УУДАГ-ийн ТҮҮХ:
Группийн аяллын 2000 дахь аялагч (зураг 1)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ШТГ Д.Мөнхнаст
2019 оны 10 дугаар сарын 5 буюу намрын адаг сарын энэ өдөр бидний ээлжит аялал зохион байгуулагдлаа. Товлосон газар, болзсон цагтаа 17 дугуйчин цугларав. Бидэнтэй бие, сэтгэлээрээ нэгдсэн бас нэг дугуйчин бол мэдээж Э.Отгонжаргал. Тэрбээр аяллын ахлагч болон бусдад зөвлөн туслахаар ирж...
Мэнд мэдэлцэж, яриа өрнөсөөр нэг л мэдэхнээ аялал эхлэх цаг болсон байлаа. Өнөөдрийн аялал 09:10 минутад эхэлж, хотын зүүн урд хэсгийг чиглэн жирийцгээв. Эрчит дугуйн хурданд уудам газар товчлогдож 60 хормын дотор Хонхор тосгонд ирцгээлээ. Хөлийн голын дэргэд хоцорсон нэгнээ хүлээх зуур тэнд нэг нь боорцог, энд нэг нь ааруулаа үмхэж амжина. Энэ зуур группийн админ, шандаст дугуйчин жийгчдийн дүрийг дүрс бичлэгийн хальснаа буулгаж ч амжлаа. Бидний зарим нь “өнөөдөр бие зууранги, хүндхэн байна шүү”, харин тиймээ гэлцэх яриа чихнээ сонстоно. Хоцорсон гишүүнээ 10 гаруй минут хүлээсний эцэст сая цөм бүрдэж цаашлав. Зуны сар хуртай байсныг илтгэх шиг Хөлийн гол ус ихтэй байлаа.
Хонхор сууринд ирмэгц НТГ Н.Чингүүний дугуйн хүрд нь эвдэрч аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болж хот руу буцав. Бид Хонхорын цардмал замаар цувцгааж, Төр хурхын амыг чиглэх газарт ирж дэлгүүрдлээ. Замын туршид “өнөөдрийн аялал эрт дуусах нь, Цэцээ гүн рүү гарвал сайхан өдөр байна даа” гэсэн яриа чихнээ дуулдсаар л байв. Энэ яриа үргэлжилсээр дэлгүүрийн гадна нийтийг хамрах нь тэр. Хэд хэдэн гишүүд аяллын удирдагчаас шургуу гуйж, олонхын саналыг авснаар батлагдсан аяллын хөтөлбөрийг зөрчих шийд гарах нь тэр. Үнэндээ би дургуй байсан хэдий ч нөхдийнхөө дэврүүн сэтгэл, дуртай зүйлээ хийхийг хүссэн тэр л хүсэлтийг хэн ч байсан үл хорьж чадна... Гэнэтийн шийдвэрээс шалтгаалж М.Алтан-Өлзий дугуйчин Хонхороос хотыг зорихоор болов. Учир нь тэрбээр энэ өдрийн аяллыг эрт дуусна хэмээгээд алба ажлаа төлөвлөснөө учирлаад хоцров.
Улаанбаатарт 13:30 минут. Тэд дархан газрын нэртэй амыг хэдийн өгсөх замдаа явна. Жийсээр, түрсээр, бүр дугуйгаа өргөсөөр Богдхан уулын дархан цаазат газрын өндөр цэг болох Цэцээ гүний оргилд л хүрэх гэж тэд тэмүүлсээр. Сибирийн их тайгын өмнөд хязгаар, шинэсэн ойн жим, агаар салхи, нарын илч, горхины чимээ, шувуудын жиргээ. Энэ бүхнийг хоёрхон үгээр НАМРЫН ӨНГӨ л гэлтэй. Жоншны хольцтой боржин чулууд, жим дагуух газрыг хаа сайгүй хавж ургасан модны хүчирхэг үндэс урагшлах замд сорилт болсоор л... Тэд зорисондоо хүрч цагаа харвал Улаанбаатарт 14:05. Элдэв төрлийн хоол хүнсээ дор бүрнээ болон хуваалцан зооглож, зургаа татуулаад шалавхан эргэв. Дугуйгаа өргөсөөр, түрсээр, жийсээр, уруудсаар, бүр уралдсаар... Улаанбаатарт 16:20 цаг, дугуйчид дахиад Хонхорт, өнөөх дэлгүүрийн гадна. Ирсэн замаараа буцахаар хэдийн хэлэлцсэн боловч бидний хэдэн нөхөд Налайх чиглэлийн шинэ замаар жирийлгэж болохыг тандахаар шийдэв. Зам харьцангуй эль хуль, ийш тийш давхилдах элдэв тээврийн хэрэгслийн тоо, эрчим нь биднийг энэ замаар жийхэд хүргэв. Шороо, засмалаар ээлжлэн жийсээр... Улаанбаатарт 17:35 минут бид Баянзүрхийн шалган бүртгэх товчоонд, ШТГ Ж.Октябрийн гэр эндээс дөт тул шууд жийхээр боллоо. Улаанбаатарт 17:45 цаг харин бид Туул голын зам дагуух “Увс нуур цайны газар”-т сүүтэй цай оочин, халуун хуушуур зооглоостой. Ийн байх зуур “Ayalal amjilttai duuslaa” гэсэн зурвасыг 88007173 дугаараас 99907562 руу илгээж амжив. Эрхэм хүмүүсийн угталт, халуун цай... Завгүй ажлынхаа хажуугаар жийгээд л хүрээд ирсэн группийн админ С.Бадрал болон Э.Отгонжаргал нартаа их баярлалаа.
Энэ өдрийг товчхон шинжвээс суудал нь “Огторгуй” байж. Тиймийн учир дугуйчид тэнгэр баганадсан тэр оргилыг зорисон ч юм бил үү хэн мэдлээ... Намрын нэгэн сайхан жийлтийг Налайх дүүргийн иргэн Д.Мөнхнаст сийрүүллээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
М.Урсгал | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1322 км |