Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Утаатайхан Улаанбаатарын зүүн хойд талын дэнж дээр цуглан, аялал 10.15 цагт эхлэв. Манай баг нийт 34 аялагчтай байв. Биднийг гишүүн П.Чинболд (025) автомашинтай, Э.Уянга (074) унадаг дугуйтай гарган өгч амжилт хүсэн ерөөлөө.
Улиастайн голын баруун дэнж өвөрлөн жийсээр эхний амсхийлтийг Хар толгойн энгэрт хийв. Манай баг хамтдаа зургаа авахуулаад нэг гишүүн (20 км) хотод ажилтай тул буцлаа. Туршлагатай толгойн сэргийлэгч аялагч гишүүн Э.Батуух (014) дугуйчин явсан тул толгойн групп хаана амсхийлт, амралт хийхээ сайн мэдэж байлаа. Замдаа хоёрын зэрэг халиа гарлаа. Ганц нэгээрээ халтирч харагдана билээ. Салхи ар талаас үлээж байсан тул нэлээд халууцах маягтай жийж явсан. Зам харин ч нэг хараараа, яг л хаврын нэг нарлаг өдөр мэт шороо бужигнаж байв.
Аялал үргэлжилж Бурхант хошуу дээр 12.30 цагт очлоо. Үдийн хоол цай идэж амраад, Бурхант хошууны энгэрт зургаа авахуулаад хөдөллөө. Тэгтэл бас нэг гишүүн маань хотоос хоцронхон гараад бидний араас жийсээр хүрээд ирдэг байгаа. Салхины өөдөөс бөөндүү жийсээр Улиастайн гол гарч зүүн талын дэнж даган уруудлаа. Залуус маань бөөндөө шороо манаруурлан жийсээр алсарч байв. Улиастайн гудамж, төв зам, Амгалан хүрч Дүнжингаравын замаар 17-20 км цагийн хурд барьж 3 эгнээгээр жийсээр 15.40 цагт аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 64 км. Замын ангилал 1В. Аяллын цувааг найдвартай цоожилж аялсан хөх тэмдэгтэй гишүүн Ц.Наранхүү (069), аяллын зургийг авсан улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036), бичлэг хийж аялсан аялагч гишүүн С.Бадрал (177), цувааны салхийг хагалан толгойд гялалзтал жийсэн ногоон тэмдэгтэй гишүүн Г.Түвшинтөгс (067), Л.Батболд (150) болон багийн нийт анд нар, бидэнтэй анхны аяллаа хийсэн шинэ гишүүн Г.Бүрэнтөгс, Т.Буянбаатар, С.Эрдэнэ, Х.Гантулга, С.Эрдэнэжаргал нарт талархал дэвшүүлье.