Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
НТГ П.Золзаяа
Өглөөний 8.40 мин. Жигжид зуслангийн "Найзууд" дэлгүүрийн гадна эхнээсээ цугларсаар. 9 цагт сүүлийн хүн ирж 11-үүлээ болов. Өглөөгүүр хасах хэмтэй, нэлээд хүйтэн байсан тул зарим гишүүдээс аялалын маршрутыг богиносгох санал гарлаа. Өнөөдрийн аялал ихэнх гишүүдийн хувьд өмнө явж байгаагүй шинэ зам тул аяллаа маршрутын дагуу хийнэ гэдгээ хэлээд толгойн сэргийлэх, цоожлох хүнээ сонгов. Дэлгүүрээс ус ундаа, зам зуур идэх хүнсээ базаагаад 9.35-д аяллаа эхлэлээ. Хойноосоо нэлээд салхитай, жийхэд зууранги хүндхэн байсан ч ШТГ Төгөлдөрийн хувьд жинхэнэ код нь орсон өдөр байсан юм.
Амны төгсгөл хэсэгт манайхан Ожго ах байна, куртка нь мөн байна гэцгээхэд нь харвал админ маань машинтай ирчихсэн биднийг хүлээж зогсох нь тэр. Зам мэдэхгүй хэдэн хүн явж байгаад санаа нь зовоод хүрээд иржээ. Мэнд мэдэлцэн авчирсан халуун кофеноос нь уунгаа сонин сайхан ярилцацгааж хэсэг амраад цааш хөдөллөө. Биднийг Үдлэг суурингаас цааш Харганатын ам руу оруулж өгөөд буцна гэхэд нь дотроо ихэд баярлалаа. За одоо Үдлэг суурин хүртэл 9км, замд дтд 1300м-тэй ганц хөтөл байгаа гээд жийсэн чинь /Гэгээн минь гэж/ нөгөө хөтөл рүүгээ дугуйгаа түрж арай гэж гарч ирээд, бас цаашаагаа 5 гүвгэр давж байж хүсэн хүлээсэн суурингийнхаа барааг 12.30 мин-д харав.
Баруун талаараа маш том талбайд нэлэнхүйд нь чацаргана тариалжээ. Жимсийг нь гүйцэд түүж дуусаагүй харагдана. Энэ их жимсийг яаж хураадаг бол гэсэн бодол жийх зуур төрнө. Суурингийн захад нэлээд олон хуучин барилгын суурь байх аж. Цэргийн анги байсан юм болов уу гээд ганц зураг дарчихаад нөхдүүдийн араас дэлгүүр лүү жийлээ. Эндээс Харганат даваа хүртэл 8 км жийнэ. Ус ундаа базааж аваад ойн захад хоолоо идэхээр тохиролцоод цааш жийлээ. Хойноос үе үехэн салхи сэвэлзээд өглөөний зузаан хувцсаа хөнгөлөхгүй бол нэлээд халууцах шинжтэй. Хоол идэх газар хүртэл тэр чигээрээ жийхээр шийдлээ.
Цаг 14.15 мин. Давааны оройгоос 800 м дутуу байхад Цоомоогийн утас дуугарлаа. Юнитель энд сүлжээтэй юм. Бид хоёрыг хүлээж ядаад залгаж байгаа байх гэсэн чинь харин эсрэгээрээ бид хоёр түрүүлээд явж байгаа болж таарав. Салдаг замын тодыг нь дагаад бүгд давааныхаа урд руу буучихжээ. Буцаж өгсөөд салдаг дээрээ ирж байна гэхээр нь зүүн талаараа салаарай гэчихээд хоёул хүлээнгээ энд тэнд зураг дарж эхлэв. Хэсэг зураг авлаа. Уйдлаа. Жаахан даарч эхлэв. Тэрүүхэн доор хүний дуу сонсогдохоор нь ирж байна даа гээд хэсэг суулаа. Байдаггүй дээ. Гэтэл утас дахин дуугарав. Нөгөө зам нь мухардаад замгүй газраар орой руу явж байна гэнэ. Шүглээ гаргаж ирээд шүгэлдээд сонсогдож байна уу гэлээ. Хол байгаа бололтой юу ч сонсогдохгүй байна гэнэ. Тэгээд өөрсдийн байгаа координат хэлэх гэтэл яг хэрэгтэй үед сүлжээ барихаа болилоо. Давааны орой дээр сүлжээтэй байх гээд цааш жийв. Жийх зуур шүгэл үлээсээр, анх удаа шүгэл үлээх чинь ийм хэцүү билүү гэж бодогдлоо. дтд 1581м. Ашгүй давааны орой дээр сүлжээ барьж координатаа хэлснээр биднээс 1 км зайтай байгаагаа мэдэцгээв. Сүлжээгүй байсан бол яанаа гэж ярилцангаа наранд ээж хэсэгтээ дулаацлаа.
Цаг 15.30 мин. Шинэ тив нээгсэд маань хүрээд ирлээ, гэхдээ хоёр нь шинэ гариг нээхээр явсан байдаг юм. Утас нь холбогдохгүй тул мсж бичсэн гэхээр нь аялалаа цааш үргэлжлүүлэв. Хэсэг экстрим энхэл донхолтой, шавар устай замаар жийсний дараа танил зам өмнө дурайн гарч ирлээ. Энэтэй зэрэгцээд үлдсэн хоёр гишүүн маань нэлээд урдуур уруудаад ирж байгаа харагдлаа. Ашгүй аялалын баг бүрдэж Сэлбийн цохио гэсэн самбар дээр бөөндөө зураг даруулаад цааш Жигжид хүртэл шуудхан жийснээр 17 цагт өнөөдрийн адал явдалт аялал маань дуусав. Энд мөн л Админ маань санаа нь зовсон бололтой хүлээн зогсож байсан юм.