Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группийн Бямба гаригийн аяллыг "хойшлуулан", Ням гаригт Мерида УБ клубын аялалд нэгдэн хамт аялахаар болсон билээ. Өглөө манай багийнхан Гацуурт сууринд цуглаж 9.30 цагт аялал эхлэв. Нийт 25 дугуйчин, арын албаны 3 хүн нэг автомашины хамт аялалд оролцов.
Шар хоолойн ам өгсөн салхи сөрж жийсээр дундаа нэг таталт хийгээд шууд л Шилжрэнгийн даваа руу зүтгэлээ. Салхи араас дэмжин даваа өөд манай багынхан жийсээр 13.00 цагт гарлаа.
Давааны өвөрт модон дунд нөмөр газар арын албаны баг буудаллаж хонины халуун хорхог хийж байлаа. Халуун кофе, цайгаар Мерида клубын аяллын менежер Ч.Нэмэхбуян бүсгүй биднийг дайлж, удалгүй тос даасан халуун чулуу, тэгээд сайхан амттай мах бэлэн болов. Андуудын хөгжилтэй яриа ой модон дунд цуурайтан, нөхөрсөг нэгэн халуун бүл үдийн хоол идэн тавтай амарлаа. Даваа уруудсан ширэгтэй замаар сүнгэнэтэл өнхөрсөөр нам газар ирж таталт хийлээ. Нэг гишүүний дугуй хагарсан байв. Бүгд урд, хойд сүмбэн голоо шалгаж, дугуйндаа хий нэмэж бяцхан засвар хийгээд араас бас хажуугаас жишүүдүү салхилах салхины аясаар Их хуандий ам уруудав. Хар хошуугаа тойрч Гацууртын Монгол шилтгээний талбайд 14.10 цагт ирэв. Автомашинтай гишүүд урд салхи авч биднийг хамгаалан, Гацууртын замаар хоёр эгнээ болон жирийсээр Дүнжингарав дээр 15.20 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 80 км. Замын ангилал 2А. Өнөөдөр аялагч гишүүн болсон С.Энхсайхан (203), бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүн Б.Мөнхбат, А.Батболд, аяллын цувааг итгэлтэй цоожилсон аялагч (бас гэрэл зураг авсан) гишүүн Б.Батбаатар (186), үүрэгт ажлаа чадмаг гүйцэтгэн аяллын агшинг мөнхөлсөн Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Хүн бүхэнд баяр бэлэглэсэн сайхан аялал боллоо.