Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #15 - УНАДАГ ДУГУЙН ФЕСТИВАЛЬ 2019

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/138
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
125 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1551 м
Өндөр алдалт
-1357 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-12.9 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2019 оны 9 сарын 21 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

НТГ Д.Цолмон (193), "УУДАГ бүсгүйчүүд" багийн тэмдэглэл
9 сарын 21 өдрийн үүрийн 5 цаг.
Хотын баруун дүүрэг Өнөр хотхоноос 5 цагт гараад жийлээ. Дулаахан өглөө, үүрийн харанхуй, харьцангуй цөөн машин, нам гүм тайван амгалан. Замдаа 25-р эмийн сан хавьд Цоко! огцом дуудлагаар ийш тийш харвал дугуйчин ах Наранхүү замын эсрэг талд жийж байлаа. Нийлж аваад Сүх жанжны талбай. 15 минут жийгээд иржээ. Зохион байгуулагчид дөнгөж цуглаж байлаа.

Удалгүй тал талаас дугуйчид нэмэгдсээр талбай дүүрч УУДАГ багийн маань бүх гишүүд цуглан старт тамгаа даруулж дурсгалын зураг татуулан бие биедээ амжилт хүсээд нэгдсэн зургандаа орж, төрийн дууллаа хүндэтгэн сонсоод нар зөв эргэн аялал эхэллээ.

Дугуйн гадарын шажигнах чимээ, аз жаргалаар дүүрэн зүрх сэтгэл, амжилт хүсэж бие биедээ талархсан дугуйчид. . . үнэхээр гайхалтай мэдрэмж. Бид бөөндөө цувааны хамгийн ард хөдөлсөн ч Натурын замд "УУДАГ-1, 2 Зам тавь" багийхан маань урагшлая гэснээр бид Сандайн уулзварт цувааны тэргүүнд гарлаа.

Хэсэгхэн зуур ч гэлээ шилдэгүүдтэйгээ хамт жийсэн нь эрч хүчээр цэнэглэлээ. Дүнжингаравын зам . . . салхи яг өөдөөс дугуйчид цувж эхэллээ. Манай хэд салхи хагалан хамгийн урд жийж байгаа нь нүднээ тодхон бахархалтай сайхан. Араас нь өөр хэсэг бөөн залуус тэдний ард л жийгээд байлаа. Зүүн гар талд аанай л аяллын итгэлд анд ах Наранхүү маань миний дүү сайн байна гэж урам хайрласаар. . . юу юугүй л Гачуурт суурин ороод ирлээ. Нэлээн олон дугуйчид дэлгүүр дээр зогсож харагдана, хажуугаар нь өнгөрөөд шороон замруу орлоо. Өнгөрсөн жил дугуйтайгаа шороон замтай танилцаа ч үгүй байхдаа энэ аялалд явж энэ шороо чулуун дээр нэрээ мартталаа сэгсчүүлж арай гэж Хуандайн амруу эргэж байснаа бодвол энэ удаа бараг шороо чулуун дээр гарсандаа баярлаж 20-оод км засмал замд хөшсөн хөл гар өгзөг баярлах шиг. Хүн угаасаа нэгэн хэвийн жаргалаас уйддаг тэмцэл дунд сэрж сэргэдэг бодгаль юм уу даа.

Хуандайн амаар ганц нэгээрээ гүйцэх залуусаас өөрөөр олон дугуйчинд идэгдэлгүй жийгээд л байлаа. Салхи намдаж нар шарж эхлэсэн тул хувцасаа нимгэлэн амаа чийглээд хөдөллөө. "Эгч мундаг байна, баяр хүргэе" ... ийм үгийг залуус хэлээд зөрнө, амарч суугаа залуус ч хажуугаар нь өнгөрөхөд хэлнэ ... спортын сэтгэлзүй ямар сайхан уужим, хүндлэлтэй хүмүүжил олгоно вэ гэж бахархан хүндэтгэх сэтгэл төрж байлаа. Энэ замд багийн гишүүн Алтантулга бүсгүй гүйцэж ирээд хэсэгхэн ярилцаад хамтдаа хөдөллөө. Эхний Богинын даваа харагдлаа. Сэтгэл догдолж цагаа хартал 9:30 минут. Чадлаараа жийгээд өгсүүр эхлэхэд түрээд удалгүй даваан дээр гарчихлаа. Анхны ялалт.

Даваан дээр машинаас буух дугуйчдыг хараад "анх удаа явж байгаа байх, за яахав туршлага хуримтлуулаад дараа жил өөрсдөөрөө гарах байх" гэж бодохын сацуу дугуйчин хүн өөрөө өөрийгөө хуурдаггүй юм гэсэн Ojgo Erdenebat ахын үг чихнээ давхар сонсогдоно. Дараа дараагийн даваа, бүртгэлийн цэг дээр энэ дүр зураг нүднээ тусах бүр "Их л ядарсан байх, гэмтэл бэртэлгүй явбал болоо доо" гэж хэн нэгнээс,  хэн нэгнийг өмөөрөн бодогдох нь сонин.

Шилжрээн даваа, хоолны цэг 10 цаг 40 минут. Багийн гишүүн Золзаяа гүйцээд ирлээ. Үнэхээр энэ бол бидний ялалт байлаа. Учир нь өнгөрсөн жил бид энэ цагт дөнгөж Гачууртын эцэст, энэ даваан дээрээ 13 цаг өнгөрөөж ирж байсан болохоор учиргүй баярлаж догдолж байснаа нууж чадахгүй нь. Наранхүү ах маань хоолны ширээнд зай аваад хүлээж сууна. Удалгүй Алтантулга маань ч гараад ирлээ. Багаараа боллоо. Бүртгэлийн цэг дээр залуус баяр хүргэж эгч нартайгаа зургаа татуулая гэлээ, хэн нэгний утсан дээр аяллын агшин үлдлээ. Энд тухтай хооллон, ус ундаагаа сэлбээд, дугуйгаа шалгуулан бэлдэж даваа уруудах боллоо. Ожго ахын зааснаар аюулгүй замыг сонгож буусан нь үнэхээр өгөөжтэй байж айдас багатай богино хугацаанд уулын бэлд бууж Тэрэлж сууринруу жирийлгэлээ. Аюулгүй ажиллагаан зөвлөгөө ийм хэрэгтэй зүйл ажээ.

Тэрэлж сууринг бөөнөөрөө шахам олуулаа өнгөрлөө. Эхний хүйтэн ус. Тэрэлжийн голын өргөн хэсгийн гүүр тасарчээ. Дугуйчид туулах нь туулж дайрах нь дайрч гарч байлаа. Ус нэвтэрдэггүй гэгддэг La Sportiva гуталдаа эрдэн жийгээд орлоо, эрэг хүрэхийн алдад усан дотор пал хийн гишиглээ, үнэхээр нэвтэрсэнгүй, үнэн юм билээ.

Ус гараад шууд л жийлээ, Энэ зам дардан гэж мэдэж байсан тул тэнхээгээрээ жийлээ, зам ч эвхэгдэж маш хурдан Баянгийн гол дээр ирлээ. Нарийн хэсгээр жийгээд гарлаа, одоо өргөн гол, яалт ч үгүй туулах ээлж. Үнэхээр зүрх үхлээ, туулж байгаа дугуйчид яс янгинам хүйтэнг гайхана. "Намрын ус биед сайн, гутлаа норголгүй тайлаад туулаарай" аанай л аяллын замд сонсогдож байсан зөвлөгөө үг сэтгэл зогооно. Гэтэл гэтэл . . . дугуй ачсан 2 жийп хүрээд ирлээ, мэдээж хүйтэн уснаас айж байгаа учраа хэллээ, залуус голын цаана хув хуурай гаргаж өгөв. Бурханы аврал гэлтэй. Учир нь 3 даваанаас дутахгүй айлгаж байсан зүйл энэ хүйтэн ус шүү дээ. Голын цаана маш хурдан дугуйгаа аван шууд л жийлээ. Тэрэлжээс Босгын гүүрний бүртгэлийн цэг хүртэл Наранхүү, Базар, Золзаяа бид 4 хамт жийсэн ба дорхноо л хүрээд ирлээ. 13:25-д бүртгэлээ хийлгэн бас л бөөн баяр. Энд УУДАГ 2 багийн зарим гишүүдтэйгаа тааран  амжилт хүсээд үдлээ. Халуун кофе амтат боорцог хөлөө жийн суух мэдрэмж, намрын өнгө, эргэн тойрон ялан дийлсан дугуйчид. Багийн гишүүн Алтантулга гүйцээд ирлээ. Хөдөллөө.

Босгын гүүр, танил зам, багахан намаг одоо танил өгсүүр Замтын даваа. Энэ давааруу дугуйчид 2 талаар буюу баруун гар талын энгэр, зүүн гар талын уулын ёроол гэсэн  замаар өгсөж, зам давааны бэлд нийлээд даваа дээр гарч байлаа.

Замтын давааны уруу, жаргалын уруу. Учир нь харьцангуй аюул багатай талбиун уруу, бас жолоо бариаруу эргүүлдэг болохоор үнэхээр гайхалтай нисэх мэт мэдрэмж. Нэг л мэдэхэд Хөтөл бүртгэлийн цэгийн доор ирсэн байлаа. Араа хүрдээ тачигнуулан чадлаараа өгслөө, түрлээ, бүртгэлийн 4-р цэг. 15:25 минут. Ээлжит амсхийлт. цай кофе. Эндээс УУДАГ 3 багийн хөөрхөн дүү Найданцэрэн маань түрүүлээд хөдөллөө. Хөтөл хүрэх замд аав, эгч, үеэл 3 маань өөдөөс ирж ус ундаа өгөхөд аав нулимсаа арчин санаа алдаж "миний охин машинд суугаад хариач дан эрчүүд явж байна одоо болно" гэж хэлж эгчид загнуулж, угийн цагдаа, зан нь ч цагдаа эгч үеэл 2 маань Найданцэрэн бид 2-ыг "замаа нэр төртэй дуусгаарай 50, 60 хүний ард явна шүү Цонжинд уулзая" гэж хэлээд алга болов

Хөтөлөөс 28 км гэж зурагт байсан тул басхүү бариа хүрэх зам болохоор Золзаяатайгаа хамт эрчтэй хөдөллөө. Давхиад л байлаа, Алсын уруу ч гэлээ элстэй зам үе үе таарч сандаргаж болгоомжтой явахыг сануулна. Голын шугуй суурингийн зах харагдаж эхлэхэд дөхөж байна гэж өөрийгөө хуурлаа. Зүүн гар талаа барин багахан гүвээ давлаа. Сэтгэлд тод харагдах Чингис хааны морьт хөшөө нүднээ даан ч алга. Өнгөрсөн жил энэ замд харанхуй болсон тул гоё цагаан машинд ачигдаж ирсэн болохоор газрын баримжаа надад байхгүй байлаа. Ийм гүвээ бараг дахин 2, 3-ыг давлаа. Сэтгэл гэгэлзэж байсан ч "Хөшөө маань замд тулсан амны эхэнд байдаг шүү дээ, цаг эрт байна битгий яар Цолмоон" гэж өөрийгөө загналаа.

Ер нь аялал бол тэр чигтээ бодол эргэцүүлэл, бараг бясалгалын орчин гэлтэй. Алсад гялалзах Чингис хааны морьт хөшөө. Сэтгэл уужраад л явчихлаа, бас л хөөрхөн зай, алсын өгсүүр санагдлаа. Амрах хүсэл төрсөнгүй. Араагаа хөнгөлөн жийсээр хашааны үзүүрт ирлээ. Хашааны уртыг хэлэх үү, тойроод бас хөөрхөн жийв.

... Угталтын хөгжим анд нөхдийн  дотно царай, хайртай хүмүүсийн минь халуун тэврэлт. Нэг минутын өмнө ч болов намайг бүртгүүлэх гэсэн УУДАГ багийн дүү нар гүйн ирж дугуйг минь аваад "хурдлаарай, бүртгүүлээрэй эгчээ"... аялал бол үнэхээр нөхөрлөлийн талбар. Бариа 17 цаг 39 минут. Энэ бол уралдаан биш, гэхдээ цаг хугацаа, өөрөө өөртэйгөө уралдсан уралдаан, өөрийгөө ялан дийлсан ялалт байлаа. Финиш медаль, батламж хамгийн сайхан нь барианы цагтаа багтаж ирсэн мэдрэмж. Энэ өдрийн амжилтыг бэлэглэсэн УУДАГруппын анд нөхөд, Ojgo Erdenebat та бүхэнд баярлалаа. Км бүрийг эвхэхдээ та нараасаа ямар их зүйл сурсанаа мэдэрч байсан шүү.

УТА Ч.Мажигсүрэн (036), "Аяллын тэмдэглэл"
Өглөө 6 цагт талбай дээр бүртгүүлэн зургаа даруулан хөдөлцгөөлөө. Сонсох нь нийт 160 хүн гараанаас гарсан гэнэ. Олноороо хотын төвөөс бөөнөөрөө жиицгээж энд тэнд араа шүд дугуйн чимээ сонсогдох нь сүртэй.

Дүнжингаравын замд гаран хүчтэй салхины өөд цуваа тулан хэдэн хэсэг болон тасарч эхлэв. Бөөндөө жийж байсан туршлагатай хүн бол ийм үед бие биенийхээ салхинд сууж хүчээ хэмнэж явах ёстойг мэднэ. Хэдийгээр аялал боловч бөөнөөрөө дугуйтай явахаар хүний өөрийн сэтгэлзүйд цаанаасаа уралдах хүсэл бий болдог. Энэ хүсэлийн ачаар л бид урт холын бартаа ихтэй замаар ядрахаа анзааралгүй байгалийн сайхныг мэдрэн ажралгүй өнгөрүүлдэг билээ. Дугуй унахад хэр сайн явах нь ерөнхий хүч тэнхээгээс ердөө 30% нь л шалтгаалдаг. 30% нь өмнө хэр сайн унтаж амарсан. Хэр зөв хооллосон зэргээс шалтгаалах бол үлдсэн 30% нь өөрийн биеийн хэмжээндээ таарсан дугуй унасан эсэх, эмээлийн өндөр, жийх техник, салхинд суух, тэнцвэр, замын яг аль хэсэгт хүч гаргах эсэх нь маш чухал билээ.

Аль болох толгойн хэсэгийнхэнтэй хамт явж хэдэд орохоо үзье гэж бодож байсан тул өөрийгөө шахаж явлаа. Хоёрын даваа давж Шилжрээнгийн даваа хүртэл группийнхэнтэйгаа хамт явж даваа давж доошоо нисэж өгссөний шагнал болох уруудахын жаргалыг мэдэрсээр Тэрэлж дээр ирэв. Тэрэлжийн тэр уул ус мод ургамал цэнхэр тэнгэр нарны гэрэлд өнгө өнгөөр алгалж харагдах нь юутай үзэсгэлэнтэй. Намрын сэрүүн ойн үнэрийг аль болох өөртөө шингээж сэтгэлдээ хоногшуулж дурсамжиндаа тод үлдээхийг хичээсээр явлаа. Тэрэлж хавьцаа хойно үлдсэн нэгийгээ хүлээх зуур ганц нэг өнгөрөх хүмүүсийг Босгын гүүр хүрэх замд бөөнөөрөө салхиа авалцан 30км/цаг бариулан хамтдаа жийсээр бүгдийн гүйцэж түрүүлэв.

Бүртгэлийн цэг 3 дээр хойно үлдсэн хэдийгээ хүлээх зуур 3 залуу гүйцэн ирж бүртгүүлэн хөдлөөд явлаа. Манайхан олуулаа явах тэмп янз янз тул хэсэг хэсэг болчихоод байсан учир багийн хамгийн сайн бэлтгэлтэй байгаа Алтан Оргил, Насанбат, Сонинбаяр нарт урд гарсан 3 залууг гүйцэхийг захин өөрөө араас нь хамт гарлаа. Гүүр өнгөрөн Замтын давааны урт өгсүүр зам эхлэхэд давааны бэл хүртэл хамт явсаар урт өөд замд яаалтгүй жин (+80кг) их тул ертөнцийн таталцлийн хуулийн дагуу нөгөөдүүлээсээ хоцорлоо. Даваа өөд мацах замдаа нэг бууж тэнгэр харан хэвтэж жаал амарлаа. Моддын шаагих чимээ, цэвэр агаар, бие амрах агшин... Нэг харсан доороос нэг дугуйчин асуй. Дугуйндаа мордон хөдөлтөл бие сайхан амарч хөнгөрч. Даваан дээр гарлаа уруудлаа нислээ.

Хөтөлийн бүртгэлийн цэг дээр бүртгүүллээ. Даваа уруудаж нисэж байх зуур нэг овгор давтал урд уулын усанд идэгдсэн томоос том ангархай!!! Байдгаараа тоормозлож эрэг дээр арай гэж зогслоо. Чи яг тэрэн дээр хүчтэй тоормозлож зогссон уу гэж хойно явсан залуу барианд орсон дараа хэлсэнийг бодход хүнд анзаарагдахаар хүчтэй зогсож. Цонжин хүртэл хэдийгээр уруу боловч жилийн жилд өөдөөс салхитай байдаг жамаараа олон салаа замаар нэг дээш нэг доош орон жийсээр...

Давааны цаана даваа. Салхитай тэмцсээр байтал бие цуцаж байна. Хэд ч давсын тэр хэдэн даваа газрын зурган дээрх шигээ 28 км санагдсангүй. Урдах хүмүүс ч бараа алга. Гүйцэхгүй нь тодорхой араас явах хэдэн залууст гүйцэгдэхгүйг хичээн явах зуур нэг давтал нүднээ Чингисийн хөшөө! Урам орж бүх хүчээрээ урагшилсаар Цонжингийн уртаас урт тэр нэг хар хашааг барж дуусган 7 хүний дараа 15:20- д бариандаа орлоо.

ШТГ Д.Мөнхнаст (088), “УУДАГ-2” багийн аяллын тэмдэглэл
Миний бие газар дөхөж Э.Отгонжаргал ахынд хонохоор ирэв. Бид гэрийн эзэгтэйн бэлтгэсэн хоол, цайг ундлахын зэрэгцээ элдвийг хөөрөлдлөө. Бидний яриа өнөөдрийн УУДАГ хаанаас, хэзээ эхэлсэн, анхны аялал, аялагчдын тухай болж өргөжив. Ингэж ярилцсаар суутал цаг хэдийн шөнийг хагасалжээ. Дулаан гэр, том өрөө, зөөлөн буйданд тухлаад унтахаар хэвтэв. Өглөө эртлэн босч биеэ засаад дугуйгаа ажтал хойд дугуй хийгүй байлаа. Шалавхан задлаад нөхөөсний хажууд жижиг нүх гарсныг нөхөж амжив. Угсраад хийлж байтал дахин хий алдав. Дахиад нөхөв, ахиад шалчийв. Бухимдаж эхлэв тэгээд дахиад л нөхлөө. Гэхдээ бас л хий алдав. Би үгэлж, бухамдалт нэмэгдэв... Учир  нь миний хэрэглэсэн нөхөөс эрхий хуруу дарам хэмжээтэй байлаа. Нөхөөсний хажуугаар л алдаад байх нь тэр. Удалгүй гэрийн эзэгтэй, дараа нь эзэн ч бослоо. Дугуй нөхөхтэй зэрэгцэн тэд олгой хайж ийш тийш холхив. Би бухимдсаар, зүлгэсээр, нөхсөөр л... Тэд намайг “тайван бай амжина, юунд бухимдана” гэж аргадна, утас дуугарна “хариугүй хөдөллөө, чи яаваа” гэж багийн гишүүн тэвдэнэ. Эцэст нь яг 6:00 цагтай уралдан ганц том нөхөөс нялснаар бар цагийн барцад арилав.

Сүхийн талбай дугуйчдаар дүүрэн. Бүртгүүлж ч амжлаа. Журмын нөхөдтэй мэнд мэдэлцэж, бултаараа зургаа татуулснаар аялал эхлэв. Хотын замын хөдөлгөөний зохицуулалтад зохион байгуулагчид болон цагдаа нар анхаарал сайн хандуулжээ. Төв замаар төвөггүй жийцгээв. Зөрсөн бүхэн биднийг ихэд ажих нь хачирхмаар байсан ч олон дугуйчны цуваа сүрдмээр... Гэнэт “Мөнхнастаа амжилт хүсье, сайн яваарай” гэх танил дуу чихнээ сонстох мөчид Э.Отгонжаргал ах маань замын хажууд зогсож байх нь тэр. Тэрбээр бахархал, ерөөл дүүрэн харцаар биднийг үдлээ... Та минь бидэнтэй ингээд л жийх байсан даа гэж бодмогц л сэтгэл эмзэглэх... Дүнжингаравын замаар зүүн зүгийг чиглэв. Салхи өөдөөс, дугуйчид үхрийн баас шиг цувцгаав. Эр хүн, хутга хоёр жижигддэггүй гэгчээр П.Золзаяа бүсгүйг нөмөрлөн хэсэг жийв. Гэхдээ энэ байдлаараа бүтэхгүй нь гээд Гацууртын замд амиа бодов. Замдаа өндөр нам, өргөн бүдүүн, хар, шар, эрэгтэй, эмэгтэй янз бүрийн хүмүүсийг гүйцэн жийх нь надад юутай бахдалтай...

Гацуурт, Их Хуандын амны энхэл донхол, чулуутай замд Ж.Октябрь ахтай зэрэгцэв. Бужигнаан дунд өөрийн эрчмээ  алдсан байдалтай жийх түүнтэй хамтдаа зугуухан жийцгээв. Тэрбээр надад “ээдээ энэ жийлт чинь л болж байна хө. Хүч бага зарцуулаад, хэтэрхий хурдтай жийх амаргүй”-г надад хэлнэ. Жийсээр л... Сүх жанжны талбайгаас зогсолтгүй жийсээр Хоёр давааны бэлд татав. Бид хэдийн 42 километр замыг эвхжээ. Ах өөртэй нь хамт яриа дэлгэн жигдхэн жийсэн намайг кофе, бингээр дайллаа. Уух ус, идэх хоолгүй би башийх нь тэр. Хувцсаа нимгэлж, багийн гишүүдтэйгээ нийлж, бие, дугуйн байдлаа ярилцаад давааруу махийцгаав. “Залуу байхдаа жийгээд л гардаг байждээ. Айдаа хүний залуу нас юутай богино вэ” гэж би ахтай даажигнасаар дугуйгаа түрээд л алхлаа. Багийн гурав урд харин би хойно... Жийсээр л...

Цаашилсаар Шилжрээнгийн давааг жийж гараад багийнхантайгаа уулзаж, хооллов. Багаараа зургаа татуулж тэднийгээ үдээд эргээд ширээнд тухалж үргэлжлүүлэн идлээ. Дэлгэр намрын налгар өдөр дэнж дээр тухлахын сайхныг энд мэдрэв. Хоолны амт бас зохион байгуулалт зэрэг нь өмнөх жилийнхээс дээрдсэн нь нүднээ ил, сэтгэлд сайхан байв. “Энэ завшааныг ашиглаад гэж эхэлдэг” шиг боломжийг ашиглаад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд ярилцлага ч өгчихлөө. Тэмцээний онцлог, дугуйн ач холбогдол, олон нийтэд хандсан уриалгын шинж чанартай зүйлийг л ерөнхийлөн ярив. Жийсээр л... Замдаа хоёр ч удаа голоор гарав. Голын ус хүйтэн бөгөөд тунгалаг.

Урагшилсаар л... Голыг гатлах мөчид хөл даарах нь таагүй ч гаталсны дараа даруй дулаацаж, бие сэргэх нь үнэхээр сайхан. Тэрэлж өнгөрөөд Б.Батжаргал андтай тааралдан цааш жийв. Босгын гүүр дөхөөд ирмэгц тожигнуулсаар андыг орхин одов. Бүртгэлийн цэгт тааралдаад “чи чинь юу болов, яагаад гэнэтхэн л хурдлаад унав” гэж хэлэхэд нь би хар цагаан дуугүй л байлаа. Багийн нөхдөөсөө хоцрохгүй, 15:00 цагт эмээ уух гэсэн хоёр зүйл замдаа хамт жийгээд хаяад явах шалтгаан байв...

Уулс, голын хөндий, намрын улирал, навчсын өнгө... Байгалийн сайхныг бишрэхгүй байж үл чадна. Гэхдээ дугуйчдын дийлэнх нь өгсөх бус уруудахад дуртай байх. Хүссэн хүсээгүй өгслөө. Замдаа дугуйчдыг УУСААР, Жийсээр л... Замтын даваа хол бөгөөд өндөр. Дагжуу хөрстэй, чулуутай замаар өгссөөр л. Дугуйн хүрдний жижиг арааны томтой гайхалтай хоршино. Жийсээр л... Давааны уруу туулах чадвартай автомашин хөлөглөсөн хүмүүсийн дийлэнх нь манийг тоосруулан зөрнө. Магадгүй тэд “Пээ энэ хүмүүс ингэж биеэ зовоож яадаг байнаа” гэж ярилцаж байгаа даа гэж эрхгүй бодогдоно. Жийсээр л... Царцаан царгиа, шувуун дуу, шинэс мод, бут сөөг, бөртийх ч үүлгүй хөх тэнгэр. Тэнгэрийн хаяа харагдсаар, би жийсээр л... Энэ бүхнийг ажиглан жийхнээ “Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй, эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй” хэмээн яасан онож хэлээ вэ гэж эрхгүй бодогдох. Заримдаа би үүнийг хэний төлөө, юуны учир хийж байгаагаа өөрөөсөө асууна. Элдвийг эргэцүүлж, өөрийгөө сонсох боломжийг олгосон даваандаа талархъя. Давааны оройд хэдэн хором саатах мөчид Б.Батжаргалтайгаа дахин уулзав. Дугуй унахын нэг сайхан мэдрэмж бол маргаангүй уруудах.

Нүдний өмнө машинаас бууж дугуйгаа унаад миний өмнө баацагнан жийх нэгнийг хараад өөрийн эрхгүй ундууцав. Ундууцсандаа нөхрийг Хөтөлийн өгсүүрт нулиад л гарав. Нэмж хэлэхэд зарим хүмүүсийг хичнээн ч удаа гүйцэж түрүүлснээ тодхон санана. Гүйцээд л гарна, нэг л мэдэхэд урд гарчихсан жийж байх махлаг залууг яалтай... Өөртөө үнэнч байхыг та нараас л сурсандаа олзуурхана... Эхийгээ дагасан унага шиг байнга хамт жийхэд “наадах чинь ашиггүй өгсүүр” энэ талаар нь явъя гэх эрхэм ахын үгс чихнээ сонстох... Алсаас замаа хараад эртхэн сонгоод жийчихдэг болсноо мэдээд урамшсан гэж жигтэйхэн. Багийн гурав урд харин би хойно. Жийсээр л...

НТГ М.Урсгал (194), Чингис Хаан 125км аяллын тэмдэглэл. 
Шөнийн 3:24 гэгэлзээд унтдгийн биш, жаал бодож мөрөөдөж хэвтлээ, гараанаас гараад барианд ортлоо багийхандаа асуудал болчихгүй явчих юмсан гэсээр 4:40 хүргэлээ.

Өглөөний таван цагт багийхантайгаа их дэлгүүрийн урд товлосон цагтаа уулзаад талбайн зүг хөдөллөө. Манай багийн Наагий замдаа яваж бхдаа: бие яасан хөнгөн сайхан бнаа, өнөөдөр ч ураад өгөх нь дээ гэхээр нь би биеэ чагнаж үзлээ юу ч байдаггүй таг шүү, за яахав аандаа халаад ирэхээр мэдрэгдэх байх гээд тоосонгүй талбай дээр ирлээ.

Зураг мураг гэж байгаад нэг юм хүсэн хүлээсэн мөч ирлээ гараанаас гарлаа. Хамгийн сүүлд хөдлөөд бага багаар идэж явсаар Гачууртын зам дээр багаараа толгой эгнээнд салхин сөрөн үзэж тарлаа, ашгуй 2 танихгүй дугуйчин бидний урд ороод салхи аваад Гачууртын эцэс хүртэл биднийг ивээлдээ авж явлаа, бид ч чимээгуй дагаал яваад байлаа. Эцэс хүрээд шороо руу салаад нөгөө хоёрт, за баяртай дараа уулзья, амжилт хүсье гээд газар цацсан шагай шиг тараад алга боллоо. Нэг нэгнийгээ дагаж давхисаар байтал нэг мэдэхэд 2-р цэг дээр ирсэндээ, тэр өгсүүр мөгсүүр огтхон ч юм болоогуй.

Манай багийхан 09:24 цагт бүрэн бүрэлдэхүүнээрээ хоол идэх гээд сууж байсан юм. Хоол идэв үү үгүй юу, за явцгаая өнөөдөр бидэнд том зорилго байгаа шүү гэж багийхандаа сануулаад Ганбаяртайгаа нийлээд хойд замаар нь уруудлаа, Тэрэлжийн гүүрэн дээр ирээд эхний таталтаа хийлээ, Төгөлдөр, Гарди 2 маань байдаггуй шүү. Муу л юм хамгийн түрүүнд толгойд орж ирдгийн байна билээ, 5мин хулээсэний эцэст манай хоёр буугаад ирлээ. Зүгээр асуудалгуй гэнэ. Тэгээд нийлж цаашиллаа даа. Замд эхний гол таарлаа, би дэгтийтэй байсан болохоор шууд жийгээд гарлаа. Манайхан ард зогсоод гутлаа тайлж байгаа харагдлаа, араас гүйцээд ирэх нь тодорхой болохоор би хурдаа хассангүй жирийж өглөө. Араас бас танихгуй 2 нөхөр гол шууд дайраад гарсан бололтой жийж байна шүү. Тал газар ганцаараа салхи сөрөөд хамгийн урд нь явж бгаа гэж бодохоор нэг сайхан мэдрэмж төрөөд хүч ороод ирдэг юм байна билээ. Жаал явж бгаад суларлаа, нөгөө 2 дөхөөд ирлээ, нийлж аваад ард нь суугаад хэсэг явлаа, байнга эргэн эргэн хараастай амихандаа багийн нөхдөө хулээгээстэй, төд удалгуй манай хэд атгасан гар шиг хэлбэртэй юмнууд араас юу юугүй ороод ирлээ, бөөндөө нийлж аваад дараагийн гол дээр ирлээ. Би бас, манай багийн Алтан Оргил болон Мажигсүрэн нар шууд жийгээд гарлаа. Манай хэд дахиад гутлаа тайлаад хойно үлдсэн.

Дахиад нэг залуу бид гуравтай нийлж аваад жийлээ дээ, салхи сөрөөд нилээн явсан даа, 3-р цэг харагдаж бна. Бид хурдаа нэмээд ухас хийлээ, нөгөө залуу жаахан ард орхигдож бна сүүлдээ жаахан зайтай боллоо. 3-р цэг руу гарах хоёр зам байлаа би хойд зам сонгоод манай хоёр урд замыг сонгоод саллаа. Амихандаа хамаг юмаа хийгээд жийлээ, манай хоёр ч хусаж өгч байнаа. Эцсийн булэгт Мастер нь мастераараа сонирхогч нь сонирхогчоороо үлдсэн дээ.

Манай багийхан Багийн ахлагч Бадралд, бүгд гэрчилгээгээ өгсөн нь жаахан алдаа болж хувирсан юм. Араас гурван бацаан ороод ирлээ бүртгүүлж аваад сум шиг юмнууд гараад зугтлаа, бид гэрчилгээ хулээсээр л, удалгуй манайхан нисээд ороод ирлээ. Тэгээд бүртгүүлж аваад, Мажигаа, Алтан оргил, Сонио, Наагий бид араас элдлээ. Уул ороогоод тал газрын өгсүүр, нөгөө зугтсан гурав байдаггуй шүү. Алтан Оргил, Наагий, Сонио нар хүр хүр хүр гээл алсараад алга боллоо, Мажигаа маань хойд замаа сонгоод салаад алга боллоо. Нэг дагах гэснээ урд жил энэ замаар явж байсан болохоор мэддэгээрээ явья гээд нөгөө хэдээ алсаас хараад дагалаа. Би нэгэнт хаашдаа гуйцэхгүй юм байна гэдгээ ойлгоод темпээ хасаад жигд жийгээд тайван явлаа.

Замтийн даваа өөд тал хүртэл нь жийгээд буугаад түрээд алхлаа. Тэгсэн араас хоёр жаахан хүүхэд ороод ирлээ шүү. Шожгонтол жийгээд дөхөөд ирлээ. Дугуйндаа мордож аваад үзлээ дээ, дээшээгээ тэгсэн бардаггүй юм даа, зайлуул. Нөгөө хоёр уруудаад алга болсон би жингээрээ уруу алнаа гээд араас нь элдлээ. 4-р цэгийн өгсүүр дээр бариад авлаа, нэг нь буугаад түрж байна, нөгөөх ядах юмгүй жийгээд гарчиж байна, ашгуй улбар шар өмсгөлтэй Мажигаа маань хөдөлж байгаа харагдлаа. Би бүртгүүлээд усаа дүүргэж аваад шууд уруудлаа. Амихандаа нөгөө хоёр бацаанаас айж бхгуй юу!! Мажигаа нэг харагдаал нэг алга болоол, суулдээ харагдахаа болиол хэсэг ганцаараа тал газраар жийлээ, нэг даваа байна даваад Цонжин харагдах байх даа гэсэн байдаггүй шүү, дахиад давлаа байдаггүй, маажигнаж байтал араас нөгөө хоёр бацаан сүр сар хийгээд ороод ирлээ дээ. Дагаад хэсэг явсан чинь темпийг нь үнэхээр гүйцсэнгүй хаягдлаа, нэг даваа байна энийг даваад Цонжин харагдах байх даа гээд итгэл өвөртлөн давлаа. Эээ, тэгэлгуй яахав Чээгий ах минь дүрээрээ зогсож байсан. Их хаан минь, агуу хаан минь гээд л баярлаад амандаа үглээд уруудсан.

Урьд жил ямар байсан, энэ жил УУДАГ-ийн хамт олны хүчээр өдий зэрэгтэй болсондоо баг хамт олондоо дотроо маш ихээр талархаж байлаа. Хашааний хаалгаар орох тэр мөч барианд дөхөөд  ирсэн өөрийн эрхгүй догдлоод уйлах гээд сонин байсан шүү. 15:24 цагийн үед 197 тамирчинаас 12-р байрт орсондоо өөрөөрөө бахархах сэтгэл төрсөнөө нуушгүй.

ШТГ Д.Сонинбаяр (077), УУДАГ-1 /зам тавь/ багийг дагаж явсан тэмдэглэл
Өглөө 05:10 цагт оройтож босоод яаравчлан гарлаа, талбай дүүрэн дугуйчид байгаа болов уу хэмээн төсөөлөөд очсон боловч нэг л эл хуль харагдана. Энэ жил оролцож буй хүмүүсийн тоо цөөн байгаа хэдий ч танил дасал болсон УУДАГ-хан маань байгаа болхоор сэтгэлд дотно. Бүгд зургаа татуулж 06:50-д хөдлөөд нийтийн хурдаар жигд эргүүлнэ.

Дүнжингаравын урд зам дээр хувийн зогсолт хийгээд сунжирсан урт цувааны араас бүгдийг нь гүйцэж толгойн группт яваа багийнхныгаа Улиастайн зам дээр нэхэж очилоо. Манайхан салхи хагалж яваад эргүүлэх хурд жаахан нэмхийг анзаармагц бүгд хурдаа нэмж цувааны урд нягтраад урагш 35км/цаг бариулан буудлаа. Хэсэг яваад хартал өөр багийн 5-6 хүн салхинд тогтжээ, хурдаа 25км/цаг руу буулгаад жигд эргүүлтэл тогтож үлдсэн хүмүүс урд гаран салхи хагалж Гачууртын эцэс хүргэлээ. Танил болсон чулуутай шороон зам минь "Сайн байна уу?" гээд дондогнуулсаар Их хуандын ам руу өгсөн жирийнэ, хоорондоо буу халж явтал багийн гишүүн Гарьд "Та нар буудна гэсэн яасан бэ?" гэв инээгээд буудаад л байна шүү дээ гэлээ. Туулах зам хол, цаг эрт, бүгд дотроо ямар зам туулж хэр ачаалал авхаа мэдэх тул бусад багийн дугуйчдыг ч үл тоон тайван явцгаана. "Хоёрын даваа"-ны бэлд ирээд хуучны сайхан цагаа дурсан Мажигсүрэн ахтай инээлдээд, нар дээшилж дулаанаар ээхтэй зэрэгцэн өөд махийлаа.

Жийгээд гарчихлаа шүү гээд бодож амжаагүй байтал манайхан бүгд л жийгээд гараад ирлээ, шулуухан уруудаад "Шилжрээнг"-ийн даваа руу өгсөөд 2 дугаар бүртгэлийн цэг дээр 09:40-д ирлээ. Дугуйчны чанар өгсүүрт танигдаж зэрэгцэж явсан бусад дугуйчид ард хоцорч цувсаар гарч ирнэ. Найрсаг зантай хүмүүсээр сайхан шөл, хоёрдугаар хоол, боорцог, цайгаар дайлуулаад аюулгүйн үүднээс доод замаар орж 45км/ц бариулан ниссээр Тэрэлж сууринд 15 минут уруудаад ороод ирлээ. Намрын шаргал навчис, голын цэнгэг усыг туучсаар Тэрэлжийн голын хөндийг өнгөрөөд цааш зам цагаан тул эгнээнд орж 9-үүлээ "вагондлоо". Алтан-Оргил ах 1 ч амрахгүйгээр эргүүлэн баатарлаг салхи хагалж бүгдээр Баянгийн гол хүрээд эхний салааг жийж 2 дахь өргөн салааг гутлаа норгохгүй гэж хаширлаад гутлаа тайлаад тууллаа. Зарим гишүүд маань норсон ч хамаагүй жийж гараад түрүүлээд яваад өглөө.

3-дугаар бүртгэлийн цэг дээр 11:39-д ирж жаахан цувсан гишүүд бөөндөө цуглалаа, нэг гишүүн маань хөнгөн унаж гэмтэлээ сэдрээх дөхжээ. Урд өөр багийн гурван залуу дугуйчин хөдлөөд явчихсан тул араас нь нэхэх 1 баг, ард үлдэж арай тайван явах өөр 1 баг болж 2 салцгаалаа. Одоо уужим 12км өгсүүр ганц том даваа бий, зам нь эхэндээ элстэй зуурч байснаа давааны бэлд ирхэд чулуутай болж доороос нүдэж эхэлнэ. Давааны нөмөр гэсэн шиг салхигүй бүгчим халуунд өөдөө махийгаад хойд араагаа хартал 3 араа нөөцөнд байнаа, гэнэт инээд хүрээд өнгөрсөн жилийн Уянгаагийн яг энэ зам дээр "Надад 6 арааны нөөц байна нэгийг нь авах уу?" гэдэг санаанд оров. "Замтын даваа"-н дээр Алтан Оргил, Наагий бид гурав түрүүлж гарсан тул цааш шууд буудлаа.

4-дүгээр бүртгэлийн цэг дээр 13:25-д ирэхтэй зэрэгцэн урд яваа багийн 2 залуу яаруухан хөдөлтөл Наагий маань шууд хамт явчихлаа. Алтан-Оргил ах бид 2 аяганы амсар зуугаад араас нь уруудаж явтал урд тоос манаргаж хурд хасаад тойрохдоо Алтан-Оргил ах нэг юм хэлэв. Тулж иртэл харагдхааргүй дугуйтай хүн бүтнээрээ яваад орчихоор том ангал байна, ард яваа хүмүүс л яваад орчихвий ядахдаа нэг анхааруулах шон зоочихгүй дээ гэж бодоод цааш уруудлаа. Арга үгүй бэлтгэл муутай, дугуй ойрд унаагүй бие маань зуурч гуяны шүрмэс татаж Алтан-Оргил ахаас бараа тасарч эхлэв.

Уулын амаа уруудаж дуусаад элс эхэлмэгц за одоо бариа дөхөж байгаа даа гэхдээ наана нь 3-4 хөөрхөн хошуу бий жийгээд л байна даа гээд эхнээс нь 1,2 гээд давж явтал нэг залуу гүйцээд ирлээ. Сүүлийн ганц огцомыг даваад Чингис хааны хөшөө маань ч мэлтэс гээд гараад ирлээ, доош уруудаж жаргалаа эдлээд хашааны үзүүр хүрч нөгөө залуутай ярилцтал "Та нөгөө хэдийг алдчихав уу, миний шүрмэс татаад байнаа" гээд жаахан амьдралд нухлагдсан царай гаргана. Зүгээрээ одоо энэ хашааг тойроод төв хаалгаар нь орлоо гээд ялимгүй өгсөөд хэлсэн ёсоороо 15:00-д бариандаа орлоо. Барианд орж ирээд сураг сонсход Алтан-Оргил ах маань Чингис хааны хөшөөний хашааны үзүүрт урд түрүүлж гарсан 3-ыг гүйцээд түрүүлж орж ирсэн байсан, уг нь бид 2-ыг араас нь хөдлөөд уруудхад бараа сураг нь байхгүй байсан сайн нэхжээ гэж бодсон доо. Зүгээр л жий.

Б.Батжаргал (116), Найм баг
Хуруутай бээлий өмсөх үү хуруугүйг өмсөх үү гэж өглөө сэрээд бодов. Өмнөх жилийн өдийд их хүйтэн байсан нь шууд санаанд орж байна. Чингис хаан дугуй фестивал нь олон нийтийг дугуйн спортод уриалахад оршиж байгаа гэж санадаг тул дугуйчдын оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс ногоон тэмдэгтэй гишүүн Н. Даваасамбуу /134/ бид хоёр таньдаг нөхдүүдээ уриалан “8-Найм” хэмээн баг үүсгэн аялсан билээ.

Багийн бусад гишүүд маань бид хоёрын уриалгад өнгөрсөн жил яваад үзэцгээсэн залуус байдаг тул замаа амжилттай дуусгаж чадна гэдэгт итгэлтэй байлаа. Сүх жанжины талбай дүүргэсэн зорилго нэгтэй, итгэл сэтгэл нь гэрэлтсэн залуусыг харж нэг болж зогсох таатай байв. Дурсгалын зураг, төрийн дууллын дараа уламжлалт чиглэлээр жигдхэн хөдөлцгөөв.

Талбай өнгөрөөд, шинэ баригдсан гүүр хоосон шахуу харагдахад түүгээр явахын түмэн хүсэл төрөвч нэгдсэн дэг журамд баригдаад өнгөрсөн дөө. Замд Даваа, Батжа гээд Ожго ахыг олноос онож дуудахад урам ороод ирлээ.

Дүнжингаравын замд манай УУДАГ-ынхан урд нэг, хойно нэг явцгааж байгаад ерөнхийдөө урагшаа тасраад явчих шиг болов. Бид хоёр багийн нөхөдтэйгээ бараандаа тайвуу жийж байгаад Гачууртын замд бага зэрэг тасраад явлаа. Үүний учир нь бидний урд салхи ээлжлэн авч явсан үл таних дугуйчдын нөмөрт орж хүчээ хэмнэх тооцоо байв. Гачууртын эцэст сайхан амраад шахуу орж ирлээ.

Тэндээс жилийн жилд давтагддаг дугуй ачих үзэгдэл эхэлж байв. Сонирхолтой нь би энэ үйлдлийг дэмжиж, эерэг талаас нь харж байлаа. Урдны уралдаанд ачуулж байгаа улсуудыг нэг их тоохгүй ч үйлдэл нь аятай санагддаггүй байсан. Одоо бол ачаад ч болсон уралдаанд орох хичээл зүтгэл гаргаж байгаад нь бараг баярлах сэтгэл төрж байна. Дугуй хүний харах өнцгийг өөрчлөх шидтэй л юм байна даа.

Өмнөх жилүүдийн туршлага гэх үү, цүнх үүрсэнгүй, ачаан дээрээ бага шиг хүнс баглаад гарсан нь халуун өдөр их дэмтэй байв. Танил хоёрын даваа, Шилжрээгийн давааг даваад уруудаж байхад хувцсаа нимгэлсэн хэдий ч даарсангүй, уруудахын сайхныг мэдэрч чадлаа. Тэрэлжийн голын хөндийд мөн л хэд хэдэн дугуйчдыг “паразитлах”-ыг оролдсон боловч тэдний хурд Даваа бид хоёрын эрчимд арай хүрэхгүй байсан тул хоёул ээлжлэн ажиллаад замыг сайхан эвхлээ.

Замын турш бид хоёрын ярьсан зүйл бол Тэрэлж орчмын намрын сайхан бөгөөд болдог бол хэвтээд үлдчих талаар байв. Уралдаанд орж байгаа хүмүүсийн санааг эргүүлэх хэмжээний байгалийн онцгой сайхан үе тохиосон байсан нь баярлууштай. Босгын бүртгэлийн цэг дээр багаа нэгтгэж аваад гарлаа. Замтын өгсүүр дээр багийнхан маань ёстой цуварч эхэллээ. Ачаалал их авч байгаа болохоор тэр нь ч аргагүй байв.

Замтын даваа дээр аажуухан жийгээд гарахад Д.Мөнхнаст /088/ орой дээр байж байлаа. Сүүлд нийтлэлээс нь харахад мань хүн ихэд бясалгасан байсныг тэр үед анзаарч харсангүй. Цугтаа уруудаад Хөтөл дээрх бүртгэлийн цэг дээр ирээд багийнхныгаа хүлээж байх зуур бүсгүйчүүдийн баг ороод ирлээ. Өөрийн юм шиг сангийн чихрээр дайлтал –Өө глюкоз гээд л авцгааж байна.

Одоо Цонжингийн бариа хүртэл аль болох багаараа ажиллах шаардлагатай. Салхи хагалах үүргийг “шаварт унасан шарын эзэд” болох Даваа бид хоёр үүрлээ. Таван цагт Цонжингийн доор ирсэн боловч аяллын хамгийн хэцүү хэсэг болох төмөр хашааг тойрох дээр хэсэг хугацаа зарцуулж бариандаа орж ирлээ.

Зохион байгуулагчид болон УУДАГ багийнхан, бусад оролцогчид маань сайхан угтан авч зураг хөргөө баярт цаг мөчтэйгээ цуг мөнхөллөө. Найм багийнхан маань цувраад бүгд бариандаа амжилттай орцгоолоо. Бид бүгдийн хөлсөөрөө хамт бичилцсэн дугуйн аяллын нэгэн хуудас бахархалтайгаар бичигдэж өндөрлөлөө. Багийнхандаа, зохион байгуулагчиддаа, нарлаг өдрөө хайрласан байгаль дэлхийдээ баярлалаа. Дараа жилийн наадам даан ч хол байна даа.

Э.Ууганбаяр (206), Чингис хаан 125 аялалыг дагасан тэмдэглэл
Өглөөний 05:30 аас гарч 6:15-д талбайд ирсэн. Бие бага зэрэг халуунтай ч явах хүсэлдээ хөтлөгдсөөр Цолмон эгчтэй холбогдож дугуйчидтай хамт хөдөлсөн.

Салхи зүүн зүгээс хүчтэй үлээж өөдөөс нь мань хэд хүчтэй зүтгэцгээж байв. Толгойн групп аль хэдийн алга болж тэдний дунд хавьцаа явсаар (арын группэд бараг 100 -аад хүн байсан байх) Их хуандийн ам өгсөн жийсээр Шилжрээнгийн давааны өвөрт эхний нам зогсолтонд уушги, амьсгаа, хөлстэйгээ хутгалдан амарлаа. давааны өөд (ойрд ингэж эрчимтэй жийгээгүй үхэх нь ээ ккк) заримдаа түрж, заримдаа жийсээр гарч уруудлаа, явсаар эхний цэг.

Надад тэнд зогсож хоол идэж, цай уух эрхгүй учир гэж санасаар шууд л явлаа. Тэрэлж голын хөвөөн дахь ЮуБи2 -ын явган гарцаар гарч Цолмон эгчтэй утсаар ярилаа. тэгсэн "Ямар хамаатайн бээ, цай кофээ уугаад явахгүй" гээд эгчийн сургаал сонсож, бас нэг эгч байсан тэндээс өндөг, сосеск, боорцгоор дайлуулаад цааш хөдөллөө.

Тэрхүү хөндийн зам уг нь сайхан ч бул болж булдруу болсон бие урагш ахидаггүй ээ. Зүтгээд, амраад, зүтгээд л байв чиг дараагийн усны цэг. Тэнд хүрч аяга кофэ уучаад цааш хусч явтал тормос будаа, түүнийг голын цаадтай засчихаад, давааныхаа өөдөөс зүтгэж өгөв хэха, тэхдээ ард байсан тэр олон зуун мянган хүн хайчсын бүү мэд нэг л мэдэхэд цоожлогчид гэсээр хоёр дугуйчин, нэг машинтай хүн зөрөн өнгөрөв. Бусад нь л лав ачуулсан даг аа. ер нь ачуулаал байсан (хов зөөв ккк).

Даваа уруудан баруун зүг өгсөөд уруудаад, өгсөөд уруудаад л байв. Чонжингоос зүүн хойд зүгт байдаг амралтын газрын тэндээс замаа баруун урагш болгон уулын өөд зүтгэв (буруу замаар будаа тээсэн). Тэгж байтал нар жаргаж уулын цаагуур талийв. Буцаж доошоо уруудаж жинхэнэ замдаа ороод зүтгэж атал цаг 19:50 болж өнөөх алдарт бариандаа 20:10 цагт хүрч ирэв шүү дээ. Нийт явсан зам 129 км (4 км илүү хаашаа ч юм далийж дээ хаха). Цонжингийн урд замаас гар өргөж Трайллэрт (ачааны том машин) суугаад хотын зүг гэдэн годон.

Замд цамцаа над үлдээгээд явсан Дорноговь аймгийн дугуйн багт уралдаж байсан нэрийг үл мэдэх хүү ахаасаа ирж цамцаа аваарай, таньж мэдэх хүн байвал хэл дуулгаарай. Нэг иймэрхүү л... Манайхан ч мундаг байсан. Та бүгдэд спортын өндөр амжилт хүсье. Зүгээр л жий

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Найданцэрэн Б.Алтантулга Ч.Базар Ц.Энхбаяр Н.Ууганбаяр Б.Алтан-Оргил С.Гарьд Н.Даваасамбуу Д.Сонинбаяр М.Урсгал Э.Ууганбаяр Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Ч.Мажигсүрэн Ж.Октябрь Н.Төгөлдөр Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
У.Найданцэрэн
  • 827 км дутуу
  • 432 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
Ц.Энхбаяр
  • 2610 км
  • 22
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Б.Алтан-Оргил
  • 4075 км
  • 29
  • 1
  • 0
  • 1
  • 2
С.Гарьд
  • 4201 км
  • 36
  • 4
  • 1
  • 2
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Н.Ууганбаяр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3609 км
С.Бадрал Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2553 км
П.Золзаяа Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1261 км
Зүгээр л жий!