Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Товолсон газраа уулзан 9.05 цагт аялал эхэллээ. Автомашины замаар 2-3 эгнээ болон жигд хурдаар жийж 9.30 цагт Жигжидийн уулзвар дээр ирлээ. Манай баг 32 аялагчтай байв.
Группийн аялагчийн "Умард Өмнөд" ногоон, "Өрнөд Дорнод" хөх, "Умард хязгаар" шар тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулах сайхан мөч тохиолоо. Бие биедээ баяр хүргэж, зураг хөргөө татуулаад Санзай чиглэл рүү гарлаа. Сэлбийн голын амралт, явган аяллын бүсэд 10.30 цагт ирээд нягт хатуу цастай замаар Харгана руу өгслөө. Замд, унадаг дугуйтай жийхийн аргагүй 2-3 мөсөн тошин дээгүүр алхаж гарлаа. Итгэлтэй жийж байгалийн сайхныг бахадсаар Харгана дээр 11,30 цагт ирэв. Салхи үгүй, тэнгэр цэлмэг цаанаа л хүн бүрийн сэтгэлд нийцсэн өдөр байв. Түүдэг асааж, өдрийн хоолоо идэв. Мөн тогоонд сүүтэй борцтой цай чанаж тааваараа 2 цаг амраад 13.30 цагт уруудлаа. Зам харин ялбайгаад эхэлсэн байв. Уг нь өглөөгүүр өгсөж байхад "өтгөн, шингэн" нь яг сайхан таарч байсан юм. Хаврын тэнгэр гэж ийм л байдаг даа. Шөнөдөө мөсөн дош болох нь ойлгомжтой. Манайхан ч сүнгэнэтэл жийсээр УБ хотод 15.00 цагийн үед ирсэн болно. Аяллын зай 70 км. Замын ангилал 1В.Группийн аялалд анх удаа оролцсон гишүүн Д.Ганзориг, аялагч гишүүн болсон Х.Гантулга (188), С.Эрдэнэ (189) нар болон өнөөдрийн аяллын зураг дарж, бичлэг хийн завгүй аялсан гишүүн С.Бадрал (177), цувааг цоожлон аюулгүй аялах боломжоор хангасан улбар шар тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055) багийн нийт хамт олондоо талархал дэвшүүлье. Аяллын явцын зургийг аялагч гишүүн Ц.Энхбаяр (158) авсан болно. Бид өнөөдөр маш сайхан аяллаа.