Группийн түүх: Энэ жилийн II улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр ХТГ Н.Төгөлдөр (зураг 5) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө товлосон газраа цуглан жийл 9.15 цагт эхлэв. Манай багт 21 дугуйчин (3 эмэгтэй) нэгдлээ.
Баянтөхөмийн амны айлууд дундуур жийсээр аажмаар Гүнжийн хоолойн шороон замд оров. Тэнгэр хэсэг бусаг үүлтэй байсан тул нарны сарнимал цацрагын туяан дор, салхи нь бараг үгүй "бүхчим" орчинд бага зэрэг халууцан Баянтөхөмийн амны зүүн салаа өөд өгсөн жийлээ.
Хамарын даваа гэж нутгийнхан нэрлэсэн давааны "цагаан" замаар өгссөөр даваа дээр 11.40 цагт гарав. Модны сүүдэрт тухлан, агаарын цэвэр, сэвшээ салхи, хангайн үзэмжийг магтан үдийн хоол идэж амрав. Энэ үед хотоос оройтон гарсан нэг гишүүн маань бидэн дээр ирсэн. Модон дундуурхи замаар даваа уруудан хяр дээр гарч ирээд цааш огцомхон уруу болгоомжтой бууж, уулын шороон замаар тоос татуулан "ниссээр" Урд Баян голын ам руу орлоо. Улиастай голын модон дунд саатан, голын усанд орж, усаар байлдан хөгжилдөн амараад 13.20 цагт УБ хотын зүг гарлаа. Улиастайн айлуудын гудамжаар орж иртэл пүн хийсэн халуун нөмрөн авав. Дүнжингаравын дугуйн замаар жийсээр хотод 15.00 цагт ирж жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 67 км. Бидэнтэй анх нэгдэн аялсан А.Оргил, аялагч гишүүн болсон У.Найданцэрэн (204), О.Маралгоо (205) охин, цуваагаа хамгаалан найдвартай цоожилсон Хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) болон багийн нийт анд нартаа талархал дэвшүүлье. Жийлтийн явцын зургийг Хөх тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) авсан болно.