Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #6 - ӨРНӨ ЗҮГ 2019 БУЮУ АЯЛАЛ ЭХЛЭХ ЦЭГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/132
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
763 км
Давааны тоо
6
Өндөр авалт
6312 м
Өндөр алдалт
-5875 м
Их өгсөлт
9.7 %
Их уруудалт
-11.3 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2019 оны 7 сарын 21 Ням гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Моносын уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.907556, 106.786611
47°54'27.2"N, 106°47'11.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Олон хоногийх аяллын тойм зураг

ӨРНӨ ЗҮГ 2019 буюу ЭХНИЙ ӨДӨР
Өглөө Моносын баруун уулзварт цуглан аялал 6.05 цагт эхэллээ. Биднийг гаргаж өгөхөөр группийн Ч.Мажигсүрэн, У.Одбаяр, Д.Сонинбаяр, Ж.Ванчинсүрэн анд нар ирлээ. Шар хөвийн дөрөлж, Эмээлтийн нугачаа өнгөрч өгсөөд түр татлаа. Салхи зүүн зүгээс тууж, бидний араас дэмжин ачаатай дугуй урамтай урагшилж байлаа.

Цагаан хөтөл хэмээх бяцхан суурин хүрч унд цай уугаад бид (106 км) саллаа. Анд нар бидний аялалд сайныг ерөөн тэвэрч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн торойн үлдлээ. Энэ дашрамд урьд орой бидний аялалд амжилт хүсэн гишүүн М.Урсгал санхүүгийн дэмжлэг илгээсэнийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлье. Та нартаа маш их баярлалаа.

Атар буюу Баянхангай сумын зам дагуу дэлгүүрээс унд ус базаалаа. Салхинд туугдан Лүнгийн замд орох үед салхины чиглэл өөрчлөгдлөө. Бид зогсолтгүй урагшилсаар Лүн сум өнгөрч Урьхан II зоогийн газар 12.33 цагт ирэв. Хүн пиг, дараалал бараг хаалгаар нь гарчээ. Сайхан сэтгэлт менежер бүсгүй биднийг дугуйтай аялаж буйг мэдэн, шууд л хоол цай авч өглөө. Унадаг дугуй маань бидэнд ийнхүү тусалсан билээ. Нэр үл мэдэх бүсгүй танд баярлалаа.

Хоолны дараа гишүүн Д.Ганбат анд таарч бөөн баяртай уулзалт болов. Бидэнд шууд чанасан кофе чанаж өгөв. Хамтдаа хууч хөөрч тэнд 2 цаг амраад, 14.30 цагт Хангайн даваа руу өгсөх замд орлоо. Дашинчилэн сум хүртэл 90 км гэнэ. Махийлаа даа, өдрийн хамгийн халуун цаг өнгөрсөн боловч пүн хийсэн бүгчим орчинд, наранд шарагдан урагшлав. Хөлс зайгүй урсаж унадаг дугуйн арал дээр дуслана. Хангайн даваа давлаа. Зам засвартай хаасан боловч ажилчид биднийг дуудаж тоос шороогүй замаар явуулав. Бас л унадаг дугуйндаа талархав.

Даваа уруудан Чавганцын хөтөл өнгийн, огцомхон уналт өгсүүртэй хоёр нугачаа давж, Бэрхийн даваа руу өгсөв. Уг нь маш сайхан хурдтай өнхрөх нь урамтай. Дахин хоёр нугачаа давав. Бие сульдаж, ам хуурайшиж ус дуусав. Мал усалдаг худагаас ус авч чадсангүй. Замын эхний автомашин зогсож бидэнд ус өглөө. Уужим өгсүүртэй Долоон давааны мурилзсан замаар махийв. Шөрмөс татаж байна, булчин ч зангирч эхлэв. Манай хоёр залуу эргүүлсээр байгаад гарав. Уруудаж дахин гурван нугачаа туулж Баяннуур суманд 19.15 цагт ирэв. Уулын нугачааны 60 км замыг бараг 5 цаг туулжээ. Тулгаа тавьж хоол хийж идээд 20.30 цагт Дашинчилэн сум хүрэх 30 км замыг туулахаар хөдлөв. Оройн сэрүүн, салхи үгүй харганатай талаар, гэрэл чийдэнгээ асаан жийсээр Булган аймгийн Дашинчилэн суманд 21.50 цагт ирж энэ өдрийн аялал амжилттай дуусав. Манай баг 224 км зам тууллаа. Маргааш Архангай аймгийн Батцэнгэл сум руу зорьно. Аяллын явцын гэрэл зураг авч амжсангүй.

ӨРНӨ ЗҮГ 2019, ХОЁР ДАХЬ ӨДӨР
Аяллын эхний өдөр хөндийн салхи араас түлхэж, бид уулын горхи мэт шуугин урссан билээ. Шөнө 22.30 цаг өнгөрч харанхуй болсон тул Дашинчилэн сумын. Тэс петролиум ШТС-ын эзэмшил газар отоглов.

Өглөө тэнгэр бүрхэг, зүүн талаас салхи хүчтэй салхилж байв. Отогоо хурааж, өглөөний цай хоол хийж идэв. Механик Б.Насанбат (Наагий) ажилдаа орлоо. Миний дугуйны арааг тайлж 2 хэгээсийг галд уяраан богинсгож угсрав, бүх дугуйны гинж тослов. Тиймээс бид нэлээн орой 10.40 цагт Дашинчилэнгээс гарлаа.

Би үүргэвчээ дэлгүүрт мартсан тул Наагий буцаж 8 км зам туулан авчрав. Ийнхүү замаа үргэлжлүүлэн Хар бухын голын гүүр гарах үед бороо шивэрлээ. Номын булаг дээр ирэх үед улам л ширүүсэв. Бид зогссонгүй, өгсүүр уруу гүвээ толгод дамжин жийсээр Авзага хайрханы урд талын замд ирэхэд нэвт норсон байв. Гүвээ уруудан хурдалхад шууд хүйт оргин чичрүүдэс мэдрэгдэж эхлэв.

Одоо болноо, багийн гишүүдээ дулаан газар аваачих хэрэгтэй, ийм үед осголт эхэлдэг билээ. Замаас 300 м орчим зайд Бэрх уулын хойд хөндийд зусах малчин айлд очлоо. Бороо орсоор ... нэг үе ширүүсч ... заримдаа шивэрнэ. Дашинчилэнгээс гараад 55 км явжээ. Хувцас, оймсоо мушгиж эврээв. Тулга, тогоогоо тавьж айлын хойморт гоймонтой шөл хийж идэв. Хоёр цаг орчим амарч, борооны янзыг хараад, гэрийн эздэд талархал илэрхийлээд хөдөллөө. Бороо шивэрсээр ... Цагаан хөтөл өгсөх үед бороо зогслоо.

Хөтөл давж 4 км орчим уруудаад Майхан уул өнгөрөөд Өгий нуурын салдаг уулзвар дээр ирлээ. Цаг 18.30 болж байв. Тэврэлдэн, бие биедээ амжилт ерөөн Б.Батжаргал андыг үдэв. Жаахан гуниг төрж байх шиг, дандаа л тэгдэг дээ. Ингээд бид 2 цааш замаа хөөв, уужим хөндий, урт өгсүүр туулан Шар бандийн гозгорт 19.16 цагт ирэв. Орхон голын татам цэлхийж, усны замагтсан үнэр салхиар дамжин хааяа нэг үе үнэртэнэ. Дэндүү танил голын үнэр.

Орхон голын дэнж даган засмал замаа дуусгаад, дэржигнүүр шороон замд орж Архангай аймгийн Өгийннуур сумын айлд өрөм талх цайгаар дайлуулж, усны савуудаа дүүргэн, замаас холхон орших сэрүүн салхитай довцог бараадан 21.00 цагийн үед отоглож билээ. Хамаг ор дэвсгэр, хөнжил, хувцас чийг авч норсон тул унтахад тухгүй байсан. Энэ өдөр 110 орчим км зам туулжээ.

ӨРНӨ ЗҮГ 2019, ГУРАВ ДАХЬ ӨДӨР
Нар үүлний цаана нуугдсан сэрүүхэн өглөө болов. Хоол цай идэж, отогоо хураагаад 8.10 цагт хөдлөв. Орхон голын бирвааз (перевоз) дээр ирж цаг гучин минутын дараа хүн нь ирж биднийг гарган өгөв. Автомашин ирэхгүй бол мотоциклтой хүн бүтэн өдөр хүлээдэг гэнэ. Гэтэл бидний хэрэг зоригийг сонсон 2 унадаг дугуй тавьсан бирвааз голд хөвлөө. Дахин унадаг дугуйндаа баярлалаа.

Орхон голын өргөн татамаар жийж төдөлгүй дэнж өгсөн Хөх эрэгт зусах айлд цай уулаа. Тэнгэр цэлмэж халж эхлэв. Батцэнгэл сум хүрэх зам даанч их дэржигнүүртэй нөгөө талаар Тамирын голоо өгсөж байгаа тул алсын болон уужимхан өгсүүртэй уулын зам руу орлоо. Хурд уналаа, өгсүүрт 7 км/ цаг, шулуунд 10-12 км/цагийн хурд гарч байв. Харин сэрүүхэн сэвэлзүүр салхи яг бидний өөдөөс салхилсан нь энэ өдрийн аврал болов.

Цагаан эрэг хэмээх хөтөл давлаа. Бас Их буланд зусах айлаар оров. Нохойд хөлөө хазуулаж, аялал дуусах шахав. Сайн гутал өмссөн тулдаа бие бүтэн гарч чадав. Нэг соёоны үзүүр арьсанд хальтан цагаан зураас гаргаж, нөгөө соёо нь гуталнд ором үлдээжээ. Шагайны хамгаалалтгүй гуталтай явсан бол ...

Өдрийн халуун, нөгөө л хурд, дондог зам ... махийсаар Батцэнгэл суманд 15.30 цагийн үед ирэв. Бид 50 км "сонин" замыг 6 цаг туулжээ. Цайны газар хуушуурдаад Их Тамир сум руу гартал баруун хойдын хойд зүг Цацын хөндий өгсөн буруу гарсанаа 20 км яваад мэдлээ. Нар ч буучихлаа, маргааш Уртын булагаар даван Тамирын хөндий руу уруудана гэсэн өөдрөг сэтгэл өвөрлөн Халзан хэмээх уулын горхи хоржигох эрэг дээр 20.00 цагт отоглов. Хамаг юмаа хатааж, аргалын утаа дор оройн хоолоо идэв. Шөнө 22.00 цагийн үед түр зуурын аадар орлоо. Энэ өдөр 84 орчим км зам туулжээ.

ӨРНӨ ЗҮГ 2019, ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР
Нартай тунгалаг өглөө болов. Ачаалаад 7.30 цагт хөдлөв. Урт булагийн ам өгсөн нэг цаг жийгээд давлаа. Ёстой хангайн нэгэн үзэсгэлэнт байгаль байна билээ. Наран хөндий хэмээх нэрэндээ таарсан саруул хөндий уруудан толгой ороон давж Баян уулын хөндий рүү орж ирэв.

Энд Батцэнгэл сумын малчин Х.Самбуу гэдэг залуу гэр бүлд бууж цай, цагаан идээ, өрөм талхаар дайлуулж, хамаг цайг нь "дуустал" савандаа юүлээд хөдөллөө. Агьтын хөндий өгөж уруудан даваад, Баянцагааны хөндийд орж ирэв. Тамирын голын хөндий цэлийж, асгасан шагай шиг айлууд зайгүй буужээ.

Тамирын голын хойд дэнж дагасан шороон замаар дэржигнүүлэн жийж Хан Өндөр багийн төв, хуучин хаягдсан нүүрсний уурхайн хаяагаар гарч, Тамирын голын татам руу орох үед пүн хийсэн халуун боллоо. Огцомхон дэнж өөд махийтал жийгээд гарахад танил салхи урдаас үлээн сэтгэл сэргэхүй дор Их Тамир сум бас наана нь 3 дугуйчин өгсөн наашилж байв. Угтаад очлоо ... танилцаж зургаа авахуулаад саллаа.

Их тамир сум дээр ирж хооллож амрав. Баяртай мэдээ утаснаасаа "сонсов". Манай группийн эгэл гишүүн, анд Х.Баатарсүх аяллыг дэмжин санхүүжилт илгээсэн байв. Групп-ээс зохион байгуулсан 2017, 2018 оны олон хоногийн аяллыг ч ивээн тэтгэж байсан анд чамдаа баярлалаа. Их тамир сумаас гарч 21 км өгсөөд Хоёр даваа давлаа. Давааны оройн ар хэсэг цастай байв. Уруудан баруун зүгийн салхи сөрөн жийсээр Хануй голын гүүр гарав.

Тэнгэр жаахан эвгүйхэн харагдаж баруун урдаас "урих" маягтай боллоо. Цаг уг нь эрт 19.30 болж байсан ч Хануй голын эрэгт отоглож майхандаа хамаг юмаа хийж амжих агшинд бороо асгарсан билээ.

ӨРНӨ ЗҮГ 2019, ТАВ ДАХЬ ӨДӨР
Тэнгэрийн хаяагаар үүл хуралдсан бүрхэг жихүүн өглөө боллоо. Салхи баруун зүгээс овоохон урсаж биднийг цохино. Донгой багийн төвөөр дайрч уужим урт ам өгсөн, салхитай ноцолдон жийлээ. Нэг хэгээс хугарч тоормосны диск хавирч эхлэв. Өчигдөрийн хугарсантай хамт механик Наагий гишүүн, араагаа тайлж 2 хэгээс солив.Бас л галаар уярааж нугалав. Нөөц хэгээс дууслаа.

Зураг 2. Чулуут голын хавцал
Нялайсан алсын өгсүүр дуусалгүй 25 км салхи сөрнө. Овоохон огцом шороон замтай гүвээ давж уруудаад Чулуут голын хөндий рүү орох агшинд нэг хэгээс тасрав. Бэлх баг дээо ирж кола-даж печенье идээд, цааш 12 км жийгээд Чулуут голын гүүрэн дээр ирж өдрийн хоол идлээ. Чулуутын хавцал дээр дурсгалын зураг авахуулаад Тариат сум руу хөдлөв. Салхины чиг хэвээр, хүч нь нэмэгджээ. Шулуун замд 10-12 км цагийн хурдтай урагшилна.

Зураг 3. Андууд

Баруун хойд талаас бороо ирлээ, нөмөр газар хагас цаг орчим хүлээж ажсаны дараа борооны урд үзүүрээр нь жаахан нулимуулаад зөрөөд жийчихсэн. Салхи түр намдсанаа дахиад салхилж, борооны дараагийн давалгаа нөмөрлөө. Цаад үзүүр нь харагдаж байсан тул сөрөөд жийлээ, норлоо, гэхдээ л хохирол багатай гарсан. Ийнхүү үдээс хойш бороотой нуугдаж тоглосоор Гичгэний голын гүүр гарч Тариат суманд 18.00 цагийн үед ирэв.

Манай группийн админ Н.Ууганбаяр андаас аяллыг дэмжин санхүүжүүлсэн баяртай мэдээ авлаа. Анд дүүдээ маш их баярлалаа, захьсан үгийг тань заавал биелүүлэх болно.

Тариат сумын цайны газар хооллож, амарч, чатаар мэдээлэл солилцсоны дараа Цагааннуур багийн зүг гарав. Оройн 20.00 цагт Суман голын урд дэнж дээр отоглов. Халуун кофе ууж, зөөлөн боов идэн Суман голын урсгалыг харан аяллын жаргал эдлэнхэн амарч билээ.

ӨРНӨ ЗҮГ 2019, ЗУРГАА ДАХЬ ӨДӨР
Нартай цэлмэг өглөө боллоо. Салхи ч тогтуун байв. Тэрхийн цагаан нуурын урд дэнж эмжсэн замаар Сөртийн ам болон нуураа дуустал жирийтэл жийж 25 км зам туулаад 9.00 цагт Мөстийн горхийн гүүрээр гарч Цагааннуур баг дээр ирлээ. Наагийгийн ээжийн төрсөн дүү Гэрэлээ эгч, нөхөр Ганболдын хамт биднийг тосож маш сайхан амарлаа. Цагаан идээ, хайлмаг, хоол унд идэж дугуйны хэгээснүүдийг залгаж засаад, хөнжил хувцасаа хатаалаа. Энэ өдөр багийн гишүүн Б.Насанбат "Умард хязгаар" аялагчийн тэмдгийн болзол ханган Шар тэмдэгтэй гишүүн боллоо. Бид 12.30 цагт замдаа гарав.

Бидний дугуйны дөрөө дээр сүү дусааж, араас цацал өргөн хоцрох мөчид монгол зоны нандин энэ уламжлалыг гүнээ хүндэтгэн сэтгэл хөдөлж билээ. Та хоёртоо маш их баярлалаа. Тогтуун салхитай тэгш замаар 25 км цаг хурд барин жийсээр 30 км зам туулан Цахир суманд ирлээ. 1990-ээд онд байгуулагдсан шинэ сум гэнэ. Группийн гишүүн Т.Баярсайхан анд аяллыг дэмжин санхүүжүүлсэн сайхан мэдээ авлаа. Анд минь чи түргэн эдгэж, намар очиход унадаг дугуйтайгаа хүлээж байгаарай. Маш их баярлалаа.

Зураг 4. Солонготын давааны замд өвөлтэй уулзав
Замд зурвас бороотой таарч нөмөрт нуугдан өнгөрөөлөө. Шууд л даваа зүглэх замдаа оров. Хорь орчим км өгсүүрт засмалаар жийгээд, Солонготын голын гүүр гарч шороон зам бүхий үндсэн өгсүүр эхлэв.

Давааны замыг боломжийн засжээ, өргөн ч юм. Зарим хэсэгтээ энхэл донхол байсан. Амсхийлтгүй өгслөө, огцом үгүй боловч аргагүй л өндөр даваа тул сүрдэн хүндэтгэн эргүүлж явлаа. Эхний хяр дээр гарч яльгүй уруудан дараагийн өгсүүрт махийх мөчид ширүүн мөндөрт дайруулав. Шалба, нэвт норлоо. Агаарын хэм 18-аас шууд 3 руу унасан. Бид 2 цас мэт хунгарлах мөндрөн замаар дахин 2 км өгсөөд алдарт Солонготын даваа дээр гарав.

Зураг 5. Солонготын даваа дээр
Давааны уруу шороон замд бие жихүүцэн чичирч, хуруугүй бэлийтэй гар мэдээ алдана ... түр зогсов. Жаал дулаацаж гол ороод уруудахад засмал зам ч ороод ирэв, тэр чигт нь тавьж 39-51 км цагийн хурдтай 30 км уруудсан болно. Цэцүүхийн голын хөндийгөөр жийсээр Идэр голын хөндийд ирж Хонгор баг өнгөрөн гол өгссөн дэнжийн замд оров. Их уул суманд 19.30 цагт ирж, буудалд буулаа. Энэ өдөр 158 км зам туулжээ.

ӨРНӨ ЗҮГ 2019, ТӨГСГӨЛИЙН ӨДӨР
Улаанбаатар хотоос Өрнө зүг чиглэсэн олон хоногийн "бичил" аялал 7 хоног үргэлжлэн амжилттай дууслаа. Манай баг унадаг дугуйгаар УБ- Лүн- Дашинчилэн- Батцэнгэл- Их тамир- Тариат- Цахир- Солонготын даваа- Их уул- Тосонцэнгэл чиглэлээр 780 орчим км замыг 6 өдөр тууллаа.

Тосонцэнгэл сумаас автомашинд ачигдан, Увс аймгийн Улаангом хотод өнөө өглөөний 4 цагт ирлээ. Одоо бид Энхээ андын гэрт амарч байна. Маргааш хотоос ирэх сэлбэгээ авч засвар хийгээд нөгөөдөр өглөө "21 АЙМАГ II” аялал албан ёсоор эхлэхийг мэдэгдье.

Бидний аялалд аялагч гишүүн Д. Ганболд, эгэл гишүүн И.Бямбахүү нар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн мэдээ хүлээн авч маш их баярлалаа. Аяллын замд цаг үргэлж бидэнтэй хамт аялдаг хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Насанбат Э.Ожго
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Насанбат Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3663 км
Зүгээр л жий!