Гүнтийн даваа нь группийн аяллын түүхэнд хамгийн олон удаа нааш цааш давсан, бидний дуртай чиглэл билээ. Газарзүйн нэршилийн хувьд Хужиртын даваа гэдэг нэртэй. Жинхэнэ Гүнтийн даваа нь энэ даваанаас урд зүгт их ойрхон яг ой модон дундуур давсан байдаг. Одоо айлын зуслангийн хашаа хороонд хаагдаад энэ давааны зам мартагдаж, нэр нь хүртэл өөр даваа руу "шилжсэн" юм билээ.
Энэ даваа нь зүүн урд, зүүн талаасаа Сэлбийн голын гүүр (дтд 1418м)-ээс дээш 6 км зай туулан, 246 м өндөр аван даваа (дтд 1664м) дээр гарна. Давааны дээд хэсгийн зурвас хэсэг өргөн шороон замтай. Харин баруун талаасаа Хүйн хөндий (дтд 1226м)-гөөс эхлэн 15.1 км зай туулан, 438 м өндөр аван даваа дээр гардаг.
Шижирийн даваа нь баруун хойд талаасаа Шижир баг (дтд 1279м)-аас дээш 9,7 км зай туулан, 358 м өндөр аван даваа (дтд 1627м) дээр гарна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хавар намрын улирал яг л ааш нь олдохгүй хүн шиг, үе үе хувьсаад л тэгсэнээ налайгаад л, улиралын онцлог юм. Судалгааны аяллын өдөр нойтон цасаар нүдэж, агаарын хэм огцом унаж, хүйтэн салхи хамаг бие хөлдөөх гэж байсан өдрийн дурсамжаас өөр юу ч үлдсэнгүй. Намрын шар нарсан налайсан өдөр болох төлөвтэй. Жигжидээс гараад Гүнтийн даваа руу өгсөн жийлээ. Манай баг 8 хүнтэй байв.
Даваа дээр татахад тохиромжгүй (хойд бэл өгсөн тавьсан төмөр шат бараадан татахаар замын автомашины тоосонд булагддаг, мөн ганц нэг автомашин яг тэнд зогссон байх бий) байдаг тул ер нь энэ давааны орой дээр групп таталт хийхээ больсон юм. Шууд л урууддаг. Энэ аяллаар түр амсхийгээд болгоомжтой уруудаарай гээд хөдөлсөн. Тухайн үеийн зам засвар, арчилгааны байдлаас болоод уруудах зам янз бүр байдаг боловч ер нь осолтой уруу шүү.
Манайхан гялалзтал уруудаад доод автобусны буудал дээр хэлсэн ёсоор "соёолон"-гууд татсан байв. Хамтдаа уруудан явсаар засмалаас салж Шижирийн ам руу нүцгэн уулын урд бэл даган хөвөрсөн салаа замаар өгсөж уруудан жийлээ. Шижир баг дээр ирж ээвэр газар татаж хоол цай ууж идэн амарлаа. Хүүхдүүд маань, уулын дээрээс нэг downhill хийе гэж байна. тэгэлгүй яах вэ, тогло гэлээ. Хажуу толгой өөд манай соёолонгууд дугуйгаа үүрч гараад л, чулуу тоос болон уруудаж байна шүү. Үсэрч харайж байна, эмээлийнхээ хойно сууж байна, дөрөө дээрээ босож байна, татаж түлхэж, шарваж налуулж байна үнэхээр гарамгай техник эзэмшсэн нь харагдаж байлаа.
Тайван амарч аваад, Шижирийн ам өгсөн баруун салаагаар нь салж, Шижирийн даваа руу махийлаа. Дээд жалга гараад тоосгон суурьтай хашааны өнцөгт нэг татаад цааш өгсөв. Гишүүн Энхбаатар энэ өдөр гялалзтал жийлээ, тээр урд тасарч жийсээр байгаад давааны наад талын гүдэн даваад алга боллоо. Даваан дээр гарч бие биедээ баяр хүргэн, дурсгалын зургаа татуулсаны дараа даваагаа хярлан уруудаж Найрамдал зуслангийн засмал замдаа нийлж, хотын зүг явсан билээ.