Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
"21 АЙМАГ II" АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
Увс аймгийн Улаангом хотоос 21 аймаг II аялал албан ёсоор эхэллээ. Аяллын багт Б.Насанбат (113), Г.Бат Оргил (190), Э.Ожго (837) нар багтсан болно. Аялал Улаангом- Өлгий- Ховд- Алтай- Баянхонгор- Өвөрхангай- Даланзадгад- Мандалговь- Говь Сүмбэр- Сайншанд- Баруун Урт- Чойбалсан- Өндөрхаан- Зуунмод- УБ чиглэлээр 3910 км зам туулна.
Өнөөдөр бие халаалтын журмаар Түргэн сум чиглэлд 40 орчим км жийгээд отоглоно. Өлгий хотод дахин уулзацгаая. Аяны зам дардан байг, зүгээр л жий.
"21 АЙМАГ II” АЯЛАЛ, ЭХНИЙ ӨДӨР
7 сарын 29. Увс аймаг, Улаангом хот
Улаангом хотоос 13.00 цагт баруун хойд зүг Түргэн сумын чиглэлд гарлаа. Замд Дэглий Цагаан онгоцны буудлын хажуугаар гарч Цалгар, Шургахын сайр, Бураатай сайрын гүүр гарав. Улаангом орчинд Оросын холбооны улсаас орж ирэх түймрийн утаа саарал хөшиг болон манантаж алсын бараа харагдуулахгүй байсан. Түргэн сум, Цүнхэгийн ам, Түргэн голын гүүр ч өнгөрөв. Отоглох тохиромжтой газар олдохгүй бас хажуугаар нь шумуултай байлдах ажил нэмэгдэв.
Амсхийгээд давааны замаар өгсөв, харахад тэгшхэн мэт боловч хамаг араа дуусгах шахам жийлгэнэ. Хагас км өгсөөд Тулгын аманд зусах нутгийн айлын хаяа бараадан 18.30 цагт отоглов. Эндээс Улаан давааны орой 3,6 км зайд оршдог гэнэ. Маргааш өглөө давааны орой дээр гарч орчны байдалтай танилцах болно. Ийнхүү аяллын эхний өдрийн бие халаалтаар 48 км зам тууллаа.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ХОЁР ДАХЬ ӨДӨР
7 сарын 30, Увс аймаг, Сагил сум
Улаан давааны Тулгын амны айлд цай уугаад өглөө 7.10 цагт хөдөллөө. Нартай сайхан өглөө боллоо. Улаан булаг хэмээх тунгалаг уулын горхиноос савандаа хийж сайжруулсан шороон замаар өгслөө. Бид ч жигд хэмээр эргүүлсээр даваа дээр 9.00 цагт гарав.
Бага шиг хөндий намхан гүвээ даваж Улаан зуухын 32 нугачаатай жалга сүлжин уруудсаар "зуух"-наасаа гарч ирэх мөчид Үүрэг нуурын цэнхэр мандал үзэгдэв. Мөн эндээс төв зам нь хоёр салж бид Байрамын давааны замд орлоо. Нэгэн хар уулыг өвөрлөн өгсөж баруун талаар нь ороогоод, шаанги (ахидаггүй гэсэн хэлц үг) замтай багахан хөндий туулж Бургастай гол руу орж ирлээ. Голоо гарч 5 орчим км өгсөөд уулын ам руу орж хоржигнох уулын горхины эрэгт буудаллаж үдийн хоол идэв. Эндээс давааны өгсүүр ерөнхийдөө эхлэнэ.
Энэ өдөр Увс аймгийн Түргэн, Сагил, Бөхмөрөн, Ховд сумын нутаг дамжин 117 км аялсан.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ГУРАВ ДАХЬ ӨДӨР
7 сарын 31. Увс аймаг, Ховд сум
Харгана бударгана бүхий уулын цэлийсэн хөндий, айл амьтан мал хуй ер харагдахгүй, хааяа нэг машин тэрэг дүнгэнэн уйтгартай урагшилна, шумуулнаас дайжсан нутгийн айлууд Олон нуур руу нүүж өндөр газар зусдаг гэнэ. Хотгорын уурхай зорих салаа олон замууд ... Ачит нуур тайван цэлэлзэнэ. Энэ дунд 2 байшин, нэг агуулах, 20-иод пүнз бүхий бяцхан багийн төв. Сахиулын гэрт өглөө хамт цайлаад 7.10 цагт замдаа гарав.
Алсын өгсүүрт дэржигнүүртэйхэн замаар түжигнүүлсээр улаан өнгийн хад чулуу бүхий томхон гүвээ давлаа. Эндээс Ачит нуур сайхан харагддаг юм билээ. Бас усны шувуудын жаргалын орон гэлтэй. Бид хун шувуу харсан. Нуурын баруун эрэг даган уруудаад Усан хоолойн гүүрээр гарч, дэрстэй хоолой туулан замын гуанзанд (асхана) 9.15 цагт ирлээ. Ингээд Баян Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оржээ.
Нүүрсний автомашины жолооч нар энд голдуу амарч цайлдаг гэнэ. Бид хоол идэж амраад эндээс 35 км зайд орших Ховд голын хавцалын чиглэлд өгсөн жийв. Зам нь чулуу ихтэй, алсын өгсүүртэй, шаварлаг зөөлөн хөрстэй байлаа. Намхан уулсын дөрвөн хөндий өгсөн туулж 14.00 цагийн үед хавцалын замд орлоо. Салхиа харж харьцангуй задгай газар бууж хоол хийж идэв. Ховд гол өргөн бас ширүүн урсгалтай байлаа. Эндээс Өлгий хот руу 45 км зайтай гэнэ. Голоо өгсөн хавцалын замаар, дэнжийн өгсүүр уруу, нүүрс ачсан том автомашинтай урд хойноо орон жийнэ.
Салхи яг урдаас хүчтэй салхилах мөчид бид хавцалаас гарав. Миний хойд дугуйны 5 хэгээс хугарсан тул санжигнан гуйван эргэж, жолоо булаана, хурд уналаа. Хамтдаа 6-8 км цагийн хурдаар сүүлийн 20 км замыг туулсан. Зам нь чулуу ихтэй, яг л Гачууртын Шар хоолойн зам шиг байсан. Өлгий хотод 19.30 цагт ирлээ. Хотын захад гишүүн Медетбек анд унадаг дугуйтай угтаж авлаа.
Энэ өдөр Баян Өлгий аймгийн Ногооннуур, Бугат сумын нутаг дамжин 100 км аялжээ.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ТАВ ДАХЬ ӨДӨР
8 сарын 2, Баян Өлгий аймаг, Өлгий хот
Аялагч гишүүн Ж.Медетбэк (102) дүүгийн гэрт сайхан амарч хоноод өглөө 8.00 цагт Ховд хотын зүг гарлаа. Биднийг Өлгий хотын цагдаагийн пост хүртэл дугуйчин дүү минь гаргаж өгөв. Мөн аялагч гишүүн Энхтөр (203) анд бидний аялалд санхүүжилт илгээсэн мэдээ авлаа. Дүүдээ маш их баярлалаа.
Хөндий уруудан зүүн урагш эргэж Хашаатын хөтөл рүү өгсөв. Зам засвар явагдаж байсан ч биднийг засмалаас буулгалгүй явуулсаар байв. Хөтөл уруудан 12 орчим км зам туулаад Дэлүүн сум руу салдаг замд байрлах гуанз дээр Өлгий хотоос гараад 127 км зам туулаад ирлээ. Эндээс Ховд хот хүртэл 97 км байдаг. Энэ өдөр үнэхээр замын гуанзны зай хол байлаа. Бууз идэж, казах сайхан цай ууж амраад 18.30 цагт хөдөллөө.
Зам ч уруу болоод бид ч 30- 35 км цагийн хурдтай урагшилж Хонгио голын гүүрээр гарч Шургын голын дэлгүүрээс хальт ундаа уугаад Хөх чулууны хөтөл давав. Харанхуй болсон тул гэрэл чийдэнгээ асааж, эртний анд шумуулаар дэмжүүлэн урагшилсаар Буянт голын дараалсан хоёр гүүр гарч нэгэн хөтөл даван Ховд хотод 23.30 цагт ирлээ.
Шар тэмдэгтэй гишүүн Т.Баярсайхан (038) андын дүү биднийг тосон авч зочид буудалд буулган, амттай хоолоор дайлсан билээ. Ховд хот д.т.д 1416 м өндөрт оршдог юм байна. Энэ өдөр Баян Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын нутаг дамжин 224 км зам тууллаа.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ЗУРГАА ДАХЬ ӨДӨР
8 сарын 3, Ховд аймаг, Ховд хот
Урьд шөнө дунд зочид буудалд бууж, 02.00 цагт унтсан тул, Ховд хотоос 11.45 цагт гарч 9 км өгсөн Том овоо дээр ирлээ. Эндээс Хар ус нуур (талбайн хэмжээгээр Монгол орны 3 дахь том нуур) толийн харагдана.
Цааш харин алсын урууд урамтай жийлээ. Удалгүй Хар ус нуурын байгалийн цогцолбор газрын хаалга дээр ирэв. Жаргалант хайрхан уул сүр бараатай харагдана.
Шаврын амны өгсүүр 10 км үргэлжилээд уруудан, Шар хадны дөрөлж өнгийгөөд Манхан сумын булангийн овооны гуанз-нд хооллож амраад 17.15 цагт хөдлөв. Сэнхэрийн голын гүүрээр гарч Ишгэн толгойн хажуугаар гарч Манханы хар үзүүр эмжин уруудлаа. Замд цагаан ачааны микро зогсон жолооч залуу, бидний унадаг дугуйгаар бахархан бандгар боодолтой хиам өгөөд, Цэцэг сум руу давхин одов. Баярлалаа, нэрээ хэлээгүй дүү минь. Цааш алсын уруу замд бахдалтай гүйлгэж (60 орчим км урт) Зэрэгийн хаяаг туулан, Сайрын амны гүүрээр гарч Зэрэг суманд 20.45 цагт ирлээ.
Энэ сум д.т.д 1160 м өндөрт байрладаг юм байна. Бид энэ өдөр 300 м өндрөөс "унажээ". Зэрэгийн шумуул гэдэг аргагүй хүн бүрийг айлгадаг гэдгийг биеэр мэдрэв, сумын төв нь яг шумуулын голомтд байрласан тул бид Алтан тээг зочид буудалд буулаа.
Энэ өдөр Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын нутаг дамжин 145 км зам туулжээ.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ДОЛОО ДАХЬ ӨДӨР
8 сарын 4, Ховд аймаг, Зэрэг сум
Халуун өдөр болох шинжтэй. Зэрэг сумаас 8.30 цагт гарлаа. Мээрэнгийн гол, Эхэн багийн хажуугаар гарч, араас дэмжин үлээх салхинд урамтай жийж явлаа. Харин халууцаж байсан нь дамжиггүй. Зэрэг сум нь Бумбат хайрхан, Баатар хайрхан уулын хөндий дагуу байрладаг. Сумаас гарч явахад хээржүү говийн хэв шинж бүхий бударгана, шаваг харагдаж, бас зам дээр хонин гүрвэл гүйлдэж байв.
Дарви сум орохоос 20 км дутуу байхад танихгүй мотоциклтой залуу бидэнд цаасан ууттай алимны жүүс өглөө. Ямар гоё амт вэ, анд нар хотоо санаж байна шүү. Замын анд, нэрээ ч хэлэлгүй явсан эрхэм залуу танд баярлалаа.
Үдээс өмнө 11.30 цагт 63 км зам туулаад Дарви суманд ирэв. Маш тохилог, саруул, хоол сайтай Бумбат зоогийн газар хооллов. Наагийгийн хойд дугуйны хоёр хэгээс тасарсан тулд энд засвар хийв. Жин үдийн халуунд цааш замдаа гарав.
Аяллын хэмнэлд 40 минут жийгээд, ус шингэн ууж амсхийгээд, дахин 40 минут жийх өөрчлөлт оруулав. Унадаг дугуйн жийлтийн салхиар өөрсдийгөө сэрүүцүүлж явлаа. Замд таарах автомашинууд бидэнд ус өгч байлаа.
Манай багийн аялагч гишүүн Г.Бат Оргил Хүйсийн говийн замд аялагчийн ногоон тэмдэгийн болзол хангаж бид баяр хүргэлээ. Тэнгэрийн хаяа, замтай нийлэх хязгаарыг эвхэн жийсээр Говь Алтай аймгийн хил нэвтэрч 22 км яваад Далантүрүү гэдэг нэртэй газар нутгийн айлд буулаа. Энэ газар нь Ховд аймгийн Дарви, Говь Алтай аймгийн Баян Уул, Хөхморьт, Шарга сумдын бэлчир буюу уулзвар цэгт байрладаг гэнэ. Энэ өдөр 145 км замыг бид тууллаа.
21 АЙМАГ II АЯЛАЛ, НАЙМ ДАХЬ ӨДӨР
Говь Алтай аймаг, Баян Уул сум, Далантүрүү
Хүйсийн говийн төвд байрлах Далантүрүү хэмээх нэг гэр, гурван шавар байшинтай бяцхан суурингаас өглөө 8.30 цагт хөдөллөө. Халуун өдөр үргэлжлэх шинжтэй. Салхи тогтуун.
Тэртээ алсад тэнгэрийн хаяа эмжих уулсын орой нам толгод мэт цухалзана. Сүр бараатай өндөр уулс аль хэдийн ард хоцорч бараагүй болжээ. Хүйсийн говь нь булаг шанд элбэгтэй, ногоон хивс дэвссэн мэт ногоорчээ.
Нам толгодын алсын өгсүүр үргэлжлэн тонгойход Шаргын говийн зах орж ирлээ. Газрын байдал чулуурхаг болж, өвс ногоо ч тачир болж эхлэв. Жийлтийн мэдрэмжээр өгсөж, уруудаж байгааг мэдэрч байлаа. Улаан тээг хэмээх газраар дайрч 72 км зам туулаад Ээвийн буудал руу сүнгэнэтэл уруудаад 1.30 цагт ирэв. Хоол идэж амраад 14.30 цагт хөдөллөө. Эндээс Алтай хот хүртэл 82 км гэнэ.
Эрчимтэй жийгээд эхний хоёр цагт 40 км зам тууллаа. Эндээс ёстой "концерт" эхлэв. Баарангийн давааны алсын өгсүүртэй замд борооны үүл уулын оройд хуралдан яг бидний өөдөөс 18 м/с орчим хурдтай салхилав. Энэ газар 1350 м өндөр байв. 30 км өгсүүр газарт бид салхинд "зодуулан" 875 м өндөр аван махийсаар 2225 м өндөр Баарангийн давааг давсан билээ. Даваанаас Алтай хот руу тэгш тал газраар уруудан жийсээр 22.30 цагт ирэв. Алтай хот нь 2092 м өндөрт оршдог юм байна.
Энэ өдөр манай баг Говь Алтай аймгийн Баян Уул, Шарга сумын нутаг дамжин 156 км зам тууллаа. Багийн гишүүдийн бие сайн, унадаг дугуй хэвийн байна.
21 АЙМАГ II АЯЛАЛ, ЕС ДЭХЬ ӨДӨР
8 сарын 6, Говь Алтай аймаг, Алтай хот
Урьд өдөр Ээвийн буудалд хооллож байхад нутгийн залуу Б.Дугар биднийг Алтай хотод хүлээн авч, хонуулна гэж хэлээд замын машинд дайгдан түрүүлээд яваад өгөв. Шөнө биднийг ирэхэд угтан авч Л.Наранцацрал охины гэрт тавтай хонуулсан билээ. Өглөө бидний аялалд амжилт ерөөн гаргаж өгөв. Сайхан сэтгэлт залуустаа баярлалаа.
Сонгодог аргаа хэрэглэн 95 км зам туулаад Дэлгэр сумын салдаг уулзвар дээр 14.20 цагт иррлээ. Замын Гуанз дахин 22 км зайд байгаа тул 4 км уруудан Дэлгэр сум орж хооллов. Тайгам гэдэг сайхан нуур байлаа.
Дэлгэр сумаас зүүн тийш гарч аажим дөхсөөр засмал замдаа оров. Бага зэрэг бороонд цохиулав. Үнээн усны айлууд зам бараадан хоолны газар байгуулжээ. Алтай хотоос гараад 126 км яваад засмал зам дуусав.
Дэржигнүүртэй шороон замаар дондогнуулж, замын автомашины тоосонд будуулан шантралгүй урагшилсаар Тасархай хэмээх газар байрлах хоолон гэрт 19.25 цагт ирж хонолоо.
Энэ өдөр Дэлгэр сумын нутгаар 156 км зам туулжээ.
21 АЙМАГ II АЯЛАЛ, АРАВ ДАХЬ ӨДӨР
8 сарын 7, Говь Алтай аймаг, Дэлгэр сум, Тасархай
Маш их баярлалаа, буян чинь дэлгэрч яваарай гэсэн талархалын үг бидний хоносон гэрийн эзэгтэйг уйлуулчихлаа. Бид 3-ыг явахад араас даллан далалсаар үлдэж билээ.
Нартай тунгалаг өглөө боллоо. Урьд шөнө бороо орсон тул зам чийгтэй байв. Дэржигнүүр зам захлан алсын өгсүүрт цав толгод сүлжин өгсөн, уруудан шамдангуй жийсээр Бороо давс тойромын далангаар гарч ирэхүй ухаа гүвээ үргэлжилнэ. Хүрмэний үүдээр өгсөн давж, шалаар яваад Богд аав уул өнгөрч Цохио хэмээх газар ирлээ. Энд боржин чулуунуудыг шагай мэт цацсан сонин тогтоц байдаг.
Дуусдаггүй гүвээ, харагддаггүй Бууцагаан сум. Өгсөөд л дахиад л гүвээ ... гэсээр 72 км замд дондогнуулан жийсээр 16.00 цагт Бууцагаан суманд ирж хооллов. Замын ажил ид явагдаж байв.
Цааш аяллын зам үргэлжилж Цагаан даваа даван уруудаж маш том уужим өгсүүр хөндийг туулан, Байдрагын голын баруун талын үндсэн дэнжээр залхаж ядартлаа уруудан жийсээр 50 км зам туулан Байдраг голын гүүр дээр ирж хоноглов. Эндээс засмал зам дахин эхлэнэ.
Энэ өдөр манай баг Говь Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын нутаг дамжин, "муухай" шороон замаар 122 км зам туулжээ. Гэрэл зураг авах боломж бололцоо муу байлаа.
21 АЙМАГ II АЯЛАЛ, АРВАН НЭГ ДЭХЬ ӨДӨР
8 сарын 8, Баянхонгор аймаг, Байдраг голын гүүр
Аяллын явцад тохиолдох болзошгүй нэгэн эрсдэл урьд шөнө бидэнд ирлээ. Байдрагийн голын гүүр орчим бяцхан суурин бий болжээ. Манай баг гэр буудалд байрлан оройн хоол хийж идээд амрав. Шөнө дунд бие арзайн халуурч, гэдэс эвгүй болж гарахаас өөр аргагүй болов. Хүний биенээс тийм их шингэн гардгийг анх удаа мэдрэн айлаа. Бас бөөлжлөө. Шөнөдөө 3 удаа боссон. Хоолны хордлого боллоо гэдгийг мэдсэн ч итгэхийг хүссэнгүй.
Өглөө юм идсэнгүй, дотор муухайрч хоол харахаас дургүй хүрнэ. Манай залуус санаа зовож байсан ч бид 8.10 цаг гээд замдаа гарав. Бөмбөгөр сум хүртэл 30 орчим км алсын өгсүүрт жийлээ. Бие сульджээ, 10 минут тутам зогсон хросол ууж урагшилна.
11.30 цагт Бөмбөгөр суманд ирж эмчид үзүүлэн эмнэлэгт хэвтлээ. Дусал тариа ч хийлгэв. Манай 2 залуу Баянхонгор хотын зүг гарлаа. Сайн явж очжээ. Б.Насанбат (113) анд намайг Баянхонгор хотод хүлээхээр болов. Д.Мөнхнаст (088) анд байрлах айлыг зохицуулсан болно. Т.Баярсайхан (038) анд Баянхонгорын найз нар руугаа ярьж, надад Бөмбөгөр сумын хүмүүс цай хоол өгөхөөр болов. Та нартаа маш их баярлалаа.
Эмчилгээ шууд үр дүнгээ өгч байна. Маргааш бас энд өнжинө. Нөгөөдөр Баянхонгор хот руу 100 км жийж үзэн, биеийн байдлаа тандахаар болов. Ийнхүү аялал маань Баянхонгор аймгийн нутагт түр гацлаа. Анд та нартайгаа хамт аяллын замдаа дахин гарахыг юу юунаас илүү хүсэж байна.
21 АЙМАГ II АЯЛАЛ, АРВАН ХОЁР ДАХЬ ӨДӨР
8 сар 9, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум
Эмнэлэгт хэвтэн эмчилгээ тууштай хийлгэж байна. Манай багийн 2 анд Баянхонгор хотод очоод төлөвлөгөөний дагуу нэг гишүүн УБ хот руу унаагаар явлаа. Нэг гишүүн намайг 2 хоног Сүхбат андын гэрт хүлээх боллоо. Аялалд гацаа гарсан ч үргэлжлүүлэн аялахад бэлдэж байлаа.
21 АЙМАГ II АЯЛАЛ, АРВАН ГУРАВ ДАХЬ ӨДӨР
8 сар 10, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум
Хордлогын эмчилгээ тайлагдаж, миний бие хачин сайхан хөнгөн байлаа. Нартай цэлмэг өглөө болов. Бие тавиун жигд хурдаар урагшилан Хөх толгойн баг дээр хар шөл уучихаад Долоодын ам, Лодойн ам, Бавцайн ам, Зодохын ам, Гөвшихийн амны хойгуур өгсөн уруудан, Халзан хайрхан, Уран хайрхан өнгөрч 65 км зам туулан Нарийний гол дээр 12.00 цагт ирлээ.
Зураг аваад Бээжин- Парис хотын чиглэлд аялаж буй Франц дугуйчинтай таарч тэврэлдэн зураг аваад саллаа. Одоо Баянхонгор хот ороход 30 км үлдэв. Алсын өгсүүр замд 19 орчим км цагын хурдтай урагшилж явтал ... Араас нэгэн том хүч пинхийн мөргөж ... Би агаарт хөөрөн эргэлдэнэ ...
Баянхонгор аймгийн Баян Овоо сумын цагдаагийн тасагт авто тээврийн ослын дуудлага 12.50 цагийн үед бүртгэгдлээ. Осол Баянхонгор хотоос баруун тийш орших авто замын 30-29 км-ийн шонгийн хооронд болжээ. Унадаг дугуйтай хүн, Toyota Crown маркийн автомашин ослын обьект байлаа.
Одоо 21 АЙМАГ АЯЛАЛ нэгэнт түүх болон үлдлээ. Энэ аяллыг 2018, 2019 онд хийж ийнхүү Баянхонгор аймгийн нутагт дуусав. Аяллын турш бидэнтэй хамт аялаж байсан анд найз та нартаа хязгааргүй баярлалаа. ЗҮГЭЭР Л ЖИЙ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Насанбат | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4962 км |
Г.Бат-Оргил | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1814 км |