Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #4 - СЭЛЭНГЭ АЙМАГ 2019 БУЮУ БУГАНТ ТОСГОН, ЕРӨӨ СУМ, СҮХБААТАР ХОТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/120
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
272 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2805 м
Өндөр алдалт
-3120 м
Их өгсөлт
13.5 %
Их уруудалт
-12.6 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2019 оны 5 сарын 5 Ням гараг, 10:20 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Үнэгт өртөө
Цуглах цэгийн солбицол
48.797528, 106.712833
48°47'51.1"N, 106°42'46.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Олон хоногийн аяллын тойм зураг

ЭХНИЙ ӨДӨР
УБ- Үнэгт чиглэлийн галт тэрэгний тасалбар авч, тээшинд дугуйгаа ачиж, вагонд сууж 10.45 цагт хөдлөв. Группийн хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069) анд намайг гаргаж өгөв. Би гэрэлээ мартсан тул андаас гэрлийг нь авав.

Үнэгт өртөө дээр 14.10 цагт буугаад 14.30 цагт аялал эхэллээ. Тэнгэр цэлмэг, нар шарсан өдөр болов. Төмөр замын баруун талаар 6 км орчим голын хөндийгөөр жийж нүхэн гарцаар гарч, хойд зүг чиглэн Шивэрийн ам руу орлоо. Зам сайхаан, салхи хажуунаас, айлын ноход боргоно, алсад сүндэрлэх модтой уулсыг чиглэн Саалинчит голын зүүн талын дэнжийн замаар жигд эргүүлэн урагшилав.

Зураг 2. Үнэгт өртөө дээр бууж төмөр зам даган жийсээр аяллын гараа эхлэв
Уужим хөндий аажмаар хумигдан голын зүүн дэнжийн зам шахаа руу хөтлөнө. Чулуу, шавар, зөөлөн хөрстэй зам руу намайг шахав. Дондогнуулан түжигнүүлсээр гурван шахааг гарав. Хурд уналаа. Одоо болно, баруун талын дэнж дээгүүр зурайх төв замтай нийлэх цаг боллоо. Саалинчит голын нэг салаа гарч хойш чиглэх бүдэг зам авлаа.
Зураг 3. Нутгийн хүү, аяллын замд таарав
Дугуй унасан 8 настай хөөрхөн хүүтэй таарч гинжийг нь тослож танилцав. Том болоод таньтай хамт аялалд явна гэж хэлээд үлдэв. Голын сав дундуур нөгөө зам маань өгссөөр үндсэн гол гарч төв замтай нийлэв. Уулын бараа ойртсоор ... дөхөөд ирлээ дээ. Эхний өгсүүрийг нь жийчихлээ. Одоо л огцом эхлэнэ дээ гэж бодсон чинь жийсээр байгаад Уртын даваа дээр гарчихлаа. Цаг 17.30. Давж үзээгүй даваа дээр ийнхүү "зөөлөн" жийсээр гарсан тул хирэндээ их баярлав.

Зураг 4. Уртын даваа
Даваа уруудан харин ч нэг залхтал өнхрөв. Ялбаг гол руу ороод ирэв. Хойшоо салж голоо даган бас өнхөрлөө. Шавар жаахан их, заримдаа зам бүхлээр нь эзлэн цэлэлзэнэ. Дайны талбарт орсон мэт Ялбаг голын голдрил сүйрсэн харагдана. Даанч дээ гэж бодохуй, нүдний нулимс гарах шиг чийгтэнэ. Уруудах тусам уулын ам бүрд энэ байдал давтагдаж зүрх шимширнэ. Хар модны уужим ам яг л шороон овоолго болон энд ч тэнд ч ванн-тай ус мэт бохир тойром үүсэж, хайрга чулууг нь булш мэт овоолжээ. Аялах гэсэн бадрангуй бодол харамсалаар солигдон ... яагаад ч юм ундууцал төрөн, хэн нэгэнд хорсох шиг мэдрэмж төрнө.

Зураг 5. Ерөө гол цэлэлзэн урсана. Ялбаг гол урд талаас нь цутгана
Ерөө голд тулаад ирэв, Ялбаг голын цутгал нь улаан хүрэн устай тул Ерөө голын энэ хэсэг булингартана. Гол уруудан жийсээр яг л товлосон газраа 19.50 цагт ирж отоглож билээ. Шөнө хотод байгаа мэт алтны уурхайн техникүүд тасралтгүй дүнгэнэн "унтуулсангүй". Энэ өдөр 58 км жийсэн.

ХОЁР ДАХЬ ӨДӨР
Өглөө эртлэн босож цайгаа чанаж, хоолоо хийж идээд, отогоо хураан 7.00 цагт хөдлөв. Хангай гол устай газар дэлгүүрээс авсан цэвэр ус хэрэглэж байгаадаа өөрөө ч гайхав. Ерөө голын уснаас ууж, нөөцлөх боломжгүй, үнэхээр "айлаа". Байгаль дэлхий ийм ч болох гэж дээ хэмээн өчигдөрийн мэдрэмж дахин төрөх нь харамсалтай.

Зураг 6. Цонгоын даваа өгсөх замд. Эндээс давааны орой тун ойрхон
Ерөө голоос салан Цонголын давааны замаар орж 6 км яваад урд дугуй хагарав. Нөхлөө. Хагархай нь олгойн дотор талд хэгээс талаас байв. Нягталлаа, олгой заадлаараа задарсан байв. Цэлмэг тэнгэр, халуун нар шарах бололтой. Эрчтэйхэн шиг давааны замаар махийлаа. Санасныг бодоход тулаад ирлээ дээ, сүүлийн гурван хэсэг огцом дээр түрлээ. Нэвт хөлрөв. Мөнхнастын "захьсан" шувууг бус өөр Гургуул шувуу харав. Дорго шиг гүйгээд байх юм билээ. Цонголын даваа дээр 9.45 цагт гарлаа.

Зураг 7. Цонголын даваанаас уруудах замд
Уруудах зам нь харин ч нэг "тамын шоо" байв. Гүн ховил, шавар ус, мөс цас, халиа, шоржигнон урсах бохир горхи бүхий замаар зүдэргээтэй уруудана. Бага Ажирын гол бас л "бөмбөгдүүлжээ". Хээр голын голдирол, шавар ус, торлог дунд хаясан эзэнгүй трактор, эксковатор харагдана. Хүн айл амьтан алга. Зовлонтой урууг дуусган хөөрхий Ерөө голтойгоо ахин уулзав. Зам бүр ялбайгаад шавар дундуур туучлаа. Урд ацны завсар бөөн шавар хурж урд дугуй эргэхгүй болов. Гурван удаа цэвэрлэв. Дугуй хар яр дуугаран хамаг юм шавар болон урагшилна. Араа бол солигдож байсан.

Зураг 8. Нарийн даваа дээр гарч ирлээ
Маш том алтны уурхайн дундуур гарч Нарийн даваа (нутгийнхан 20-ын даваа гэдэг) руу өгсөв. Ой дундуурхи замаар 10 орчим км өгсөх учиртай. Ус дууслаа. Замд харин автомашин овоо таарах юм. Хүмүүс байгаа бүх усаа өгөөд л сайн яваарай гэж намайг үднэ. Мотоциклтой 2 залуу намайг Цонголын даваа даваад ирсэнийг мэдээд эгээ л унаанаасаа унасангүй. Нарийн давааны өгсүүр үнэхээр дуусашгүй мэт сунайна. Жийлээ, болилоо түрлээ. Сүүлдээ 5 алхаад зогсоно. Уг нь зам нь даваа нь маш сайхан. Зүтгэсээр байгаад 12.45 цагт даваа давав.

Зураг 9. 10-ын даваанаас уруудан Ерөө голын хөндий зорих шулуун зам
Даваа уруудан сүнгэнэтэл уруудав. Дугуйнд наалдсан хатсан шавар ийш тийш нисэлдэнэ. Болгоомжтой явахыг сануулан бага сага ховил, чулуу, шавар таарч байв. Уулаа энгэрлэн яльгүй өгсөөд дахин уруудаад 10-ын давааны өгсүүр эхлэв. Даваа дээр 13.30 цагт гарав. Уруудаад Ерөө гол дээгүүр тавьсан Бугантын "улаан" гүүр хүрэв.

Зураг 10. Бугант тосгоны Ерөө голын улаан гүүр
Бугант тосгоны захад Сэлэнгэ аймгийн дугуйчин дүү Б.Гантуяа маань дугуйгаа унан хүйтэн Cola, идэх юмтай намайг угтаж билээ. Дугуйчин бидний жаргал ийм л энгийн хамгийн амттай гэдгийг би дахин ойлгосон юм. Энэ өдөр 53 км зам туулав.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР
Бугант тосгонд хагас өдөр дүүгийндээ маш сайхан амарлаа. Өглөө 9.30 цагт дүүтэйгээ хамт Бугантаас гарлаа. Ерөө голын зүүн дэнж дагасан шороон замаар уруудаж Ходоод багийн төвөөр дайрч жийлээ. Нарсан ой, хар шороон хөрс, уудам хөндий гээд Сэлэнгэ аймгийн сайхан байгаль нүд баясгана.

Зураг 11. Аяллын II дахь шат Бугант тосгоноос эхлэв. Аяллын анд дүүтэй болов.
Аяллын замын эхний даваа эхэллээ. Эмээлийн бүүрэг мэт ойрхон орших даваануудыг нутгийнхан Хоёр даваа гэж нэрлэдэг. Эхний даваа даваж уруудан ой модон дундуур уулын бэл эмжих тахир замаар дараагийн даваа руу өгслөө. Дүү маань маш сайн дугуй унадаг гэдгийг мэдлээ, цааш аялах итгэл ч төрлөө. Энэ даваа нь Булгийн даваа гэдэг нэртэйг замын мэдээлэх самбараас олж мэдэв.

Зураг 12. Сэлэнгэ аймаг. Ерөө сум. Булагийн даваа
Салхи урдаас бас хажуунаас жишүү үлээнэ. Хуй эргэлдэн үе үе шороо н шуурга шуурна. Нялайтал салхинд цохиулсан ч бид хоёр зогсолтгүй урагшилсаар Харниковын даваа (нэрийг нь хүнээс сонссон дуудлагаар бичив)-ны өвөрт 14.00 цагт цай чанаж, үдийн хоол хийж идэв.
Тодруулга: Энэ давааны нэрний талаархи мэдээллийг 2024 оны 9 сард "олсон" болно. Бараг л энэ хүний нэрээр тэр давааг нутгынхан нэрлэсэн болов уу. Нэр нь гадаад учраас дуудлага нь он цагын эрхэнд хувирч өөрчлөгдсөн бололтой.
Ерөө сумын төв Корнаковка тосгонд төвхнөж байсныг нутгийнхан бараг бүгдээрээ мэднэ. Тосгоныг үүсгэн байгуулагчдын нэг Корнакова овогт орос эмэгтэйн тухай настангууд гадарладаг биз ээ. Ерөө сумын 100 жилийн ойгоор Августа Дмитриевна Корнакова хэмээх эрхэм хүмүүнийг эс дурсваас алдас болохын учир хувь тавилангийнх нь баялаг мөртөө бас адармаатай зузаан номын хуудсыг хамтдаа эргүүлье.
Эх сурвалж:http: //baabar.mn/author/batbayar

Тэр эрчээрээ даваагаа даваж уруудан уулын хормой ороох замаар салхи сөрөн жийсээр Ерөө суманд 16.50 цагт ирлээ.

Зураг 13. Сэлэнгэ аймаг. Ерөө сум. Харниковын давааны замд
Бугантаас гарахын өмнө дүү маань Сүхбаатар хот хүртэл нэг өдөрт жийчих юмсан гээд надад хэлж байсан. Би тоймтой хариу хэлэлгүй дүйвүүлээд өнгөрч билээ. Харин одоо дүүгийнхээ биеийн бэлтгэл, дугуй унах мундаг чадварыг харсан болохоор шууд СБ хот руу жийхээр шийдэв. Ерөө сумаас гарч төмөр замын гарам нэвтрэн Хүдэр чиглэлийн засмал замд орлоо. Өгсөж уруудан салхитай байлдан жийсээр 20.40 цагт Сэлэнгэ чиглэлийн төв засмалтай нийлэв. Хоол идэж нэг цаг амраад гэрлээ асаан СБ хотын зүг гарав. Ц.Наранхүү андын өгсөн гэрэл ёстой л аминд оров. Бид хоёр дундаа ганц гэрэлтэй Арангатын даваа өгсөж уруудав.

Тужийн нарсны хаяа руу өгсөх зам дээр Сэлэнгэ аймгийн дугуйчин хоёр залуу автомашинтай тосож ирэв. Та нартаа маш их баярлалаа. Араасаа хамгаалуулан баяр баясалтай, гэрэл гэгээтэй жийсээр 00.00 цагт СБ хотод ирж аялал маш амжилттай дуусав. Энэ өдөр бид хоёр 160 км (50% нь шороон зам) жийжээ.

Аяллын нийт зай 272 км. Замын ангилал 3В. Группийн гишүүн Б.Төмөр Очир (026) андын гэрт сайхан амарч байна. Маргааш өглөөний галт тэргэнд сууж УБ хот руу явна.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Гантуяа Э.Ожго
Б.Гантуяа
  • 1099 км дутуу
  • 160 км
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!