Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Уулын оройн ой мод цасан будангаар гоёосон час хийсэн тунгалаг өглөө боллоо. Бид 9.15 цагт аяллаа эхлэв. Яг халз урдаас нэвт үлээн хийсгэн алдах хүчтэй салхи сөрөн манай цуваа зогсолтгүй (14 км/цаг) урагшилна. Араас хашир хоёр гишүүн биднийг "хөөж" нэг нь Жигжид, нөгөө нь Хандгайт дээр цуваанд нийлэв. Манай баг 20 дугуйчинтай. Аялалд анх удаа 3 шинэ гишүүн оролцлоо.
Хандгайтын амнаас Баруун голын хөндий рүү даваж орох давааны замаар ой модон дундуур өгслөө. Замын байдал шалчиг балчиг мөн шилмүүсээр хучигдсан зам дэндүү зөөлөн, хойд дугуй хагарчихсан мэт дороос чангаана. Таталт хийн уужим амсхийгээд дахин өгсөв.
Дугуйгаа түрлээ, нэг гишүүн маань жийсээр байгаад огцом эвгүй хоёр огцомыг даваж даваан дээр гарлаа. Буцаж бууж ирээд давааны орой нэвт салхитай байгаа мэдээ хүргэв. Давааны оройгоос 150 м орчим нөмөр, нарлаг энгэрт амарч, үдийн хоол идэв. 13.00 цаг болж байлаа. Дурсгалын зураг татуулан даваа өөд жийлээ. Даваан дээр сайхан зураг даруулаад уулын энгэр дагуух замаар уруудав, огцомхон бас нэг хяр давлаа. Уулын ар хэсгийн ой мод дундуурхи зам цастай, зарим газраа дошин гүйж мөстсөн байв. Чулуу ч ихтэй юм. Хоржигнон урсах уулын горхи дагасан бүдэг замаар болгоомжтой уруудан Баруун голын эхээр гатлан хойд дэнж дээр амарлаа. Салхи харин энэ удаа араас "түлхэв". Ёстой л дондог замаараа орлоо доо. Том чулуу, шавар ус, овон товон, жижиг дов бүхий шар өвстэй замаар "дотор эрхтэнүүдийнхээ байрлалыг солин" жийлээ. Сүүлдээ гарын буглага чилж, дөрөөн дээр дарах даралтаас болж хөлийн булчин чилнэ. Хоёр удаа таталт хийгээд манай баг Баруун голыг мөсөн гармаар гаталж Бурхант хошуу орлоо. Зам харьцангуй цагаан болж залуус жийрийтэл жийж "Еэвэн"-гийн дэлгүүр рүү "буудав". Дэлгүүр хаалттай байв. Хадатын дэлгүүр рүү очино доо гээд манайхан цовоо л байна. Эндээс хотод байгаа гэртээ ойрхон тул Улиастай ам уруудан Шархад руу 5 дугуйчин жийх болов. Болгоомжтой сайн явахыг ерөөн үдээд, 14 дугуйчин Хадатын хяр луу салхи сөрөн өгслөө. Манайхан үнэхээр бахархамаар махийсан даа. Дунд нь таталт хийсэнгүй. Нэг цаг 30 минут зүтгээд орой дээр гарав. Хадатаас болгоомжтой уруудан дэлгүүр дээр ирж амсхийлээ. Бөөндөө засмалаар нисэх мэт уруудан жийсээр УБ хотод 18.30 цагт ирж аялал амжилттай дуусав. Аяллын зай 74 км. Замын ангилал 2В. Аяллын шороон замын бараг 80% нь маш хүнд, бэрх байсныг онцлон тэмдэглэе. Энэ аяллаар Хөх тэмдэгтэй нэг гишүүн "төрлөө". Анхны аялалдаа амжилттай оролцсон гишүүн Г.Майдар Очир, Ж.Баатарсүрэн, Э.Ууганбаяр, аяллын явцын гэрэл зургийг авсан Ногоон тэмдэгтэй гишүүн Д.Мөнхнаст (088), цуваа цоожлон аюулгүй байдлыг хангасан Улбар шар тэмдэгтэй гишүүн Ж.Мажигсүрэн (036), аялагч гишүүн болж хувийн дугаар авсан Д.Ганзориг (199), Б.Батсайхан (200), Д.Ганболд (201) нар болон багийн нийт анд нартаа халуун талархал хүргье. Зүгээр л жий.