Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Жил бүрийн 4 сарын сүүлийн 7 хоногийн Бямба, Ням гаригт Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хөх Чулууны голын эх, Баянгийн сарьдагийн өвөрт орших түүх, соёлын дурсгалт Гүнжийн сүмийн чиглэлд хоногийн аялал зохиодог юм.
4 сарын 26 өдөр, Баасан гариг
Улаан шуурга дэгдсэн хаврын бүрхэг өдөр хотоос бид гарлаа. Салхи баруун зүгээс үлээж, араас "түлхэнэ". Группийн гишүүн Ч.Мажигсүрэн (036), Г.Түвшинтөгс (067), Э.Уянга (074) нар Дүнжингараваас гарган өгч, гишүүн С.Гарьд (115), Н.Баасансүрэн (143) нар Гацуурт суурин хүртэл хамт жийгээд (40 км) амжилт ерөөн үлдлээ. Манай баг 4 гишүүнтэй, энэ өдрийн зорилго хотын төвөөс 45 км жийж Хоёр даваа даван, Шилжрээнгийн даваа дээр отоглон хонох байлаа.
Ачаатай дугуй аргагүй л ачааны автомашин мэт пүн пүн дуугарч, шороо бужигнуулан, замын чулууг "өшигчих" нь сүртэй. Гэхдээ л яахан "шалдан" дугуй шиг гар, хөлийн аясаар ухасхийж чадах билээ. Их хуандий ам өгсөн салхинд туугдан өгссөөр ... Хоёр давааны бэлд ирээд шууд л түрлээ. Гэхдээ "шинэ зам"-аар ой дундуур зүтгэн гарав. Даваа уруудах замд дугуйнууд бага зэрэг жолоо булаах, сул тавивал солир мэт сүнгэнэхэд бэлэн байсан. Хошуугаа ороон Шилжрээнгийн даваа руу жийлээ. Манай залуус харин жийсээр байгаад даваа дээр гарлаа. Бид дугуй, ачаандаа бага багаар дассаар л байна даа.
Аялал эхлээд 5 цаг болсны дараа ийнхүү отоглов. Бидний араас оройхон гарсан гишүүн Н.Даваасамбуу (134) шөнө болсон тул маш зөв шийдвэр гаргаж хот руу (60 км) буцаж байгаа мэдээг бидэнд утсаар хэлэв.
4 сарын 27 өдөр, Бямба гариг
Тэнгэр бүрхэг боловч тогтуун өглөө болов. Салхины чиг өөрчлөгдсөнгүй. Өглөө манай баг 9.50 цагт даваа уруудан (бас л "шинэ" замаар уруудсан) Тэрэлжид ирлээ. Үндсэн багынхан ирчихсэн байв. Дэлгүүр орж ус унд, хүнсээ базаан 11.00 цагт 7 дугуйчин хөдлөв.
4 сарын 28 өдөр, Ням гариг
Уулын "мөсөн" Гялалзахын голын дэнж дээр хоносон болоод ч тэр үү хүйтэн шөнө болжээ. Өглөө хяруу унасан байв. Тэнгэр цэлмэг, бөртийх ч үүлгүй байв. Салхи харин нөгөө л чиглэлээс үлээнэ. Эртлэн босож цай хоол хийж, ачаа бараагаа баглан, дурсгалын зургаа татуулан 10.30 цагт отогоос хөдлөв. Салхиа ч сөрлөө дөө. Буцах чиглэл алсдаа уруу тул эрчээ авсан ачаатай дугуй газрын уруу харин ч нэг сайн "шарика"-даж хурдаа харьцангуйгаар хадгалж байсан. Ачаатай дугуйны ачаар Баруун Баян голын хөндийг 40 минутанд эвхчихлээ. Туул голын хөндийд орлоо. Салхи улам л хүчтэй байв. Хамтын хүч хэрэглэв. Тэрэлж голын хөндийд орж чиглэл өөрчлөгдсөн ч салхи мөн л урдаас үлээнэ. Шамдуухан махийсаар 14.30 цагт Тэрэлж дээр ирэв.
Горхийн даваа даван засмал замаар "нисэн" уруудаж, Туул голын гүүр хүртэл 33-36 км/цагын хурд барин атгасан шагай шиг хамтдаа жийлээ. Бороо шивэрч байв. Салхи баруун урдаас үлээнэ. Засмал замаас салан Туул голын хөндий рүү орох үед бороо зогслоо. Голын хойд эрэг барин дэндүү танил чиглэлийн шороо, чулуу, элстэй замаар тачигнуулан жийсээр Гацуурт сууринд 18.30 цагт ирсэн билээ. Энд амарч хуушуурдаж, cola-даад, улмаар Дүнжингаравын талбайд 20.00 цагт ирж аялал маш амжилттай дууслаа. Аяллын нийт зай 205 км. Замын ангилал 2В.
Аяллыг автомашинтай дэмжсэн, мөн аяллын явцын зураг бичлэг хийсэн гишүүн Ч.Мажигсүрэн (036), Э.Уянга (074) нар, УБ хотоос гарган өгсөн гишүүд, Тэрэлж дээр угтаж (130 км) УБ хот руу хамтдаа аялсан гишүүд, УБ хотод угтсан анд та нартаа гүн талархал илэрхийлье. Та нар бүгдээрээ манай баг тул энэ аялалд 14 аялагч оролцжээ. Мөн хоёр гишүүн энэ аяллаар аялагчийн Хөх тэмдгийн болзол хангасан болно.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
С.Гарьд | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2500 км |
Н.Төгөлдөр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2449 км |
А.Энхжин | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1456 км |