Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өнгөрсөн шөнө бага хэмжээний цас орсон тул өглөө жаварлаг байв. Аялал 9.10 цагт эхэллээ. Хойд зүгээс салхилах хүчтэй салхины эсрэг жийсээр Жигжид улмаар Майхан толгой хүрч, салхинаас "саллаа". Манай багахан цувааг группийн гишүүн У.Одбаяр (055), Г.Түвшинтөгс (067), Э.Уянга (074) нар автомашинтай Майхан толгой хүртэл гаргаж өгөв. Манай баг 10 дугуйчинтай байв.
УБ хотын хойд хэсгээр урьд шөнө цас ороогүй байлаа. Дугуйчдын даваа хүртэл зам хуурай байв. Даваан дээр амсхийгээд уруудан Зүүн Ацын даваа руу өгсөх замд оров. Энэ давааны орой нь тэгшивтэр, ой модоор хүрээлэгдсэн маш том талбайтай юм билээ. Ёстой л бөөнөөрөө ирээд майханаа бариад "хэвтчихмээр" ... Зүүн Ацын даваа уруудан ой мод дундуур км орчим үргэлжлэх тун боломжийн замаар "шарика"-дсаар Халзангийн аманд ирлээ. Бидний олон аялал энэ ам руу урууддаг байсан бол энэ удаа өгслөө. Манайхан ч махийтал жийсээр Хадлангийн давааны наад талын хяр дээр буудаллаж үдийн хоол идэв. Зам үргэлжлэн Хадлангийн даваа даваж Санзай руу уруудан засмал замтай нийлж, араас түлхэх салхины аясаар жирийтэл жийсээр УБ хотод 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 72 км. Замын зэрэглэл 2В. Бидэнтэй хамт нэгдэн аялсан шинэ гишүүн С.Алтанбагана, С.Энхсайхан (хоёр дахь удаа), аяллын гэрэл зурагчин Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олондоо талархал илэрхийлье.Жич: Энэ замаар олуулаа дахин аялал зохиох саналыг гишүүд маань хэлж байсан болно. Уулын дугуйны сонгодог зам.