусгаж байсан маань санагдаж тэр өдөр ядарч цуцсан ч “Энэ өмнөх даваан дээрээ гарчихаад буцах эсэхээ шийдье хэмээн шунаж ямар азаар давааны доороос шантарч буцалгүй даваан дээр гарчихаад л буцая хэмээн шийдэж, мэдээж даваан дээр гарсаны дараа уруу харагдаж энэ уруу сайхан өнхөрчихөөд дараагийн давааруу гүрийчие хэмээн бодогдож энэ олон өндөрлөгийг давж байсан юм бол, тэгээгүй даваа хараад л айж буцаж байсан бол өнөөдөр ингээд аз жаргалтай жийж байхгүй байсан байна шүү дээ” гэж санагдаж байлаа.
Амьдралд ч бид яг ингэж өмнөх саадаа давж дараагийн аз жаргалруу зүтгэдэг юм байна.
Цоглог хөгжим хангинуулж хурдаа саан зэргэцэн явах автомашиныг аяллын замд тааралддаг сониуч нэгнийг юм болов уу гээд хартал аялагч гишүүн Баярсайхан машин дотроосоо бичлэг хийн яваа харагдлаа, түүний хувьд ажилтай өнгөрч явсан нь тэр ажээ. Бидний хэн ч байсан автомашин хөлөглөн явахдаа дугуйтай өнгөрөх хэн нэгэн харагдахад хүндэтгэн баярладаг болохоор өөрийн багийхантайгаа таараад тэр ч бас баярлаж догдолсон харагдсан. Бидэнд ч бас дотно сайхан байлаа.
Баг бөөндөө шахам явсаар Хүйтэний амруу ороод ээлжит таталтаа хийлээ. Эндээс өнөөдрийн аяллын шороон зам эхлэдэг. Хэсэг амсхийж яриа хөөрөө болсны дараа админы зүгээс болгоомжтой явахыг сануулан аялал үргэлжиллээ. Алсын уруутай уулын хатуу замаар тэртээд манарах хайрга олборлолтын шорооруу бид жийхэд салхи өөдөөс байгаа нь мэдрэгдэж “за Өлзийтийн өөдөө ч салхинд алуулах нь дээ” гэсэн бодол орж ирж байлаа. Бид жийсээр өмнөх аяллуудад таталт хийдэг байсан уулын бэлд ирцгээлээ. Өглөө Ожго ахаас энд хоолоо идвэл зүгээр, уруудвал хайрга олборлолтын тоос, нутгийн үнэртэй холилдоод эвгүй хэмээх зөвлөгөө сонссон учир бүгд зогссон нь энэ. Гэвч Туул голын гүүр дээр хүлээх аялагч гишүүн Төгөлдөрийг даарчихана гэсэн бодолд бүгд нэгдээд Төгөлдөрийн төлөө шороон дунд, үнэрээр хачирлаад ч хамаагүй хооллохоор хөдөллөө.
Бужигнасан нарийн шороо, энхэл донхол зам, төмөр замын гарам, голын багахан зүлэг, засмал зам, Туул голын гүүр. Энд Төгөлдөртэйгөө уулзаад гүүрийн далан дээр болжмор шиг жирийтэл сууж хооллоод бид хөдөллөө. Хэдийгээр дулаахан өдөр ч илүү саргүй бол өвлийн улирал эхэлж байгаа гэсэндээ жоохон удахад жиндүүлж эхлэх нь мэдрэгдэнэ.
Бөөндөө жийсээр Өлзийт суурин руу эргэхэд харьцангуй салхи “байхгүй” амар тайван байлаа. Урд хойноо орон жийсээр сууринг дуусгаад татахад аялагч гишүүн Гүндалай өөдөөс ирэхэд админ маань аялагчаасаа илүү угтагч гишүүд болох нь уу дээ гэсэн нь наргиан мэт боловч аймхай надад лав час хийн сонсогдсон. Аяллаа аль болох таслахгүй л байя зүгээр.
Ингээд бид өнөөдрийн аяллын сүүлийн өндөрлөг Айдасын давааруу “зам нарийн нэг эгнээгээр болгоомжтой өгсөх” сануулгаа аван хөдөлцгөөхөд үдийн наран араас төөнөж нэг л мэдэхэд цуцалт багатай давааны оройд гарцгаан, үргэлжлүүлэн “нисэж” Буянт ухаа хүрэн өнөөдрийн аялал өндөрлөлөө.
Ингээд аялалд нэгдсэн, аяллыг дэмжин сураг чимээ чагнан суусан, ажил алба амьдралдаа үр бүтээлтэй цагийг өнгөрөөсөн бүх аялагч нартаа шинэ долоо хоногт амжилт хүсье. ЗҮГЭЭР Л ЖИЙ